Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил удирдсан тэрээр төр нийгмийн зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч юм. Н.Янжмаа 1924 онд "Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг" нэртэй Азийн анхдагч эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэгч юм. Эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, ахуйн соёл нэвтрүүлэх асар том ажлыг манлайлжээ. Нийт эмэгтэйчүүдийнхээ гуравны нэгийг бичиг үсэгтэй болгож байсан гавъяа түүнийх. Тэрээр 1930 онд нийслэл Хүрээнд анхны хүүхдийн цэцэрлэг байгуулж байсан юм.
Н.Янжмаа түүний хань их жанжин Д.Сүхбаатарын хувьсгалт үйл хэрэгт гар бие оролцож явсан тууштай эх орончдын нэг юм. Жанжин Д.Сүхбаатар 1893 хоёрдугаар сарын 2-нд, Гэргий Н.Янжмаа нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны / Төв аймгийн Баяндэлгэр сум/ ард Нэмэндэй, Сэрээтэр нарын гэрт 1893 оны хоёрдугаар сарын 6-нд төржээ. Туул, Тэрэлж гол, Цант, Хоолт , Их хүрээгээр нутаглан өсөж торнисон байна. Ингээд 1910 онд Д. Сүхбаатартай гэрлэж 1912 оны цагаан сарын битүүнд Галсанлхүндэв хэмээх хүүтэй болжээ. Д. Сүхбаатарыг Хужирбулан дахь Монголын цэргийн пулемёт сумангийн жагсаалын даргаар ажиллаж байсан үед Н. Янжмаа орос цэргийн дарга нарын гэр бүлтэй танилцаж цэргийн хувьцас оёж, тэдний гэр ахуйн ажилд туслах, мал саах зэрэг ажил хийж байжээ.
Н. Янжмаа Хувьсгалын үйл хэрэгт журамт гэргийн хувиар нөхөртөө туслан хөрөнгө, мөнгө шаардагдах үед гэрээ зарж борлуулахыг зөвшөөрч, “толгойн мөнгөн зүүлтээ хүртэл зарж”, хувьсгалчдыг эрж илрүүлэх мөрдлөгө ширүүсэхэд айлын модон пинд хүүтэйгээ хамт нуугдан үлдэх зэргээр хүнд зовлон, бэрхшээлийг давж ханьдаа халамжтай, үр хүүхдээ өсгөн гэр бүлээ хамгаалж байжээ. Тэд нийслэл хүрээнд ирсэнийхээ дараа хань Д. Сүхбаатарын зөвлөсний дагуу Алтанбулагт хамт ажиллаж байсан хэсэг нөхдөө цуглуулж, цэргийн хувцас оёж, засварлаж эхэлсэн бөгөөд 1922 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тэр нь өргөгтгөгдөн “Цэргийн хэлтсийн бэлтгэн үйлдэх тасаг” болон байгуулагдсан байна. Энэ нь хуучнаар “Цэргийн гар үйлдвэр өнөөгийнхөөр “Бөртэ” ХХК-ний үндэс суурь юм. Н. Янжмаа нь 1921 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд гишүүнээр элсэж, 1923 онд МАН-ын төв хорооны дэрэгдэх 11-р үүрт намын гишүүнээр тус тус элсчээ.
Н.Янжмаа нь:
- 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга
- 1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга,
- 1921-1924, 1940-1947 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, 1941-1947 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар
- 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар
- 1948 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч
- 1949 онд улсын Бага хурлын гишүүнээр
- 1948-1949 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэд даргаар,
- 1950 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар
- 1951 оноос БНМАУ-ын Ардын Их Хурлын 1,2,3,4 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар
- 1953 онд Ардын Их Хурлын даргаар тус тус сонгогдон ажиллаж,
дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.
Тэрээр 20-р зууны эгэл жирийн эмэгтэйчүүдийг эрдэм мэдлэг, эрх чөлөөтэй иргэн болж төлөвших эхлэлийг тавьсан төр нийгмийн зүтгэлтэн байжээ.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ