Б.Гангаамаа: Миний тамирчны карьер дуусах болоогүй | News.MN

Б.Гангаамаа: Миний тамирчны карьер дуусах болоогүй

Б.Гангаамаа: Миний тамирчны карьер дуусах болоогүй

Б.Гангаамаа: Миний тамирчны карьер дуусах болоогүй

“Seven Summits” буюу дэлхийн долоон ноён оргил болон дэлхийн хамгийн аюултай, авирахад хүнд гэгддэг k2 буюу Чогори уулын оргилд мөрөө гаргасан МУГТ, уулчин Б.Гангаамаатай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Номынхоо нээлтийг хийгээд, завгүй явна уу?

News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Тэглээ, номон дээр нилээн ажиллаж байж саяхан өлгийдөж авлаа. Бараг 2-3 жилийн өмнө л ном бичье гэсэн санаа төрөөд, тухтай бичих зав олдохгүй байлаа. Уг нь эхлүүлчихсэн байсан. Коронавирус гээд 2020 онд гэртээ байгаа дээрээ дуусгалаа. Номын хувьд ерөнхийдөө миний намтар, уулын спортын амжилт, зовлон, жаргалыг багтаасан бүтээл дээ.

-Номынхоо ажилд шамдаад, бичих хобби хөдлөв үү?

-Зохиож бичээгүй, туулсан амьдрал, адал явдлаа бичиж байгаа учир ер нь биччихээр санагдсан. Миний уулын 30 жилийн амьдрал, авиралт ёстой л  кино шиг өнгөрсөн дөө. Энэ бүхнээ буулгаад бичээд суухад сайхан байсан. Магадгүй миний оронд зохиолч хүн байсан бол бүр гоё бичих байсан нь лавтай. Ямар ч байсан хүн ойлгохоор юм бичиж чадна гэдгээ мэдсэн. Мөн редактор маань тун сайн ажилласныг дурдах нь зүйтэй.

-Таны 30 жилийн амжилт, замнал, амьдрал нэг номонд багтахгүй нь мэдээж. Номоо үргэлжлэлж бичих үү?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Хүн нэг ном бичвэл дахиад хийдэг, бичдэг юм гэсэн. “Амола” хэмээх энэ номоо эхлүүлэхдээ ганц л ном бичье гэсэн бодолтой байлаа. Гэхдээ 2021 он хүрээд, миний амьдрал, амжилт зогсохгүй шүү дээ. Дахиад ном гарахыг үгүйсгэхгүй ч хийнэ гэж амлаж чадахгүй. Хийнэ гэж амлахаар ард түмэн нэхээд байдаг юм байна лээ (инээв. сурв).

-Ном бичихийн тулд өөрөө ном их уншсан болов уу?

-Уншина. Хүүхэд байхдаа тэр үеийн романуудыг хашраадаг байлаа. Одоо хүүхдүүдийг ном уншихгүй байна гэж загнадаг бол бидний үеийнхэн хичээлээ хийхгүй ном уншлаа гэж загнуулдаг байв. Ер нь тэр үеийн хүүхдүүд номтой их нөхөрлөдөг байсан. Яагаад гэвэл өөр үзэх, харах юм бага байсантай холбоотой ч юм болов уу. Одоо хүүхэд байх үеэ бодвол арай бага уншаад ч байгаа юм шиг ээ. Гэхдээ яаж ч завгүй байсан жилдээ гурван ном уншдаг шүү. Монголын түүхэн зохиолууд болон уулынхаа төрлийн, танин мэдэхүйн ном зохиолууд унших дуртай.

-Та гадныханд Монголынхоо түүхийн талаар их зүйл ярьдаг биз?

-Манай Монголын түүх их сайхан, сонирхолтой шүү дээ. Гадны олон жуулчин, уулчидтай яриад суухад Монголыг их сонирхдог санагдсан. Кэмп дээрээ орой уулчид тойроод суухад Монгол гэхээр л их юм шалгаана. Хаа байсан Латин Америкт явж байх үед ч Монгол гэхээр “Чингис хаан” гээд нүдээрээ сүрхий олзолж байсныг санаж байна. Гадныханд Монголын түүх, соёл, ард түмэн, байгаль нууцлаг, шинэлэг байдаг байх.

-Уулын оргилд гарахын тулд их судалгаа хийдэг болов уу. Шууд очоод авиралтаа эхлүүлэхгүй байх?

-Тэгэлгүй яах вэ. Уулынхаа тухай, очих гэж буй улсынхаа тухай, хамт авиралт хийх баг хамт олноо судлаад, бэлтгэл ажлаа хангана, их хугацаа зарцуулна. Мөн хөрөнгөө босгоно, бэлтгэл сургуулилалтаа базаана. Том 8000 метртэй ууланд Монголоос гараагаа эхлүүлээд эргээд ирэхэд хоёр сар болдог. Харин уулынхаа кэмп дээр очоод, өндөр авалттайгаа нийлээд дээшээ авираад, буугаад ирэхэд 45-50 хоног болдог юм. Жишээлбэл, Эверестэд 50 хоногийг өнгөрүүллээ гэж бодоход тав хоногт нь л шийдвэрлэх авиралтаа хийдэг. Үлдсэн 45 хоногт бэлтгэл ажлаа хангаж, өндөр авалтаа хийдэг. Өндөртөө дасна гэж 20-иод хоногийн ажил бий. 8000 метрээс дээш өндөр буюу хэт өндөр нь хүний биед сөрөг нөлөөтэй. Тэгээд тохиромжтой цаг агаар хүлээж, кэмпээ байгуулж, олс тавилтаа хийсээр байгаад 40 гаруй хоног болно. Бүх юм бэлэн боллоо гэхэд тав хоногт л оргилын авиралтаа гүйцэтгэнэ.

-16 настайдаа уулынхаа спортоор хичээллэж эхэлж байхдаа ямар мөрөөдөлтэй байв. Одоо мөрөөдөлдөө хүрсэн үү?

-Анх ямар ч уулын спортын тухай анхан шатны мэдэгдэхүүнгүй Отгонтэнгэр хайрханд уулчидтай хамт гарч байлаа. Түүний дараа Чех-Монголын хамтарсан авиралтын хүрээнд дахиж авиралт хийгээд л энэ спортыг сонирхож эхэлсэн. Тухайн үеийн уулчдын амттай яриа, түүхүүдийг сонсоод л хөтлөгдсөн дөө. Эверестийн оргилыг уулын спорттой холбогдсон цагаасаа л мөрөөдсөн.

-Хэзээнээс Seven Summits, K2 гэх зэрэг дэлхийн дээвэр болсон уулсууд руу авирч үзэхийг хүсэв?

-Хүн ер нь анхны амжилтаа гаргаад, цаашдаа өөрийгөө сорихыг хүсдэг юм шиг ээ. Түрүүн хэлсэнчлэн Эверестэд авирах миний хүүхэд насны мөрөөдөл байсан. К2, Seven Summits-ыг хийх бодол толгойд орж ирээгүй байлаа. Анх Эверестэд амжилттай авирч бууж ирээд, “За дараагийнх нь юу вэ? Ер нь Seven Summits-ыг оролдоод үзье” гэж бодсон. Гэхдээ юуны өмнө Денали гээд Seven Summits-ын хамгийн хэцүү хоёр оргилын нэгд нь гарч чадах эсэхээ үзэхийг хүссэн. Тэгээд хүсэл, зорилгодоо хөтлөгдөөд, гурван удаа оролдсоны эцэст гурав дахь оролдлогоороо оргилд нь гарч байв. К2 оргил руу гарах анхны оролдлогоо 2013 онд хийж байлаа. Харамсалтай нь, тодорхой шалтгааны улмаас тухайн үед осол гараад цуцлагдсан юм. Үүний дараа 2018 онд зорьсон хэргээ бүтээж, К2 оргилдоо гарсан.

-К2 оргилыг олон хүний амь насыг авч оддог догшин уул гэдэг юм билээ. Танд айх, эмээх мэдрэмж төрж байв уу?

-Тийм шүү, К2-ыг ер нь хүнд авиралттай гэж ярьдаг. К2 ууланд авирахын тулд 2007 оноос хойш бэлдэж, 2013 онд анхны оролдлогоо хийж байлаа. 2013 оны анхны оролдлогоо хийж байхдаа бага зэргийн айдастай байсан шүү. Гэхдээ хүн айдсаа давж байж л амжилтад хүрдэгийг ухаарсан. 2018 оны хоёр дахь оролдлого дээрээ айдсаа ардаа хийчихсэн, эх орноосоо мордсон. К2 оргилын “Лонхны хүзүү” гээд их аюултай хэсэг бий. Түүнийг давж гарахдаа “За яах вэ, дээшээ гардаг юм байж, үүгээр бууна шүү дээ” гэж бодож байлаа. К2 руу авиралт хийсэн уулчдын ихэнхи нь “Лонхны хүзүү”-нээс доошоо буухдаа осолддог. Ер нь их эгц уул. Алдаа гаргавал шууд доошоо унана. Харин Эверестийн хувьд хоёр болон гуравдугаар степийн хооронд нас барсан уулчдын цогцос их байдаг.

-Уулсын оргил дээр тэр дундаа дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилд гараад төрийнхөө далбааг бариад зогсоход юу бодогддог юм бэ?

-Эверестийн оргилд үүр шөнийн заагаар гарч байсан юм. Ямар ч байсан гарчихлаа гэдгээ мэдэж байсан. Олон юм бодож эморох зав ч гараагүй. Эверестийн оргил чинь их жижигхэн. Хурдхан шиг баталгаажуулах зураг, бичлэгээ хийгээд л буухыг бодно. Араас дараагийн уулчид гарч ирж байгаа тул тэдэнд зай гаргах хэрэгтэй, мөн хүчилтөрөгчийн нөөц дуусч байсан учир цаг агаар муудахаас өмнө түргэн бууж, кэмпдээ хүрэхийг бодсон. Харин буугаад, кэмп дээрээ ирсэн хойно жинхэнэ омогшино шүү дээ. Уулынхаа оргилыг хараад “Би хийчихлээ, чадчихлаа” гэх зэрэг бодлууд төрсөн.

-Та ер нь хэр их шүтлэгтэй хүн бэ?

-Монгол хүн байг гэхэд алсын замд гарахдаа өдөр судар харж, "Аян замын ерөөл", "Хийморийн сан" уншуулдаг шүү дээ. Би ч гэсэн мөн адил. Харин олон улсын багт ороод Төвөд, Непалын ууланд явж байгаа тохиолдолд шийдвэрлэх авиралтын өмнө зохион байгуулагч тал уул аргадах зан үйл хийж, лам ном уншиж, арц хүж уугиулж, багаж хэрэгслээ ариусгадаг. Түүнд ямар ч орны ямар ч шашинтай хүн байсан бүгд хамрагддаг.

-Эцэг, эх тань юу гэж захидаг байв?

-Ээж, аав маань намайг ууланд авирдаг гэдгийг эхэндээ мэдээгүй байсан юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа “Юу хийгээд уул руу яваад байна. Боль” гэж хэлдэг байлаа. Сүүлдээ эвлэрээд, хориглохоо больчихсон. Харин ч ээж маань намайг амжилтгүй яваад ирвэл “Юманд явж байж бүтэлтэй явахад яадаг юм бэ” гэж бүр зэмлэх шахдаг болсон шүү. Намайг зогсоох нь нэгэнт өнгөрсөн гэдгийг мэдсэн хэрэг л дээ.

-Үдээд явуулдаг охин нь Монгол Улсын гавьяат тамирчин цол авч, маркин дээр мөнхөрснийг хараад хэрхэн хүлээж авсан бэ?

-2006 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол авах үед аав маань бурхан болчихсон, ээж минь л байсан. Ээж маань үнэхээр их баярласан. Тэр үед надад хэлсэн ганц үг нь “Аав нь байсан ч болоосой. Хичнээн их охиноороо бахархаж, баярлах байсан бол доо” гэж хэлж байв. Би аавыгаа баярлуулж чадаагүйдээ харамсч явдаг. Харин ээжийгээ амьд ахуй цагт нь амжилтынхаа зах зухаас харуулсан даа баярладаг. Маркны хувьд Seven Summits-аа дуусгаад ирэхэд санал ирж байсан. Би өөрөө маркны тал дээр нэг их мэдлэггүй учир ач холбогдлыг нь сайн ойлгоогүй, за ч гэхгүй үгүй ч гэхгүй яваад л байсан. Жил хагасын дараа буюу 2017 оны сүүлээр марк хийлгэе гэж шийдсэн. Найман оргил, улсынхаа далбааг өргөж буй миний зураг, ард нь Эверест өөд нисч буй хос хун гээд тун сайхан марк болсон. Уулын спортын түүхэнд хоёр дахь нь энэ марк. Анхных нь Р.Зориг гуайн марк гарч байсан түүхтэй.

-Эргээд бодоход айдастай өнгөрүүлсэн олон мөч бий юу?

-Ерөнхийдөө том авиралтын өмнө бэлтгэлээ базааж байхдаа сэтгэлзүйгээ их бэлдэж, ямар ч эрсдэл, хүнд нөхцөл байдалтай нүүр тулахад бэлтгэлтэй байхыг хичээдэг. Гэхдээ зөвхөн би гэлтгүй уулчид бүгд буугаад явж байхдаа зөрөөд дээшээ авирч буй уулчдыг хараад “Эд нар яаж гарна даа” гэж боддог юм билээ. Ерөнхийдөө Эверест, К2, Денали, Белуха гээд томоохон авиралтуудаа, тохиолдож байсан гайхалтай дурсамжууд, баяртай, гунигтай үйл явдлуудаа номондоо багтаахыг хичээсэн. Ном маань "Интер ном", "Аз хур" гээд номын дэлгүүрүүдээр, Алтай Таван Богд уулын дэлгүүрт зарагдаж байгаа. Номоос маань уншвал илүү ойлгомжтой, амттай санагдах байх.

-Манай сайтын уншигчид Гангаамаа гэх нэрийн талаар сайн мэдэхгүй байх. Та нэрийнхээ тухай сонирхолтой түүхийг хуваалцаач?

-Миний нэр чинь Төвөд нэр л дээ. Ганга-Эх гэсэн үг юм билээ. Ганга гэдэг нь Энэтхэгийн их мөрөн. Харин маа нь эх гэсэн утгатай. Хожуухан санскрит хэлээр “Цаст уулын оргил” гэж нэгэн танил ах маань хэлж өгч байсан юм. Тэр үед их гайхаж байсан шүү. Жамаараа л явж байна даа гэж бодогдож байлаа.

-Таныг микробиологич мэргэжилтэйгээс гадна саяхан спортын дасгалжуулагч мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн гэж сонссон. Шавь олонтой юу?

-Сургалт авиралтуудад хамрагддаг, хамт авирдаг, заавар зөвлөгөө авдаг хүмүүс маань намайг "Багш аа" гэж үздэг бол би маш олон шавьтай. Харин яг гарын шавьтай болох хараахан болоогүй байна. Учир нь  миний өөрийн тамирчны карьер одоохондоо дуусах болоогүй. Магадгүй хэдэн жилийн дараа гарын шавьтай болж болох юм.

-Хамт авиралт хийх хүсэлт их ирнэ биз?

-Тэгнэ. Хамт авиръя, заавар зөвлөгөө авъя гэсэн хүсэлтүүд их ирнэ. Аль болох боломжоороо туслахыг хичээдэг. Монголд ганц би биш шүү дээ. Мундаг уулчид бий. Тэд ч бас өгдөг биз. Залуус маань уулын спортын зовлон, жаргалыг туулсан хүмүүсээс нь сонсохоос гадна өөрсдөө уншаад судлах хэрэгтэй. Гэхдээ уншиж авирах, өөрийн биеэр туулж авирах хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Би ч гэсэн ахмад үеийнхээ уулчдаас бага багаар суралцаж, шат шатаар ахиж, туршлага хуримтлуулсаар өдий хүрлээ. Намайг анх эхэлж байхад мэдээлэл хомс, багаж хэрэгсэл ерөөсөө байхгүй, өөрсдөө хувцсаа оёж, багажаа хийх гэж оролддог байлаа. Мөсөн хананд уулчдын маань хийсэн хиймэл шруфыг зоох гэж хоёр цаг гаруй хананд дүүжлэгдэж байсан. Үнэхээр стандарт бус, зориулалтын бус зүйл болдоггүй гэдгийг биеэрээ мэдэрсэн дээ.

-Дараагийнхаа авиралтыг төлөвлөсөн үү?

-Хэрвээ коронавирусийн нөхцөл байдал сайжраад, хил нээгдвэл аль 2020 онд төлөвлөж байсан том авиралтаа хийнэ. Тодруулбал, дэлхийн топ таван оргилын гарч үзээгүй Канченжанга Лхоцзе, Макалу гэсэн гурван оргилд оролдлого хийж үзнэ. Би чинь эхний хоёрт гарчихсан. Одоо үлдсэн гурван оргилынхоо ядаж нэг рүү нь оролдлого хийж үзэх юмсан гэж бодож байна.

-Ирээдүйн төлөвлөгөө гэснээс хөл хорионд цагийг хэр үр бүтээлтэй өнгөрүүлсэн бэ?

-Би чинь ер нь гэртээ суудаггүй, үргэлж хөдөлгөөнтэй, хурдтай гэх үү дээ амьдардаг хүн. Сая хөл хорионы үед гэртээ суусан чинь эхэндээ бачимдаад, юу ч хийж чадахгүй юм байна гээд бодоод байсан чинь өнөөдрийн байдлаар www. gangaamaa-expeditions.com website хоёр хэл дээр гаргачихсан, номоо хэвлүүлчихсэн, Хүйтний оргил руу 50 дахь авиралтаа хийчихсэн зүгээр суугаагүй юм байна. Монголынхоо хамгийн өндөр оргил болох Хүйтний оргил руу нийтдээ 66 удаагийн оролдлого хийгээд, 50 удаа оргил дээр нь  гарлаа. Яг 50 дахь авиралтаа 2020 онд хийсэн. Энэ миний бас нэгэн том хүлээлт байлаа шүү дээ. Хийхдээ зүгээр нэг хийсэнгүй. Нийгэм рүүгээ чиглэсэн ажил хийе гэж шийдээд наадам, уулын цэвэрлэгээ зэрэг маш олон ажлыг нөхдийн хамт "АПУ" компанийн тусламжтайгаар амжууллаа.

-Их хог хаягдал буулгав уу? Сүүлийн жилүүдэд уулсыг зорих аялагч авирагчийн тоо эрс нэмэгдсэн нь энэ асуудалтай холбоотой байх. 

-Алтай Таван Богд уул маань Монголын аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг. Гадаадаас ирж буй жуулчин бүрийн гуравны нэг нь тийшээ аялж байна. Дээр нь сүүлийн жилүүдэд монголчуудын хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Энэ их ачааллаа дагаад, тэр бүс нутагт хөрсний бохирдол, хог хаягдал, байгалийн эсрэг зүйлс их бухимдал төрүүлэх юм. Үүнийг хэрхэн зохицуулах, хамгаалах вэ гэдэг дээр их бодож, ярьж байна. Сая 2020 онд гаднын жуулчид ирэхгүй цонх гарахаар нь цэвэрлэгээ хийсэн. 50 дахь авиралтаа 70-80 хүний бүрэлдэхүүнтэй хийж, мөн хог хаягдал цэвэрлэсэн. Ер нь цаашид зөв аялах, амрах тал дээр хүмүүс маань их суралцаасай. Аль болох байгальдаа хог хаяхгүй, ус гол бохирдуулахгүй яваасай. Уул, овоог тахиж, шүтэж байна гээд архины шил, сүү цагаан идээний сав, цаас баглаа боодолтой амттан өргөж үлдээх нь түгээмэл. Үүнийгээ болих хэрэгтэй байна. Харин мөнгө тавьдаг байсан нь харьцангуй багассан. Мөн миний эмзэглэж явдаг нэг зүйл бол бие засах газар. Алтай Таван Богд, Хотон, Хурган нуур, Түргэний хүрхрээ зэрэг газруудад 2000-аад оны үед үнэхээр сайхан, онгон зэлүүд байгальтай, диваажин байлаа. Одоо бол монголчууд тийшээ асгарч байна. Хад, асга бүрийн ард, модон дотор, нуурын эрэгт бие засч, хогоо хаяж байна. Өнгөрсөн зун явахад нүд халтирмаар байдалтай байсан. Монголын Швейцарь гэгддэг газар шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчны өөрчлөлт их явагдаж байна. Энэ танд хэр мэдрэгдэж байна вэ?

-Үнэхээр мэдрэгдэж байгаа. Бүх мөсөн гол багасч, богиносоод, уулсын мөнх цаст оргилууд хайлаад, алаг тарлан болж байгаа нь илт. 22 жилийн өмнө Алтай Таван Богд ууланд очиход Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол ямар өндөр, урт байлаа. Одоо хоёр, гурван км-ээр богиносчихсон. Хүний буруутай үйл ажиллагаанаас л болж дэлхийн дулаарал явагдаж байна. Дан ганц Монголд ч биш, Гималай, Хархорум зэрэг бусад мөсөн голууд ч өөрчлөгдөж байна.

-Цаашдаа нийгэмд чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-"Гангаамаа сан" гээд байгууллага байдаг юм. Энэ сангаараа дамжуулж гурван төрлийн үйл ажиллагаа явуулахаар бодож байна. Манай сангийн ТУЗ-ын гишүүд ярилцаад л байна. Нэг нь мэдээж уулынхаа спортын залуу тамирчдад, сонирхогчдод чиглэсэн ажлууд, уулчдад зориулсан арга хэмжээнүүд байгаа бол хоёрт нь нийгэм рүү, байгаль руу чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд ярианы түвшинд явж байна даа. Гуравдугаарт, нийгэмдээ, улсдаа хийж үлдээх өөрийн чадах зүйлийнхээ тухай бодож явна. Үүний эхлэл нь ном маань юм уу даа. Цаашдаа ч хийхээр төлөвлөсөн зүйл олон бий.

-Залуу уулчдад эхэн үедээ хүндрэл их гардаг нь тодорхой. Залуу Б.Гангаамаад ч анх тив дэлхийн олон оргил руу авиралт хийхээр явахад санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан байх. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж ирсэн бэ?

-Үнэндээ хөрөнгө босгоно гэдэг хүсэх юм биш. Ямар ч байсан шантралгүй даваад ирсэн. Маш олон хүний тусламж, дэмжлэг байсан. Жагсаагаад бичвэл хэдэн хуудас жагсаалт гарахыг нь хэлж мэдэхгүй байна. Тийм л олон хүн миний амжилтын ард байна. Сая номоо гаргахдаа томоохноос нь л бичихэд гурав, дөрвөн хуудас болж байх жишээтэй. Дотоодын авиралтаа өөрийнхөө бор зүрхээр хийж болох ч харин гадаадын авиралтуудад  4-5 мянган доллараас эхлээд 45 мянган ам.доллар хүртэл зардалтай. Олон хүний итгэлийг амжилтаараа, зүтгэлээрээ хариулж явах ёстой юм шүү дээ. Та бүхэндээ маш их баярлалаа.

-Таныг 10 жилдээ ОХУ руу сургуульд явах гэж байгаад яг урдуураа таслуулж байсан гэж дуулсан. Хэрэв тэр үед ОХУ руу сургуульд тэнцээд явчихсан бол МонголУлсын гавьяат уулчин болж чадах байсан болов уу? 

-Ёстой хэлж мэдэхгүй юм. Магадгүй тухайн үед Орос руу сургуульд яваад, төгсөж ирээд, мэргэжлээрээ ажиллаж, ажил гэр хоёрын хооронд явсаар байгаад уулын спорттой холбогдохгүй байсан байх магадлал бий. Бага байхдаа ч уулын спортын талаар ойлголтгүй байсан. Одоо бодоход бүх юмны тохироо бүрдэж, бурхны зурсан зураг юм байлгүй. Тэр үед манай аймагт миний конкурс өгсөн чиглэлээр Оросын хоёрхон хуваарь ирсэн юм. Манай сургуулийн нөгөө ангийн хүү, Нөмрөг сумын 10 жилээс ирсэн найз охин хоёр тэр хуваарийг аваад, би гэртээ уйлаад ирж байсан түүхтэй.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Ярилцлагын буландаа урьж оролцуулсан та бүхэндээ баярлалааа. Ард түмнээрээ, улсаараа энэ хүнд хэцүү үеийг хамтдаа давж, амьдрал, аж ахуй, ажил үйлс маань хурдан урьдын адил хэвийн болоосой. Үүний тулд бид хичээцгээе. News.mn сайтын уншигчдадаа аз жаргал, амжилт, хамгийн гол нь эрүүл энхийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-08 51.178.45.244

— Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Их эрэмгий Эр зоригтой хүн шүү 2021-02-08 66.181.161.19

Гангаамаа танд Амжилт хүсье. Цаст уулын ноён оргил гэсэн санскрит нэртэй үнэхээр цаанаасаа мундаг хувь заяатай хүн юмаа.

Avatar

Зочин 2021-02-08 202.9.46.195

Энэ ч яахав өөртөө л мундаг байдаг юм байгааз. Ариун дагшин уул ус бузарласан муу ёрын хүүхэн карьераа хурдан дуусга. Байгаль дэлхий лус савдаг амраагаад аль. Эрлэгт очхоороо хийсэн үйлийн үрээ эдлэнэ гайгүй.

Avatar

Иргэн 2021-02-08 66.181.185.157

Ямар бахархмаар мундаг эмэгтэй бэ.Амжилт хусье!

Avatar

Зочин 2021-02-08 192.82.76.200

Монгол улсын гавъяат уулчин гэж цол байдгыг мэдэж авлаа. Новшнууд жинхэнэ дураараа яаагынууд юмаа. Наад гавъяатуудаа одоо боль.

Avatar

БӨӨ БАТАА 2021-02-08 86.106.74.202

МОНГОЛ ХҮНИЙ ТООГ 10САЯ ГАРТАЛ НЬ АМЬ НАСТАЙ ХОЛБООТОЙ ЭРСДЭЛ ИХТЭЙ УУЛ, МОТО, ШҮХЭР ЗЭРЭГ ХОРИМООР БАЙГАА ЮМ ХИЧ? ЧАДДАГ ИНГЭЭД АМЖИЛТ ГАРГАЖ БОЛДОГ ЧАДАХГҮЙ НЬ ДУУРАЙЖ БӨӨНӨӨР ҮХСЭН ЖИШЭЭ ЗӨНДӨӨ АРДЧИЛЛАС ХОЙШ ЗӨВХӨН УУЛАНД 100-Д ХҮН ЧАДАРСАН НЬ

Avatar

зочин 2021-02-08 66.181.187.218

агуу, үнэхээр мундаг, баатарлаг юм.мань мэт нь зайсан толгойн хэдэн шат,цэцээ гүн гарах гэж….

Avatar

Зочин 2021-02-08 202.179.21.192

Баяр хүргэе. Б.Гангаамаагийн төрсөн өдөр?

Avatar

Зочин 2021-02-08 43.242.243.125

МУНДАГ

Avatar

Бодит бүх юм ..л агуу шүү 2021-02-08 202.21.124.22

Supeу..УЙЛЖ УНШЛААА..ЖИНХЭНЭ ХӨДӨЛМӨРЧ..БОДИТ АМТДРАЛИЙН ТҮҮХИЙГ ЗААВАЛ УНШИНА

Avatar

GUZEET 2021-02-08 202.21.107.122

La chica número uno en Mongolia.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж