“PCR шинжилгээ өгснөөс хойш бараг 72 цаг болох гэж байна. Гэтэл хариу нь гардаггүй. Яаралтай хөдөө явах ажилтай байдаг. Яах ёстой юм бэ” гэж дотоодод Covid-19 гарсан цагаас эхлэн иргэд бухимдах болсон. Гэтэл Төрийн ордонд илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу гуравхан цагийн дотор гарч байгаа нь "Ордонд өгсөн шинжилгээний хариу гурван цагт, цэгт өгвөл 48 цагийн дотор гарах гэж үү" гэсэн асуултыг дагуулсан. Мөн ялгаварлан гадуурхалгүй, шуурхай үйлчилбэл ямар олон хүний цаг зав, ажил төрлийг цалгардуулахгүй ажиллах боломжтойг харуулсан.
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход цөөн хоног үлджээ. Энэ жилийн Цагаан сар цар тахлын халдвар эрчимтэй тархсан үед тохиож буйгаараа онцлог гэж хэлж болно. Халдварын тархалт өдөр бүр нэмэгдэж байгаа тул Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс 23-нд хатуу хөл хорио тогтоохоор болсон. Харин үүнээс өмнө буюу энэ сарын 9-нөөс өмнө Улаанбаатараас орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэх юм.
Одоогоор нутаг буцах хүсэлтэй 10 мянган иргэн байгаа юм. Үүнтэй зэрэгцээд шинжилгээний хариу цагтаа гарахгүй бол яах вэ гэсэн асуулт урган гарч байна. Хэрэв урьдын жишгээр ажиллавал орон нутгийг зорихоор ажил төрлөө зохицуулсан иргэд шинжилгээний хариугаа хүлээсээр байтал хатуу хөл хорионд орохоор байгаа юм.
Мөн хатуу хөл хорионы өдрүүдэд нэг ч өдөр алгасалгүй ажиллаж, 420 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Одоогоор өдөрт 10-15 мянган хүнд Covid-19-ийн шинжилгээ хийж байгаа тул энэ тоо хэт хийсвэр, боломжгүй мэт сонсогдож буй юм. Гэхдээ боломж бүрийг маш сайн ашиглавал үүнийг хэрэгжүүлэх боломжтой аж.
Улаанбаатар хотод дөрвөн төв лаборатори, зургаан дүүрэгт PCR-ийн оношилгооны лаборатори байгуулсан бөгөөд нэмэлтээр хөдөө орон нутагт суурилуулах гэж байсан аппаратуудыг татан авч буй юм байна. Ингэж бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 42 мянган өрхийн шинжилгээг төвөггүй авах боломжтой гэж үзжээ. Харин шинжилгээний хариу чухам хэзээ гарах нь асуулт болон үлдэж байна.
Одоогоор шинжилгээний хариу 24-48 цагт гарч байгаа нь олон зүйлээс шалтгаалдаг юм билээ. Түүний нэг нь, шинжилгээ авах цэгүүдэд хуримтлагдсан сорьцыг шинжилгээ авсан тухайн өдрийнхөө орой нь лабораториуд руу хүргэж өгдөгтэй холбоотой аж.
Хэрэв сорьцыг тэр даруй лабораторид хүргэвэл гурван цагийн дараа хариу нь гарах боломжтой гэсэн үг. Тиймээс одоогоор Улаанбаатарт шинжилгээ авч байгаа 30 цэгийн сорьцыг тэр даруй биш юм гэхэд цаг тутамд лабораториуд руу тээвэрлээд байвал гурван цагийн дараа биш юм гэхэд тухайн өдөртөө багтаад шинжилгээний хариу нь гарах боломжтой.
Мөн цар тахлын энэ хүнд үед шинжилгээ авах цэгүүд 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж буй бөгөөд шинжилгээ авах цэг болон лабораториудыг уртасгасан цагаар ажиллуулах шаардлагатай байгаа юм. Ингэснээр шинжилгээ өгөх гэж иргэд урт дараалал үүсгэж, даарч зогсохгүй байх боломж бүрдэнэ.
Дээрх боломжийг харсан Шадар сайд С.Амарсайхан шинжилгээг өдөрт гаргах үүргийг Эрүүл мэндийн сайдад өгсөн. Одоо Эрүүл мэндийн шинэ сайд С.Энхболд салбараа хэрхэн удирдаж, Шадар сайдын үүргийг хэрхэн хэрэгжүүлэхийг харах, шаардах л үлдлээ.
Өдөр бүр, алхам тутамдаа халдвар авах эрсдэлтэй тулгарч байгаа энэ үед шинжилгээний хариу нь өдөртөө гараад байвал өөрийгөө халдвар авсан эсэхийг мэдэж, бусдыг эрсдэлээс хамгаалах зэрэг олон давуу тал бий болох юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ