ХӨСҮТ: Хоногт 61 хүнээс халдвар илэрч, 19 хүн эдгэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.06-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: Хоногт 61 хүнээс халдвар илэрч, 19 хүн эдгэрлээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, February 5, 2021

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.02.06/ мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр  нийт 20853 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  61 хүнээс халдвар илэрлээ.  Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал буюу  "Арьс шир" компанийн ажилтнууд, Бэлх орчимд байдаг гутлын цех, банк бус санхүүгийн байгууллага, Амгалан амаржих газруудын ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд батлагдсан  голомтот халдварын тохиолдол 1153 болсон бол улсын хэмжээнд 1479  боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд  19 хүн эдгэрсэн. Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 1989. Үүнээс 1449 эдгэрсэн. Нийт 527 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 79, хөнгөн 442 хүн байна.

Сүүлийн өдрүүдэд халдварын цар хүрээ тэлж нийслэлд батлагдах тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн долоо хоногт “Монгол шир” ХК , банк бус санүүгийн байгууллага, Х апартменттай холбоотой халдварууд голомтлон гарч байна. “Монгол шир”ХК-д нийт 45 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 22 нь тус компанийн ажилтан байсан бол үлдсэн нь ажилтнуудын гэр бүл, найз нөхөд. Гутлын цехийн зургаан ажилтан халдвар авахад тэдгээрийн ар гэр, найз нөхөд, ойр тойрны 31 халдвар авсан. Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвийн гурван ажилтан халдвар авахад бусад 25 хүн халдвар авсан. Банк бус санхүүгийн байгууллагын долоон ажилтан халдвар авахад түүнээс улбаатай тус байгууллагаар үйлчлүүлсэн, ажилчдын ар гэрийн нийт 45 хүн халдвар авсан. Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн Амгалан амаржих газарт халдвар бүртгэгдэж эхэлсэн. Тус эмнэлэгт долоон тохиолдол батлагдсан бөгөөд хоёр нь төрсөн ээж, бусад нь эмнэлгийн ажилтнууд. Үүнтэй холбоотойгоор Амгалан амаржих газрын үйл ажиллагааг зогсоож дотор нь эрэмбэлэн ангилалт хийх үеэр эхний хоёр тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болоогүй 93 ээжийг эмнэлгээс гарган гэрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хавьтал болоогүй ч эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн хавьтал хамааралтай 90 хүмүүсийг тухайн эмнэлгийн өөр тасагт тусгаарласан. Үүнээс жирэмсэн 16, төрсөн 67 эх бий. Тандалт судалгаа үргэлжилж байна. Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ.

Эдгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас халдвар илэрч байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 2,11,17,20,24 дүгээр хороодод халдварын идэвхжил өндөр байна. Дүүргүүдийн бусад хороодод идэвхжил бүртгэгдсэн боловч цаг хугацааны хувьд дээр дурдсан хороодод өвчлөл шинэвтэр, голомт үргэлжилж байна. Баянзүрх дүүрэгт 5,9,10,13,17,16,21,26,27 хороодод өвчлөл шинээр бүртгэгдсэн. Ер нь гудамж хороололд байгаа нийтийн байранд халдвар гарах нь их байна. Өчигдөр шөнө 127 ойрын хавьтлыг олж тусгаарласан бөгөөд өчигдөр батлагдсан 61 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал.

Амьсгалын замын халдвар цаашаа үргэлжлээд явдаг учраас халдварын цар хүрээ нэмэгдэж байна. Тархалтын эзлэх талбай тэлэх тусам хавьтлын тоо, батлагдсан тохиолдол нэмэгдэнэ. Энэ цаг үед хүн бүр халдварт өртөх эрсдэл маш өндөр болчихоод байна. Одоогоор ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлан, хоёр удаа шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гэрт нь долоо хоног тусгаарлаж байгаа. 289 хүнийг тусгаарлах байрнаас гаргахад, зөрөөд 127 хүн ирж байна. Нийт ойрын хавьтал 800 гаруй, хоёрдогч хавьтал 476 байна. Хоёрдогч хавьтлуудаас халдварын батлагдсан тохиодол их бий.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар халдварын өндөр идэвхжилтэй 12 голомт байна. Эдгээр голомтод байгууллага хамт олон, үйлчилгээний газрууд буюу банк, супермаркетууд, гэр бүлийн хүрээ хамаарч байна. Нийслэлд голомтууд нэмэгдээд байгаагийн шалтгаан нь халдвар илэрсэн албан байгууллагууд халдвар хамгаалалтын дэглэмийг сахихгүй ажилчдаа тал хувиар нь биш нийтээр нь ажиллуулж байна. Олны бөөгнөрөл үүсгэж байгаа учраас өвчлөл ийнхүү нэмэгдэж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тогтоосон хөл хорио үр дүнгээ өгч, халдвар буурах хандлагатай байсан. Хөл хориог сулруулснаас хойш иргэд үйлчилгээний байгууллага, эмийн сан, найз нөхдийнхөөрөө их орсон. Мөн хоёр долоо хоногийн өмнө болсон жагсаал цуглаан халдвар нэмэгдэхэд нөлөөлсөн. Халдвар авсан нэг хүн ойр дотны дөрвөн хүнд халдвар тараадаг. Халдвартай дөрвөн хүнийг олж тусгаарлахад цаашаа бусдад халдвар тараах магадлал байхгүй болдог.

Дэлхий дахинд халдвар авсан хүн 1-2 хүнд халдвар тарааж байгаа бол Монголд 3-4 зарим тохиолдолд 8-12, бүр 25 тохиолдол байгаа. Тиймээс иргэд хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг сахихгүй байгаагаас халдвар нэмэгдэж байна. Цагаан сараар өндөр настай хүмүүст очиж золгон эрсдэлд бүү оруулаарай. Иргэд цагаан сардаа бэлдээд гадуур хөдөлгөөн их байгаа нь халдварын голомтыг ихэсгэж, өвчлөл цаашдаа оргилд үедээ очих эрсдлийг үүсгэнэ. Тиймээс цагаан сараар цахимаар золгохыг уриалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж