Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны аравдугаар сарын 29-нд Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно” гэсэн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар тэднийг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасан юм.
ШҮҮХЭД ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙХЫГ ҮҮГЭЭР МЭДЭГДЬЕ
Тэгвэл Төв аймаг дахь шүүхийн тамгийн газраас өчигдөр /2021.02.05/ дараах мэдэгдлийг гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар “2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын танхимаас УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “…эрүүдэн шүүхтэй холбоотой хэрэг их удаан процесстой явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын өмгөөлөгчдөөс маш олон удаа хүсэлт гаргаж хэргийг бүтэн жилээр хойшлуулсан. Аргаа бараад тухайн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ хязгааргүй хүсэлт тавьж түүнийгээ шийдвэрлүүлдэг процессыг хумьж өгсөн. Улмаар анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж эрүүдэн шүүхтэй холбоотой хүмүүсийг гэм буруутайд тооцоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Харамсалтай нь хэргийг мөрдөн байцаалтад буцаасан, буцаамагцаа хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өнөөдөр ингээд сул чөлөөтэй явуулж байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх процесс энэ хүрээд гацчихаад байгаа гэдэг ийм тайлбарыг прокурор болон шүүхийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн хууль бус үйл ажиллагааны улмаас уг шүүхийн шийдвэр баталгаажсан хойно энэ хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаа хууль бус байсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон нөгөө н.Чимгээ, н.Содномдаржаа нарт холбогдох хэргийг шинэ нөхцөл гэж сэргээх хууль зүйн үндэслэл бүрдэх учиртай. Хамгийн сүүлд Төв аймгийн шүүхийн шүүгч н.Энхмаа дээрх хүмүүст холбогдсон хэргийг хянаж үзээд мөрдөн байцаалтад буцаагаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Хурц нарт холбогдох хүмүүсийг батлан даалт болгоод явуулчихсан байж байгаа. Шүүхийн хууль 3 дугаар сарын сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ, бид нар хэрэгжилт дээр харах ёстой. Нөгөө хонгилын гэдэг тэр механизмыг нураах, ийм үр дагаврыг үзүүлэх байх гэж бодож байгаа. Би шулуухан хэлье Улсын Дээд шүүхэд нэр бүхий шүүгчид байгаа.
Нэр бүхий шүүгчид энэ хонгилын системийг өнөөдрийг хүртэл хадгалж авч үлдэж байгаа. Өнөөдөр 2017, 2018 оноос хойш шийдэгддэггүй хэрэг өнөөдрийг хүртэл байна. Энэнээс болж тэр хоёр нэр бүхий н.Чимгээ, н.Содномдаржаа нарын эрх, эрх чөлөөний асуудал ингээд өнөөдөр эдлэгдэхгүй ийм байдалтай байгаа. Энэ дээр бид нар цаашид шүүхийн энэ системийн шинэчлэлтэй уялдаж энэ хүмүүсийн эрх, эрх чөлөөг сэргээхийн төлөө дараа, дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.” гэх худал мэдээ, мэдээллийг УИХ-ын танхимаас УИХ гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд удаа дараа тарааж байна. Иймд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг үүгээр мэдэгдье. Мэдэгдлийн хувийг Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд хүргүүлэв” гэжээ.
Дашрамд дурдахад, Нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ