Хотын дарга Г.Сумъяабазар өнөөдөр /2021.02.07/ нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан тендерийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч байна. Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 11-нээс хатуу хөл хорио тогтоож, 430 мянган өрхийг шинжилгээнд хамруулах талаар албаныхан мэдээлсэн. Ингэхдээ төсвөөс 30 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд нийслэлийн төсвөөс дөрвөн тэрбум төгрөгийг гаргахыг мэргэжилтнүүд хэлж байв.
“ЛАБОРАТОРИТ АЖИЛЛАХ ЭМЧ НАРТ 99 ХУВЬ ХАМГААЛАХ МАСК ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАСАН”
НЭМГ-ийн орлогч дарга Л.ЗЭНДМАА:
–Эрүүл мэндийн яамнаас цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулахын тулд эмнэлгийн хамгаалах хэрэгслийг гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах эрхийг өнгөрөгч долоо хоногт манай байгууллагад шилжүүлсэн.Учир нь нийслэлийн зургаан дүүрэгт микробиологийн лаборатори байгуулагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор лабораторит ажиллах хүмүүст зориулсан N95 маскыг худалдан авах эрхийг шилжүүлсэн. Энэ эрхэд 20 мянган ширхэг амны хаалтыг нэг бүр нь 20 мянган төгрөгөөр, нийт 400 сая төгрөгөөр худалдан авах жагсаалтыг ирүүлсэн. Үүний дагуу бид Сангийн яамны зөвшөөрлийг авч, пүрэв гаригт тендер зарласан. Бид зохих бэлтгэлээ хангах зайлшгүй шаардлага гарч, богино хугацаанд тендер зарласан. Бид шууд худалдан авалтаар авах боломжтой байсан ч илүү хямд үнээр чанартай маск авах зорилгоор тендерийг нээлттэй зарласан юм шүү. Амны хаалт дотроо олон төрөл байдаг. Лабораторит ажиллаж буй эмч мэргэжилтнүүд 99 хувь хамгаалах олон улсын шаардлага хангасан маскыг худалдан авах юм. Бид санаанаасаа зохиож, маскны үнийг бичээгүй. Ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Хэн ч ирээд тендертэй холбоотой мэдээллийг авч болно.
“МАСКНЫ ТЕНДЕРТ АШИГ СОНИРХОЛ ЯВЖ БАЙГААГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ”
Хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР:
-Эрүүл мэндийн яам өөрөө энэ тендерийн ажлаа зохион байгуул. Энэ асуудлаа өөрсдөө хий. Та нар хулгайч болж байна шүү дээ. Хууль хяналтын байгууллагыг оруул. Энд ашиг сонирхол байна. Өнөөдөр улс орны эдийн засгийн байдал ямар хүндрэлтэй байгаа билээ. Лабораторит шинжилгээ хийж буй эмч мэргэжилтнүүдэд зориулсан тусгай зориулалтын N95 маск худалдан авах гэж байгаагаа олон нийтэд тайлбарлаж өг. Манайхан аривлан хэмнэлтийг цавчаа гэж ойлгодог. Шуурхай штабаас хотын Засаг дарга солигдох үед маш их худалдан авалт хийсэн бүх зүйлийг холбогдох байгууллагаар шалгуул. Дунд нь ашиг сонирхол явж байгааг ч үгүйсгэхгүй. Энэ гурван яамны шийдэх асуудал. Бидний эрх мэдэл хүрэхгүй” гэдгийг хэлсэн юм.