Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрчим Хүчний Сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар өчигдөр (2021.02.08) “Тавантолгой түлш” ХХК-д дээр ажиллав.
Тус компанийн захирал М.Ганбаатар албаныханд шахмал түлшний үйлдвэрлэл, түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ ямар байгаа талаар товч танилцуулга өгсөн юм. М.Ганбаатар захирал "Монгол Улсын хатуу түлшний стандартад зааснаар сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ 1 бүхэл байх ёстой бол “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан сайн түлшинд агуулагдах хүхрийн агууламж 0,8-0,96 миллграмм буюу стандартад нийцэж байна. Үүнд хяналтын чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд хяналт тавин ажилладаг" гэв.
“Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар, агаар дахь хүхрийн 70 гаруй хувь цахилгаан станц, 27-28 хувь автомашин, уурын зуух, 7-8 хувь гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоожээ. 2020 оны байдлаар Улаанбаатар хотод 6,6 сая тонн хатуу түлш буюу нүүрс орж ирснээс 6 сая тонныг нь зөвхөн цахилгаан станцад хэрэглэж байгаа аж. Мөн өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган автомашины 65 хувь нь арваас дээш жилийн насжилттай хөгшин тээврийн хэрэгсэл. Энэ нь агаар дахь хүхрийн агууламжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгааг салбарын сайд онцолж байлаа.
Шадар сайд С.Амарсайхан "Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байсныг олон нийт мартсан байна. Тэр цаг үеийг шийдвэрлэж, даван туулахын тулд баруун бүсийн үйлдвэрийг дэд бүтцээ дагаж энд байгуулсан. Өнөөдөр энэ үйлдвэр түүхэн үүргээ гүйцэтгэсэн байна. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь орчны бохирдлыг үүсгэсэн байна. Тиймээс Налайхад барьсан шинэ үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлж, баруун бүсийн үйлдвэрийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ. Бид өвлийн ид хүйтнийг даван тууллаа. Тиймээс нүүлгэх ажлыг ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна, ажлын хэсэг байгуулна. Харин танай хамт олон нүүх бэлтгэл ажлыг сайн зохион байгуулж, нүүх хүртэлх хугацаанд орчны бохирдлыг бууруулах тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй" гэв.
Ч.БАЯР
Холбоотой мэдээ