Цагаан сар дөхөж, үсчний газраар үйлчлүүлэгчид нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

Цагаан сар дөхөж, үсчний газраар үйлчлүүлэгчид нэмэгджээ

Цагаан сар дөхөж, үсчний газраар үйлчлүүлэгчид нэмэгджээ

Хатуу хөл хорионы уршгаар хувийн хэвшлүүд ажиллах боломжгүй болж, эдийн засаг хүндэрч буй. Тиймдээ ч нэгдүгээр сарын 23-наас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан үсчин, гоо сайхан, бүх төрлийн худалдааны төвүүд хэвийн ажиллаж эхэлсэн. Үйл ажиллагаа нь нээгдээд удаагүй байгууллагууд ямар ч ашиггүй байгааг ч хэлж байна. Ялангуяа үсчин, гоо сайханчид хүний хүслэн болж байгаа гэхэд хилсдэхгүй. Үсчин нээгдэхээс өмнө хоёр сар гэртээ бүгсэн иргэд үйлчилгээ нээгдсэн эхний өдрүүдэд бөөгнөрөл үүсгэж, дугаарлан үйлчлүүлжээ. Улмаар нэгдүгээр сарын 26-нд Эрүүл мэндийн яамнаас “Гэрээр үсээ засуулсан гурван хүнээс Covid-19 илэрсэн” гэж мэдээлснээс хойш хүмүүс үйлчлүүлэхээ больсон байна.  

Монголчууд цагаан сараар өнгө зүс сайхан шинэлэхийг эрхэмлэдэг учраас эдгээр өдрүүдэд үсчний газраар үйлчлүүлэх хүмүүс эргээд нэмэгджээ.

Баянгол дүүрэг, гуравдугаар хорооллын эцэст байрлах үсчний газраар өчигдөр (2021.02.07) 13.00 цагийн үед ороход ажилчдаас нь өөр холхих хүнгүй хоосон шахуу байлаа. “Ямар үйлчилгээ авах вэ” гэсээр жирэмсэн эмэгтэй халуун хэмжигч барин угтав. Хаалган дээрээ бүртгэлийн QR код наасан учраас утсаараа уншуулахыг ч мөн сануулж байлаа. Өрөөний жижигхэн цонхsг онгойлгосныг харахад агаар сэлгэлт хийж байгаа нь илт байв. Өмнө нь тус үсчинд дөрвөн хүн ажилладаг байсан бол хүн хоорондын 1.5-2 метрийн зай барихын тулд хоёр ээлжид орж ажиллах болсон байна. Түрээсийн төлбөрөө ч түрээслэгчтэйгээ тохирон, уян хатан байхаар зохицуулалт хийжээ. Хоёр үсчин хамгаалалтын нөмрөг, малгай, амны хаалт, хоёр давхар бээлий өмссөн байна. Ийнхүү үйл ажиллагаа нь нээгдсэн байгууллагууд халдвар хамгааллын дэглэм сахих ёстойг бүрэн ухамсарласан нь сайшаалтай.

"ХАЛДВАР АВАХ ВИЙ ГЭСЭН АЙДАСТАЙ БАЙГАА Ч АЖИЛЛАХААС ӨӨР АРГА"

Үүднээс  угтаж авсан жирэмсэн эмэгтэй энэ үсчинд ажиллаад гурван жил болжээ. Хоёр сарын дараа шинэ хүнээ өлгийдөн авна.

Тэрбээр “Хэдэн төгрөг олох чухал. Халдвар авах вий гэсэн айдастай байгаа ч ажиллахаас өөр арга” алга гэв. Өөр нэг үсчин хүүхэн “Таксинд явдаг, зах дээр зогсдог гээд өдрийнхөө орлогоор амь зуудаг иргэдийн амьдрал таг зогсох нь. Орлогогүй учраас хаанаас мөнгө олж, түлээ, нүүрс, хүнсээ авах вэ” хэмээн бухимдангуй хэллээ.

Нийслэл хотын 401 өрхөд арванхоёрдугаар сарын 5-наас 9-ний хооронд хийсэн судалгаагаар өрхийн орлого бүх нийтийн бэлэн байдлын үеэр 40 хувиар буурсан үр дүн гарсан. Үүнээс харахад өдрийн орлогоороо амь зуудаг иргэдийн амьдрал Covid-19 болон хөл хорионы улмаас улам доройтжээ. Өнгөрсөн хугацаанд тогтоосон хөл хорионы үед иргэдийн дуудлагаар гэрт нь очиж үс засдаг үсчид олширсон байна. Азтай нэгэн нь халдвар авалгүй түрийвчээ түнтийлгэжээ (Сурвалжлагын эхэнд халдвар авсан үсчний талаар дурдсан билээ). Байнгын үйлчлүүлэгчдийнх нь зүгээс “Гэрт ирээд, үс засаад өгөөч” гэж дээрх хоёр үсчинд санал болгосон байна.

Биднийг ийнхүү ярилцах зуур өнөөдрийн эхний үйлчлүүлэгчид болох 13 настай гэмээр хүү, дүүгээ дагуулан орж ирэв. Цагаан сар дөхсөн учраас ээж нь үсээ засуулахыг тэдэнд үүрэгдсэн бололтой. Хоёр хүүд гар утас байхгүй учраас үүдний ширээн дээрх цаасан бүртгэлийг хөтлөн үсээ засуулахаар ажилдаа орцгоов. Тэднийг гарсны дараа дараалан гурван эрэгтэй орж ирлээ. Дараа нь настай ээжийнхээ үсийг тайруулж, будуулахаар охин нь дагуулж ирэв. Үйлчилгээний газруудыг нэг хүнд 15 минутад үйлчлэх журам гаргасан. Эрэгтэй хүний үсийг 15 минутад багтаагаад хангалттай засах боломжтой. Харин эмэгтэйчүүд үсээ будуулна, хими, тэжээл хийлгэнэ гээд тооцвол яагаад ч 15 минутад багтахгүй нь ойлгомжтой байв. Ер нь ихэвчлэн эрчүүд л үсчний газруудын гол орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг аж. 

Хэдийгээр Засгийн газраас дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого барьж буй ч сүүлийн өдрүүдэд эх үүсвэр нь тодорхойгүй цар тахал нийслэлд дэгдсэн нь дахин хөл хорионд оруулахад хүргэв. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 11-нээс 23-ныг хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. 

Судалгаагаар “Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны хоёрдугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд халдвар тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна” гэжээ. Хэрэв эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулбал гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл үүсэх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж