Цар тахал хэзээ дуусч, бид энгийн амьдралдаа хэзээ орох вэ? гэдэг асуултын хариултыг “Covid-19” тахал өнгөрсөн жилээс дэлхий дахиныг нөмөрснөөс хойш хүн бүхэн мэдэхийг хүсч байгаа билээ. Үүний хариултыг “Bloomberg” вакцинжуулалтын үзүүлэлтээр тодорхойлжээ.
“Bloomberg” агентлаг дэлхий даяар хийгдэж буй Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтын хамгийн том мэдээллийн санг бий болгосон бөгөөд дэлхийн хэмжээнд сүүлийн мэдээллээр 119 сая гаруй тун вакцин тарьсан байна. Энтони Фаучи тэргүүтэй Америкийн мэргэжилтнүүдийн хувьд хүн амын 70-85 хувийг дархлаажуулсан тохиолдолд улс орон хэвийн амьдралдаа орно гэж үзэж байгаа юм. “Bloomberg”-ийн “Vaccine Tracker” мэдээллийн сангийн мэдээлж буйгаар, зарим улс орнууд хүн амынхаа 75 хувийг дархлаажуулах зорилт тавьж, бусдаасаа хавьгүй хурдан хугацаанд хүн амаа вакцинжуулж байна.
Вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй Израилд хоёрхон сарын дотор хүн амынхаа 75 хувийг вакцинжуулахыг эрмэлзэж байгаа бол АНУ-ын хувьд энэ оны сүүлээр дээрх үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна. Барууны чинээлэг орнууд дэлхийн бусад улстай харьцуулахад хүн амаа илүү хурдан хугацаанд дархлаажуулж байгаа энэ үед вакцинжуулалт одоогийн хурдаараа үргэлжилбэл дэлхий дахин долоон жилийн дараа хэвийн гольдрилдоо эргэн орох төлөвтэй байна гэж “Bloomberg” тооцоолжээ.
ДЭМБ-аас мэдээлснээр, нийт вакцинжуулалтын дөрөвний гурав нь дэлхийн ДНБ-ий 60 орчим хувь төвлөрдөг 10 орчим оронд төвлөрч байна. Түүнчлэн нийт 2.5 тэрбум хүн амтай 130 орчим улс орон вакцины эхний тунгаа ч аваагүй байгаа аж.
“Bloomberg”-ийн энэхүү тооцооллыг вакцинжуулалтын одоогийн түвшнийг харгалзан гаргаж байгаа бөгөөд энэ нь бүх хүн амыг бус хүн амын 75 хувийг вакцинжуулахад шаардлагатай хугацаа ажээ. Түүнчлэн вакцинжуулалтын эхэн үеийн үзүүлэлтүүдэд тулгуурлаж байгаа тул энэ хугацаа өөрчлөгдөх боломжтойг онцолсон байна. Тухайлбал, цаг уурын нөхцөл байдал, вакцины түгээлт тээвэрлэлтийн явцад саатал гарах зэрэг хүртэл вакцинжуулалтын ажилд саад болж, хугацааг сунгаж байгаа юм. Мөн вакцинуудын тоо нэмэгдэх тусам вакцинжуулалтын хурд нэмэгдэх төлөвтэй байна. “Bloomberg”-ийн мэдээллээр, улс орнууд 8.5 тэрбум тун вакцин авах 100 гаруй гэрээ байгуулжээ. Мөн дэлхийн улсуудын дөнгөж гуравны нэг нь вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн байна.
Сүргийн дархлаа тогтоох
Вакцин Сovid-19-өөс хэдхэн долоо хоногийн турш хамгаална. Тиймээс хүн амын цөөн хэсгийг вакцинжуулсан тохиолдолд вирус тархсан хэвээр байх юм. Иймд аль болох олон хүнийг зэрэг дархлаажуулж байж халдвар тархах эрсдэл буурах бөгөөд үүнийг сүргийн дархлаа гэж нэрлэдэг.
Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл, сүргийн дархлаа хэзээ тогтох талаар харилцан адилгүй тайлбарууд бий. Иймээс хичнээн хүнийг дархлаажуулсан тохиолдолд халдварын тархалтын хурдад нөлөөлөх хэмжээний үр дүнд хүрэх вэ? Сүргийн дархлааг хүн амын 75 хувийг бүрэн дархлаажуулсан тохиолдолд тогтож эхэлдэг гэж зарим судлаач тооцоолж байна. Харин өөр судлаачдын хувьд хүн амд халдвар өргөн хүрээгээр тархахаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх хэмээн тайлбарлаж байна. Жишээлбэл, вакцинжуулалтад хамрагдаагүй хэсэг бүлэг хүмүүсийн дунд улаан бурхан тархсан тохиолдолд сүргийн дархлаа орон даяар тархахаас урьдчилан сэргийлэх юм.
“Bloomberg”-ийн тооцоолол
Одоогийн байдлаар хэрэглэж буй вакцинуудын хувьд хоёр тунг хийлгэснээр бүрэн дархлаажуулж байгаа юм. “Bloomberg”-ийн тооцооллыг ч мөн нэг хүнд хоёр тун вакцин хийх тооцоонд үндэслэн гаргаж байгаа аж. Харин “Johnson & Johnson” компанийн вакцины хувьд эмнэлзүйн өргөн хүрээг хамарсан туршилтаар нэг тун вакцин хийхэд нааштай үр дүн үзүүлсэн юм. Иймээс уг вакциныг хэрэглэхийг зөвшөөрвөл улс орнуудад шаардлагатай вакцинуудын тунгийн үзүүлэлтийг өөрчлөх хэрэгтэй болно.
Одоогийн байдлаар Сovid-19-ийн ямар ч вакциныг хүүхдүүдэд тарихыг зөвшөөрөөгүй байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж байна. Харин “Bloomberg”-ийн тооцоололд хүүхдүүдийг вакцин хийлгэх ёстой хүн амын тоонд оруулжээ. Мөн Сovid-19-өөр халдварлаад, эдгэрсний дараа хүний биед хэдий хугацаанд дархлаа үүсдэг тухай мэдээлэл дутмаг байгаа тул энэ талаарх тооцоог оруулаагүй байна. Мэргэжилтнүүдийн хувьд уг өвчнөөр халдварлаж байсан хүмүүст вакцин хийлгэхийг зөвлөж байгаа юм.
“Bloomberg”-ийн “Covid-19 Tracker” мэдээллийн сан нь 73 улс орон болон АНУ-ын муж улс, нутаг дэвсгэрүүдийн вакцинжуулалтын дундаж үзүүлэлтэд тулгуурлан урьдчилсан таамаглалаа өдөр тутам шинэчилж байна. Харин дархлаажуулалтын хөтөлбөрөө дөнгөж эхлүүлж байгаа юм уу, вакцинжуулалтын талаарх мэдээллээ тогтмол өгдөггүй улс орнуудыг хамруулж амжаагүй байж магадгүй аж.
Эх сурвалж: BLOOMBERG