ЭМЯ: Сайн дурын шинжилгээний цэгээс халдвар илрэв

Хуучирсан мэдээ: 2021.02.07-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Сайн дурын шинжилгээний цэгээс халдвар илрэв

ЭМЯ: Сайн дурын шинжилгээний цэгээс халдвар илрэв

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.07) мэдээллээ хийлээ.


ШИНЭЭР 34 ХАЛДВАР БҮРТГЭГДЭВ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорноговь, Ховд, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн салбар лабораторид хоёрдугаар сарын 6-нд нийт 14978 сорьцод шинжилгээ хийхэд 34 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд анхны болон давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Мөн сайн дурын шинжилгээний цэгт шинжилгээ өгсөн хүмүүсээс вирус илэрлээ. Улаанбаатар хотод нийт 1187 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.

Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 1513 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 14 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2023  болсон. Үүнээс эдгэрсэн 1463 буюу 72.3 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 547 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 80, хөнгөн 461 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 235 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 207 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг байгаа Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 73 хүн эмчлүүлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүндэвтэр нэг хүн хяналтад байна.

Сүүлийн 24 цагт Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хороодод өвчлөл бүртгэгдсэн. Шинээр Баянгол дүүргийн тавдугаар, найм, 12, 20, 22 хороо болон Баянзүрх дүүргийн тав, 21, Сүхбаатар дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн 11, 20, 32, 34, 41, Хан-Уул дүүргийн 4, 15, 20 дугаар хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 218 хүн шинээр нэмэгдэж, нийт 958 ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын тоо 4742 болсон байна.

Нийт батлагдсан тохиолдлын 40 хувь гэр бүлээс хамааралтай бол 60 хувь нь ажлын газар, бусад зохион байгуулалттай арга хэмжээ, эмнэлэг, төрсөн өдөр, байр орон сууцны орц, гудамжнаас халдвар авсан байна. Тиймээс иргэд гадуур явахгүй байхыг анхааруулъя. Нийт батлагдсан тохиодлуудын ойрын хавьталтай амны хаалтүй уулзаж байгаагаас  халдвар авч байна. Бусад улс орнуудын туршлагыг харахад илрүүлэг шинжилгээ хийж, тусгаарлан, хөл хорио тогтоохоос гадна нийгмийн эрүүл мэнд болон хувийн ариун цэвэр, хүн хоорондын зайг баримталж байна. Гадуур хөл хөдөлгөөн маш их байна. Тиймээс амны  хаалт, бээлий өмсөхийг зөвлөе.

Нийт халдварын тохиолдол:

“НЭГ АЙЛД ДУНДАЖААР 30-40 МИНУТ БАЙХ УЧРААС АЙЛ ХЭСЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ”

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

– Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад лабораториар батлагдсан 34 тохиолдол илэрч, өмнөх өдөртэй харьцуулахад 27 тохиолдлоор буурсан байна. Нийслэлд 11 голомт өндөр идэвхтэй байна. Гэр бүл, хамт олны хүрээнд халдвар өргөн тархаж байна. Голомтын цар хүрээ нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлд халдвар гарсантай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж, 14 объектын 3867 м.кв-д эцсийн халдваргүйтгэл хийсэн. Мөн тус төвийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, 128 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй. ЭМЯ-ны тусгай дугаарын долоон утсанд нийт 2451 иргэн хандаж, зөвлөгөө авсан. Нийт 2400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакциныг 73 улсын 128 сая хүн тун вакциныг өнөөдрийн байдлаар хийгээд байна. Ингэхдээ эрсдэлт бүлэгт эхний ээлжинд вакцин хийж байгаа. Үүнд, эмч, эмнэлгийн ажилтан, онцгой, цэрэг, цагдаа хүчний алба хаагчид, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулж байна.

Сар шинийн баяртай холбогдуулан “Цахимаар золгоё” уриалгыг санаачлан, гаргаж байна. Учир нь сүүлийн үед өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс өвдөж, хүндэрсэн байдалтай ирж байна. Тиймээс иргэд цагаан сарын баяраар гэртээ байж, хөөрөг зөрүүлэхгүй байх, нэг айлд дундажаар 30-40 минут байх хугацаа зарцуулагдаж байгаа. Гэтэл ДЭМБ-аас нэг орчинд хүмүүс 15 минутаас дээш хугацаагаар амны хаалтгүй байж болохгүй гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Тиймээс эрсдэл маш өндөр байгаа учраас иргэд ухамсартай хандахыг зөвлөе. Энэ жилийн хувьд цахимаар тэмдэглэхийг дахин уриалж байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тархалт:

 

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, February 6, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж