Мьянмарчууд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагслаа

Хуучирсан мэдээ: 2021.02.07-нд нийтлэгдсэн

Мьянмарчууд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагслаа

Мьянмарчууд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагслаа

Мьянмарын хамгийн том хот Янгонд өчигдөр /2021.02.06/ олон арван мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Хэдхэн хоногийн өмнө төрийн эргэлт гарч, зэвсэгт хүчнийхэн тус улсын эрхийг гартаа аваад байгаа билээ. Жагсаалын хүчийг сааруулахын тулд цэргийн дэглэмийнхэн өмнө нь Мьянмар даяар интернет сүлжээг хаасан байна. Интернет хаагдахаас өмнө тус улсад ”Facebook”, “Twitter”, “Instagram” зэрэг цахим сүлжээнүүдийг хаагаад байсан юм.

Жагсагчид тус улсад цэргийн дэглэм тогтоохыг эсэргүүцэж, баривчлагдсан улс төрчид болон эрх баригч намын тэргүүн Аун Сан Сү Чи, Ерөнхийлөгч Вин Мьин нарыг суллахыг шаарджээ. Иргэд Аун Сан Сү Чигийн “Ардчиллын төлөө үндэсний лиг” намын бэлгэдэл болсон улаан тууз толгойдоо зүүж, 1988 оны цуст тэмцлийн сүлд дууг дуулж, хөрш Тайландад гарсан ардчилсан тэмцлийн таних тэмдэг болсон гурван хуруут ёсолгоог хийж байв. Мөн жагсаалд оролцоогүй энгийн иргэд жагсагчдад уух зүйлс, хоол унд дөхүүлж өгч байжээ.

Жагсаал болсон газрын ойролцоох замуудыг хааж, усаар шүршдэг хоёр их бууг байрлуулсан байсан ч жагсаал тайван замаар өрнөж, ямар нэг мөргөлдөөн гараагүй байна.

Бараг 50 жилийг цэргийнхний хатуу дэглэмд өнгөрүүлсэн тус улс нь 2011 оноос ардчилсан тогтолцоонд шилжсэн ч ийнхүү дахин цэргийнхний гарт ороод байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгууль будлиантай болсон гэж үзсэн зэвсэгт хүчний удирдагчид эрх баригч намын улстөрчдийг баривчилж, хүчээр төрийн эрхийг аваад байна.

Генерал Мин Аун Хлайн тэргүүтэй зэвсэгт хүчний удирдагчид нэг жилийн хугацаатай цэргийн дэглэм тогтоосны дараа шударга сонгууль зохион байгуулж, ялсан улс төрийн хүчинд эрх мэдлээ шилжүүлнэ гэж амлаж байгаа ч иргэд үүнд итгэхгүй байгаа аж.

Мьянмарт болж буй төрийн эргэлтийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд хүчтэй буруутгаж байгаа ба АНУ болон бусад барууны орнууд ч тус улсад ардчиллыг эргүүлэн авчрахыг шаардаж байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж