Хятадууд Оросын элчинг бүслэсэн (1967.02.08)-ийг БНМАУ эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2021.02.08-нд нийтлэгдсэн

Хятадууд Оросын элчинг бүслэсэн (1967.02.08)-ийг БНМАУ эсэргүүцэв

Хятадууд Оросын элчинг бүслэсэн (1967.02.08)-ийг БНМАУ эсэргүүцэв

News агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1947.02.08 МАХН-ын 11 дүгээр Их хурал хуралдаж, БНМАУ-ын Улсын ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар 5 жилийн төлөвлөгөөг баталж, МАХН-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

1963.02.08-09 БНМАУ-ын АИХ-ын IV дэх удаагийн хурлаар БНМАУ болон БНХАУ-ын хилийн гэрээг батлав.

1967.02.08 БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан хоёрдугаар сарын 5-ны өдөр Зөвлөлтийн Элчин сайдын яамны ажилтныг үдэн гаргах үед Хятадын улаан хамгаалагч нарт бүслэгдсэнд БНМАУ-ын ГЯЯ-аас эрс эсэргүүцэл илэрхийлэв.

1976.02.10 БНМАУ-Ангол улстай дипломат харилцаа тогтоов.

1990.02.08 БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд Ардчилсан социалист хөдөлгөөнөөс улс төрийн шаардлага бүхий Ил захидал илгээв.

2015.02.09 “Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн холбоо”, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, бөөгийн зан үйл хийв.

2016.02.08 Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ шагналаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалт, "Монголын алт" ХХК-ийн хийн бетоны үйлдвэрт тус тус олгов.

2016.02.09 Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

1912.02.12 Манжийн сүүлчийн хаан Пу И ширээнээсээ огцров.

1912.02.13

  • Түр ерөнхийлөгч Сунь Ят Сен хувьсгалынхаа цаашдын үйл ажиллагаанд саад тотгор болж болох хувьсгалчдын дундах зөрчилдөөнийг намжаах зорилгоор ерөнхийлөгчийн албанаас сайн дураараа татгалзаж, Юан Ши Кайд эмхлэн байгуулсан Засгийн газраа хүлээлгэн өгөв.
  • Дундад Иргэн Улсаас “Монголтой харгалзах дүрэм хэмжээ” гэгчийг гаргав. Уг дүрмээр Манжийн үед олгогдсон Монголын ноёдын үе залгамжлах эрх, ямбыг хэвээр үлдээж, цалин пүнлүүг нэмэгдүүлж, онцгой “шударга” лам, ноёдод шагнал олгож байхаар заажээ. Мөн ГМТЗЯЯамыг Монгол Төвдийн хэрэг эрхлэх хороо болгон өөрчилж, Ерөнхийлөгчийн мэдэлд хэвээр үлдээжээ.
  • Оросын ГЯЯ-ны сайд Сазановоос Бээжин дэх өөрийн Элчин  сайд Коростовецид бичиг ирүүлэв. Уг бичигт Бээжин ба Оросын талын хооронд Монголын асуудлаар тохиролцох нөхцөлгүй болсон тул Оросоос шууд Нийслэл Хүрээний Засгийн газартай хэлэлцээр байгуулан Монголын автономитыг батлах хэрэгтэй байгаа тухай дурджээ. Богд хаант Монгол Улсын Бүгд ерөнхийлөн шийтгэх яамыг байгуулж, Ерөнхий сайдаар нь Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг томилов. Сайд Намнансүрэнгийн саналаар зөвлөх сайдад Сэцэн хан Навааннэрэн, дэд сайдаар Жирмийн чуулганы засаг жүн ван Гончигсүрэнг томилохыг Богд хаан зөвшөөрөв. Уг яамыг таван яамны бүрэлдэхүүнтэй байгуулав. Үүнд: Гадаадын хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайдаар Дайчин хошой ван Ханддорж, Дотоодын хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайдаар нь да лам Цэрэнчимэд,Сангийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайдаар нь Түшээт засаг хошой Чин ван Чагдаржав, Цэргийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайдаар нь Эрдэнэдалай жүн ван Гомбосүрэн, Шүүхийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайдаар Эрдэнэ жүн ван Намсрай нарыг томилжээ.
  • Ховдын хязгаарыг Манжийн дарангуйллаас чөлөөлөв. Улиастай, Сайр ус, Ховд зэрэг газруудад байсан Манж амбан, төлөөний түшмэлүүдийг хөөн зайлуулав. Ховд хотыг цэргийн хүчээр чөлөөлсөн бөгөөд цэргийг гүн Хатанбаатар, баргийн хүн Дамдинсүрэн нар толгойлжээ.
  • Богд хаант Монгол Улс (БХМУ)-ын үндэсний төрийн дээд шагнал “Эрдэнийн Очир” одонг бий болгож, тэргүүн, дэд гутгаар гэж ангилав. Тэргүүн зэргийн одонг Чингисийн, дэд зэргийн одонг Автай сайн ханы, гутгаар зэргийн одонг Өндөр гэгээн Занабазарын гэж тус тус нэрлэжээ.
  • Эрхүү хотод Орос-Монголын худалдааны зөвлөгөөн болов. Тус зөвлөгөөнөөр хоёр талын худалдааны гэрээ байгуулагдав.
  • Баруун хязгаарыг чөлөөлөхөд гарамгай гавьяа байгуулсан бээс Магсаржавт төрийн бээл хэргэм, Хатанбаатар цол, гүн Дамдинсүрэнд жүн ван зэрэг, “Номунхан” цол, тамга, Дамбийжаад “Ноён хутагт” цол, Баруун хязгаарын монголчуудыг дагуулан тохинуулах сайд Наваанцэрэн бээсэд Зоригтбаатар цол, жүн ван хэргэм олгож, Ховдын сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг, Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар Зоригт ван Наваанцэрэнг тус тус томилж тамга шагнав.
  • Шүүх яамнаас Манжийн үед хоригдсон хоригдлуудын ялыг хэлтрүүлж, суллах тухай зарлиг гаргав.
  • БХМУ байгуулагдсаныг албан ёсоор мэдэгдсэн бичгийг Оросын Засгийн газарт илгээв. Мөн ийм бичгийг Франц, Англи, Герман, АНУ,  Япон улсын Засгийн газарт илгээв.
  • Монголд хар тамхи худалдаалах, татах, тарихыг цаазлан хориглов.
  • БХМУ-д Өвөрмонголын 49 хошууны 35 нь нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тус тусын төлөөлөгч, элчээ өргөх бичгийн хамт явуулжээ. Эдгээрийн ихэнхийнх нь хүсэлтийг ёсоор болгов.
  • Их хүрээнд язгууртны хүүхдийн сургууль байгуулагдав.
  • В.И. Котвичоор удирдуулсан Оросын эрдэм шинжилгээний экспедиц Төв аймгийн нутаг дахь Түрэгийн Куль-Чур ноёнд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээж, шинжлэх ухааны мэдээллийн эргэлтэд оруулав. Уг дурсгалын өндөр нь 190 см, өргөн нь 61 см, зузаан нь 20 см, гурван талдаа 29 мөр бүхий бичээстэй.
  • Цаннид хамба Агваандорж “Тэнгэр газрыг анх тогтсоноос хаадын эзэлсэн хуучин хөх дэвтэр хэмээх шастир оршив” /Хөх дэвтэр/ гэдэг хорголжин барын номыг Петербург хотноо хэвлүүлэв.
  • Богд хааны зарлигаар Дайчин ван Ханддорж Орос улсаас 22 мянган цөлхөөвөөр заан худалдан авчээ. Уг зааныг 1913 онд нутагтаа авчирсан бөгөөд Монголд долоон жил амьдарсан байна.
  • Богд хаант Монгол Улсын Гаалийн яам хороодыг байгуулж, дүрэм журмыг нь тогтоон ажиллуулав.
  • Юан-Ши-Кайн Засгийн газраас БХМУ-ыг тусгаар тогтнолоосоо татгалзахыг ятгаж бичиг ирүүлэв.
  • Богдын Засгийн газраас “Монголор” нийгэмлэгтэй гэрээ байгуулав.

1946.02.13 БНМАУ Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцов.

1967.02.12 БНМАУ-ын ГЯЯ-аас хийсэн эсэргүүцлийн мэдэгдэлд “БНХАУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яамны үзмэрийн цонхон дээр “Соёлын хувьсгал” зураг тавьсан нь Хятадын Засгийн газраас тус улсыг хүчтэй эсэргүүцэж буйн илрэл мөн гэсэн байна.

1992.02.12 Монгол Улсын хүчин төгөлдөр шинэ Үндсэн хуулийн дагуу улсын нэрийг “Монгол Улс” болгон өөрчлөх Ерөнхийлөгчийн тогтоолыг хүлээн авав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж