Хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, хамгийн олон халдвар бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.02.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, хамгийн олон халдвар бүртгэгдэв

Хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, хамгийн олон халдвар бүртгэгдэв

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ХӨЛ ХОРИО ТОГТООХ ШИЙДВЭР ГАРГАВ

Улсын онцгой комисс хуралдаж, Сар шинийн баярын өмнө хөл хориог тогтоох шийдвэр гаргав. Ингэхдээ хоёрдугаар сарын 11-ээс эхлэн 12 хоног хөл хорио тогтоож, энэ хугацаанаас өмнө орон нутгийн иргэдийг буцаах ажлыг эхлүүлээд байна. Хатуу хөл хорио тогтоосон үед зөвшөөрөгдсөн байгууллагууд ажиллах бөгөөд өрх бүрээс нэг хүнээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулах юм. 420 мянган өрх бүрийн нэг гишүүнээс хөл хорионы хугацаанд шинжилгээ авахаар бэлтгэлээ хангаж буй.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧЭЭ ЗАХИАЛАВ

Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн сарын дараа болох гэж байгаатай холбогдуулан намууд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг сунгаандаа орсон. Тэгвэл УИХ-д суудалтай МАН8 АН-аас гадна ХҮН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Тэгвэл ХҮН болон Зөв хүн электорат эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар “захиалга” авч эхэлж байгаагаа зарлав. ХҮН-ын дарга Т.Доржханд “Төрийн тэргүүний сонгууль дөрвөн сарын дараа буюу зургадугаар сарын 4-нд болно. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль маш эрт эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд 45 хоног үргэлжилнэ. Хуулиараа УИХ-д төлөөлөлтэй нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Манай эвсэл энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ жишиг тогтоосон хувилбарыг танилцуулж байна.  “Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөнийг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байна” гэсэн мэдэгдэл хийсэн юм.

НЭГ ӨДӨРТ 61 БУЮУ ХАМГИЙН ИХ ХАЛДВАР БҮРТГЭГДЭВ

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр цар тахлыг мэдээллийг хүргэж, халдварын тоо ч өдөр бүр өсч байгаа. Тэгвэл өчигдөр буюу Бямба гаригт халдвар хамгийн их бүртгэгдэв. Тодруулбал, өчигдөр  нийт 20853 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  61 хүнээс халдвар илэрлээ.  Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал буюу  "Арьс шир" компанийн ажилтнууд, Бэлх орчимд байдаг гутлын цех, банк бус санхүүгийн байгууллага, Амгалан амаржих газруудын ойрын хавьтлууд байсныг ЭМЯ-аас мэдээлсэн.

СЭЛЭНГИЙН БАГШ НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Нэгдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж хэрэг гардаг шөнө цагдаад анх мэдэгдсэн бөгөөд “Тэрбээр охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэжээ. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай охиныг согтуурсан байх үед нь тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ.  Өөрөөр хэлбэл, үл таних залуучууд биш, сургуулийн багш нар нь хүчирхийлсэн болохыг тогтоон, гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан "Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх  боломжгүй" хэмээн хэлсэн юм.

БӨХИЙН ХОЛБОО БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨНГҮЙ

Монголын Үндэсний бөхийн холбооныхон сар шинийн барилдаан зохион байгуулахаар олон янзаар үзэв. Нийслэлд үзэгчидгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж барилдахаар саналаа гаргасан ч Улсын онцгой комисс зөвшөөрөөгүй. Харин үүний дараа хоёрдугаар сарын 11-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг нийслэлийн Онцгой комисст уламжилсан ч зөвшөөрсөнгүй. Энэ талаар Шадар сайд  “Цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үеэр нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нэг хэсэг нь хоригдож байж таарахгүй, үр дүн гарахгүй. Халдварын эрсдэл үүсгэхгүй байх нь чухал, Бөхийн холбооныхныг ойлгоно гэж бодож байна. Цар тахал буурсны дараа бөхийн барилдаан зохион байгуулах боломжтой” гэсэн тайлбар хийсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж