ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный болон түүнийг дэмжигчдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг харгис, хэрцгий аргаар дарах төлөвлөгөөтэй байгаа талаар тагнуулын албаныхан болон Кремлийн зухалзуулж буй авир нотолж байна.
Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Венесуэл, Беларусь орнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг даран төрийн эрхийг өөрсдөө авч үлдсэн жишгийг Ерөнхийлөгч Владимир Путин дагаж, Навальныйн бослогыг харгис, хэрцгий аргаар дарах төлөвлөгөөтэй байгаа бололтой.
Навальныйг дэмжигчид түүнийг урт хугацаанд шоронд хорих болсныг эсэргүүцэн, даруй суллахыг шаардан жагссаар байгаа билээ. Өнгөрсөн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдээр жагсаал орон даяар хэд хэдэн хотуудад үргэлжлэн цагдаа нартай мөргөлдөж, улмаар олон мянган хүн баривчлагдсан юм.
Болж буй үйл явдлын талаар Европын тагнуулын албаны ОХУ-тай холбоотой олон жил ажилласан туршлагатай өндөр албан тушаалтан “Оросууд бууж өгөх бодолгүй байна. Путин үүнийг өөрийнх нь дэглэмийг ганхуулах, цаашлаад нураах аюултай гэдгийг маш сайн мэдэж байгаа. Тэрбээр Венесуэл, Беларусь орнуудын дарангуйлагч нар гадаад орнуудын асар их дарамт шахалтуудыг эс тоон засгийн эрхийг гартаа авч үлдсэн жишээг эхнээс нь дуустал маш ойроос ажигласан хүн. Түүний хувьд бол тэдний түүхийг давтах нь гарцаагүй ганц л сонголт юм” хэмээн тайлбарлажээ.
Түүнээс гадна Кремлийн нэгэн нэрээ нууцалсан албан тушаалтан дээрх таамгийг баталж, “Цагдаа нар иргэдийг олноор нь баривчилж, хүч хэрэглэж буй нь ердөө л бие халаалт төдий. Жинхэнэ тэмцэл эхлээ ч үгүй байна. Улс орон даяар цагдаа нарын хүчирхийлэл улам ихэсч байгаа юм шиг мэдрэмж бол мэдрэмж төдий биш, үнэн бодит байдал юм” хэмээн хэлжээ.
Мөн өөр нэгэн тагнуулын ажилтан Навальныйг өчигдөр/2021.2.5/ шүүхэд дахин дуудаж, гэмт хэргийн шинжтэй гэж хэлэхэд хэцүү гүтгэлгийн хэргээр яллаж буй үйл явдлыг онцолж, “Эрх баригчид Навальныйг ямар ч утгагүй гэмээр хэргээс болж дахин дахин шүүж байна. Үүнээс харахад түүний тойрон хүрээлэгчид болон ойр дотныхныг ч тийм ирээдүй хүлээж байгаа. Эцэст нь Засгийн газрын зорилго бол ямар ч аргаар хамаагүй Навальныйгийн тухай ярьсан ам бүрийг чимээгүй болгож, нугачин дарах юм. Цаашид Навальныйиай хамт ажилладаг бүх хүмүүс насан туршийн дарамт, хараа хяналтад орж, байгаа бүхнээ алдана. Түүнчлэн жагсаалд оролцсон хүмүүс зодуулж, цаашлаад хилс хэрэг хүлээх аюулд орж байна” хэмээн тайлбарласан байна.
Яг ийм үйл явдал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Венесуэл болон Беларусьд өрнөсөн билээ. Харин Путин тэр болгонд дарангуйлагчдыг идэвхтэй дэмжиж байсан юм. “Хэрвээ та Путин байгаад Украинд холбоотон чинь эсэргүүцлийг хэтэрхий хожимдож тараахыг оролдоод бүтэлгүйтэхийг, бас Венесуэл, Беларусьд эсэргүүцлийг даруй арга хэмжээ аван дарснаар дэглэмээ авч үлдэхийг үзсэн бол ямар сонголт хийх байснаа бодоод үзээрэй. Эсэргүүцлийг хүчээр дарна гэдэг асар өндөр үнэтэй сонголт. Түүнчлэн Путинд ноцтой хохирол учруулах хэмжээний хориг арга хэмжээ авах чадал ч гадны орнуудад хангалттай бий. Гэвч Путин бол суудлаасаа буухын оронд хориг тавиулахыг илүүд үзнэ. Тиймдээ ч тэрбээр аль хэдийн сонголтоо хийсэн байх” хэмээн тагнуулын ажилтан хэлжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ