Польшийн консерватив үзэлтэй, католик шашинтнуудын "Эв санааны нэгдэл"-ийн төлөөлөгчид тус улсад үр хөндөлтийг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш эмгэгтэй хүүхэд төрүүлэхээс өөр аргагүй байдалд орсон жирэмсэн эмэгтэйчүүдийг дэмжих тусгай газрууд бий болгох санал гаргажээ. Консерватив үзэлтнүүдийн үзэж буйгаар, тэдгээр тусгай газруудын дотор “Уйлах өрөө” багтах бөгөөд тэнд жирэмсэн эхчүүд уйлж, шаардлагатай тусламж авч, цаашид юу хийх талаар зөвлөгөө авах боломжтой болох аж.
Үр хөндөлтийг хориглосон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа консервативчууд уг саналаа тусгасан хуулийн төслөө Хууль зүйн яамандаа танилцуулжээ. Польшийн үр хөндөлтийн тухай хууль нь Европ дахь хамгийн “харгис” хуулиудын нэг юм.
Тус улсын Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр "Үр тогтсон цагаас хойш хүний амьд явах эрхийг Польшийн Үндсэн хуулиар баталгаажуулна” гэсэн шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, жирэмслэлт эхийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар бол, жирэмслэлт хүчингийн гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас үүссэн бол албан ёсоор үр хөндүүлэхийг зөвшөөрчээ. Харин дауны синдром зэрэг өвчин Польшид үр хөндүүлэх шалтгаан байхаа больсон байна.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг танилцуулсны дараа Польшийн олон хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дахин эхэлсэн билээ.
Эх сурвалж: HEALTHY.24
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ