Нийслэлд гацаад байсан иргэдийг өнөөдрөөс орон нутаг буцааж эхэлсэн. Гэвч энэ урсгалыг даган орон нутаг явах хувийн тээврийн хэрэгслийн үнэ хаданд гараад байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос -Өвөрхангай явах тариф 100 мянгаас 150 мянган төгрөгт хүрсэн бол Улаанбаатар хотоос-Өмнөговь аймаг руу зорчих тариф 300 мянган төгрөгт хүрээд байна. Ингэхдээ хувийн тээврийн хэрэгслүүд "PCR шинжилгээ өгсөн иргэнийг авч явна" гэж мэдэгдэж байна. Цар тахал дэгдэн, хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хот-Өвөрхангай аймгийн хооронд хувийн тээврийн хэрэгслээр зорчиход 25 мянган төгрөг, том оврын автобусаар зорчиход 22500 төгрөг төлдөг байв.
Хувийн тээврийн хэрэгслүүд үнээ нэмсэн нь хот хооронд тээвэр хийдэг том оврын автобусны үнэ өсөх шалтгаан ч болж буй аж.
Эмнэлэгт үзүүлэхээр ирээд Улаанбаатарт олон хоног саатсан иргэдийн хувьд сар шинээс урьтаж гэртээ очих нь чухал гэж үзэн, арга буюу хэлсэн үнийг нь төлж явах нэгэн ч байна.
Орон нутагтаа буцах иргэдийн хүсэлт, эрэлт дээр дөрөөлсөн үнийн хөөрөгдлийн эсрэг арга хэмжээ авах боломжтой юу, хяналт тавьж байна уу гэдгийг бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодруулсан юм. Тус газрын зүгээс “Бидэнд иргэдээс гомдол мэдээлэл ирээгүй байна. Энэ тохиолдолд ямар нэгэн үндэслэлгүй шалгалт явуулах боломжгүй. Хэрэв хот хооронд зорчих хувийн тээврийн хэрэгслүүд үнээ нэмсэн талаар иргэдээс гомдол ирвэл хяналт тавьж, арга хэмжээ авах болно. Нөгөө талаас бид үнэ тогтоох, үнийг буулгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй” гэлээ.
Онцолж хэлэх бас нэгэн асуудал нь иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчиж яваад эрсдэлд ороход хариуцах эзэнгүй болж, хохирох тохиолдол олонтаа. Иймээс иргэд эрсдлийг бодож, орон нутгаас зохион байгуулалттайгаар татаж эхлэх унаандаа суух нь хамгийн эрсдэл багатай, гэртээ аюулгүй харих боломжтойг дашрамд сануулъя.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ