Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл экспо, Драгон дахь салбар 04 сарын 15-наас туршилтаар ажиллаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл экспо, Драгон дахь салбар 04 сарын 15-наас туршилтаар ажиллаж эхэлнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дугаар салбарыг байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.

Хуралдаанд танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, нийслэлийн ИТХ-ын  2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр баилах тухай”  185 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажиллаж байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэгдүгээр салбарыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 150 787 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь сард дунджаар 50 гаруй мянган иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үйлчлүүлж буй иргэдийг оршин суугаа хаягаар ангилбал тус төвөөр Баянзүрх дүүргийн иргэд дийлэнхдээ үйлчлүүлж байна. Тиймээс төвийн дараагийн салбаруудыг Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд ойртуулж Мишээл экспо, Драгон төвд байгуулах гэж байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалах цэг байгуулна

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Мишээл барилгын Их дэлгүүр худалдааны төвийн 1336 м2 талбайд, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 1558 м2 талбайд засварын ажил хийгдэж байна. Төвийн 2, 3 дугаар салбарыг 2016 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн туршилтаар ажиллуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүжингарав худалдааны төв дэх салбараас иргэдэд үзүүлж буй 287, үзүүлэх боломжтой нийт 383 үйлчилгээг Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвд үзүүлэхээр программ тохиргоог хийж байна. Иргэдэд үзүүлж буй зарим үйлчилгээнээс хураамж авч байгаа бөгөөд  өнгөрсөн хугацаанд 783,3 сая төгрөгийг төвлөрүүлж,холбогдох хууль, журмын дагуу Улсын болон орон нутгийн санд шилжсэн. Эдгээр төлбөрийг эргээд үйлчилгээ сайжруулахад зарцуулдаг байх зарчимд шилжих асуудлыг нийслэлээс Засгийн газарт тавих үүргийг Нийслэлийн Засаг дарга өглөө. Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг худалдаалах цэг гаргахыг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.

Үйлчилгээний төвийн автозогсоолыг шинэчлэн барина

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбар нь үйлчлүүлэгч иргэдийн автомашиныг байрлуулах автозогсоолын асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд Драгон төв дэх салбарын автомашины салбарыг шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Драгон төвийн зүүн хэсгээс Сүлжмэлийн үйлдвэрийн урдах уулзвар хүртэл автозогсоол барих боломжтой бөгөөд тухайн хэсэг нь нийтийн эзэмшлийн талбай юм байна. Санхүүжилтийг автозамын сангийн хөрөнгөөс шийдвэрлэх зарчмаар ажиллахаар төлөвлөж байна. Нийслэлийн Засаг дарга “Драгон төвийн одоогийн орчин нь иргэд очиж үйлчилгээ авахад таатай бус нөхцөлтэй. Шавар шавхай ихтэй, автозогсоол байхгүй. Тиймээс тэдэнд очиж үйлчлүүлэх боломжоор хангах нь чухал тул автозогсоолын асуудлыг 04/15-ны өдөр гэхэд шийдвэрлэх шаардлагатай” гэлээ. Драгон төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг байгуулснаар  тухайн хэсгийн газрын үнэ цэнэ нэмэгдэнэ гэж албаныхан тооцож байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж