Олон улсын эрдэмтдийн багийн хийсэн Чингис хааны үхлийн талаар шинэ таамаглал, судалгаа "Халдварт өвчин судлалын олон улсын сэтгүүл"-д саяхан нийтлэгджээ. Энэхүү судалгааг хийсэн эрдэмтдийн баг Чингис хааныг тарваган тахал өвчинөөр нас барсан байж магадгүй хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.
Уг судалгааны багийн эрдэмтэн Австралийн Флиндерсийн их сургуулийн эмч, палеопатологич Франческо Галасси "Шарил байхгүй учраас үхлийн шалтгааныг 100 хувь тогтоож чадахгүй ч энэхүү таамаглал нь бодит үнэнд илүү ойр, бусад зохиомол таамаглалуудаас илүү гэж үзэж байна" хэмээн ярьжээ.
Эртний түүхийн бичгүүдэд дүрсэлсэн шинж тэмдгүүд нь тухайн үед өргөн тархсан байсан тарваган тахлын шинж тэмдэгтэй давхцаж байгаа гэнэ. Тухайлбал, Хятадын Мин гүрний үед бичигдсэн эртний бичээс дээр Чингис хаан 1227 оны наймдугаар сарын 18-25-ны хооронд Хятадын эсрэг сүүлийн аян дайнаа хийж байх үедээ халуурч, бие нь тавгүйрхэж, ойролцоогоор найм хоногийн дараа нас барсан гэж тэмдэглэсэн байдаг аж. Үүнээс өмнө өөр судлаачид ч энэ баримтыг онцолж байжээ.
Мөн тухайн үед Монголын дайчид болон тэдний дайснуудын дунд тархаж байсан өвчнүүдийн мэдээллийг судалсны үндсэн дээр энэ таамаглал хамгийн өндөр магадлалтай гэж үзсэн байна. Монголын эзэнт гүрний үед халдварт өвчин тархаж байсныг батлах археологийн олдворууд ч байдаг аж.
Аливаа улсын түүхэнд хаадынхаа нэр хүндийг гутаахгүй байх, булш бунханыг нь нууцлах, мөнхрүүлэх зорилгоор үхлийн шалтгааныг нь гуйвуулах, нуух, үлгэр домог мэт зүйлс зохиох нь элбэг байдаг байжээ. Ялангуяа өнөөгийн Хятад, Монгол байгаа нутаг дэвсгэр дээр оршиж байсан орнуудад ийм хандлага түгээмэл байсныг судлаачид онцолсон байна.
Эх сурвалж: LIVESCIENCE
Холбоотой мэдээ