ОХУ ирээдүйн цэргүүдэд зориулж 50 калибрын сум тэсвэрлэх чадалтай шинэ үеийн хуягт өмсгөл бүтээж эхэлснээ зарлалаа.
Оросын төрийн цэргийн техник хөгжүүлэгч Ростек компани дөрөв дэх буюу шинэ үеийн Сотник байлдааны хувцас бүтээх ажлаа эхлүүлсэн бөгөөд эцсийн бүтээгдэхүүн 2035 онд багтаж бэлэн болно хэмээн мэдээлсэн байна.
Цэргийн дэвшилтэт технологи бүтээдэг гэдгээрээ бахархдаг тус корпораци “Шинэ хуягт өмсгөл Орос орны батлан хамгаалах үйлдвэрлэлийн бүтээн хөгжүүлсэн технологи болон зарим роботжуулсан, мэдээлэл солилцох зорилготой сайжруулсан девшилтэт хэрэгслүүдээс бүтнэ” хэмээн тайлбарласан байна.
Мөн өнгөрсөн сард үйлдвэрлэл хариуцсан захирал Бекхан Оздоев “Бид шинэ технологийн байлдааны хувцас бүтээх ажлын эхний шатыг амжилттай эхлүүллээ. Үүний тулд шаардлагатай техник хэрэгслүүдийг бүрэн цуглуулж, ажлын төлөвлөгөө гаргалаа. Мөн батлан хамгаалах яамнаас аль хэдийн удирдамжаа хүлээн авсан” хэмээн мэдээлж байсан билээ.
Шинэ байлдааны хувцсыг дэлхий дээрх хамгийн дэвшилтэт технологи бүхий хуяг болгох зорилго тавьжээ. Оздоевийн хэлснээр шинэ хуягт өмсгөл хөнгөн жинтэй полиэтилен материал болон 50 калибрын сум тэсвэрлэх чадалтай металл хуягуудаас бүтнэ. Түүнчлэн шинэ өмсгөлийг хөдөлгөөнд саад болохгүй, шаардлагатай үед нэмэлт ачаа авч явахад тохиромжтойгоор бүтээхээр төлөвлөж байгаа аж.
Ажиглагчдын мэдээлснээр Оросын эрх баригчид шинэ зорилгодоо маш их ач холбогдол өгч байгаа бололтой. Мэргэжилтнүүдийн хэлснээр орчин үед ямар ч сайн хуягтай байлаа гэсэн 50 калибрын суманд өртсөн хүн амьд үлдэх боломжгүй.
Гэхдээ Ростек компани дөрөвдүгээр үеийн байлдааны хувцасны судалгаа, хөгжүүлэлтэд хэр хугацаа шаардагдахыг тодорхой мэдээлээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус компани одоогийн байдлаар гуравдугаар үеийн байлдааны хувцас бүтээх ажлаа дуусаагүй байгаа аж. Тэдний бүтээж буй гуравдугаар үеийн хуяг нь өдгөө зэвсэглэлд буй Ратник хувцсыг халах зорилготой, 2025 он гэхэд бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Өдгөө ашиглаж буй Ратник хувцас нь амь тэтгэх, хянах, харилцаа холбоо тогтоох, байлдах, хамгаалах, эрч хүч дэмжих үндсэн үүргүүдийг биелүүлдэг бөгөөд цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд даалгавар биелүүлэхэд тохиромжтой аж. Ростекийн мэдээлснээр тус хувцас дээр нэмэлт экзоскелетон суулгавал цэргийн хувийн ачаан дээр нэмэлт 80 кг хүртэлх ачааг ажралгүй тээх чадалтай болох аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ