“Журам батлах тухай” Соёлын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр баталсан А/05 дугаар тушаалаар Соёлын яамнаас хоёр төрлийн шагнал олгодог. Тухайлбал, Яамны болон Засгийн газрын шагнал юм. Яамны шагналд “Жуух бичиг ”, Засгийн газрын шагнал нь “Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”, “Ардын авьяастан хүндэт тэмдэг” ордог.
Шагналыг Яамны, Засгийн газрын шагнал гэсэн дарааллаар олгох бөгөөд өмнөх шагналаас гураваас доошгүй жил ажиллаж байж дараагийн шатны шагналыг олгоно.
ШАГНАЛ ОЛГОХ БОЛЗОЛ:
Жуух бичигт :
– Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан
– Ажлын өндөр амжилт гаргасан
– Онцгой бүтээл туурвисан
– Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй
– Соёл урлагийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан бол
Ардын авьяастан :
– Ардын урлагийн тодорхой төрлөөр мэргэшиж, уран бүтээлээ сурталчилж олны хүртээл болгосон, соёлын биет бус өвийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлэх өвлөн уламжлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн бус уран бүтээлч, соёлын өвийг өвлөн уламжлагч, ардын авьяастныг шагнаж болно.
Соёлын Тэргүүний ажилтан :
– Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан
– Ажлын өндөр амжилт гаргасан
– Онцгой бүтээл туурвисан
– Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй
– Соёл урлагийн салбарт 12-оос, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан бол
Дээрх шаардлагууд харгалзахгүйгээр Соёлын Тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаж болно.
– Олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож эхний гурван байрт шалгарсан, олны таашаалд нийцсэн онцгой солон уран бүтээл бүтээн туурвисан
– Мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийч, үлээвэр хөгжимчнөөр ажиллаж журмын энэ 2.1-д заасан хугацааны 50 хувийг хангасан
– 1990 оноос өмнө Улсын тэргүүний уран сайханч шагнал хүртсэн, улс, олон улсын их наадмын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
Шагналыг :
– Үндэсний их баяр наадам
– Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр
– Тухайн байгууллагын 50 болон түүнээс дээш 10 жилийн давтамжтай тэгш ой
– Соёл, урлагийн ажилтны өдөр
– Цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан олгоно
Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох
– Соёл, урлагийн салбарт 10-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага шагналд нэр дэвшүүлж болох бөгөөд дээрх /журмын 3.3-т заасан /баярын өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө баримтаа бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэлийн соёл, урлагийн газраар дамжуулан цаасан болон цахим хэлбэрээр явуулна.
Бүрдүүлэх материал
– Журмын хавсралтаар баталсан анкет
– Байгууллагын хамт олны хурлын тэмдэглэл
– Ажлын гүйцэтгэлийн үзүүлэлт
– Урьд шагнагдсан бол энэ тухай тэмдэглэл
– Журмын 2.2-т заасан болон бусад онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, нотолгооны хуулбар
– Шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг
Шагналыг шийдвэрлэх
Яамны шагналын асуудал хариуцсан албан хаагч энэ журмын шаардлагад нийцсэн баримтыг шагналын асуудал хариуцсан зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
Шагналын зөвлөлийн олонхийн санал авсан иргэнд сайдын шийдвэрээр шагналыг олгож, мэдээллийг яамны цахим хуудаст байршуулан, шагналыг аймаг, нийслэлийн соёл,урлагийн газар, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага,эсхүл тодорхойлсон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгнө.
Тэмдэг, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох
Шагналын тэмдэг, үнэмлэх, жуух бичгийг өөрийн буруу биш шалтгаанаар үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд өөрийнх нь өргөдлийг үндэслэн, үнийг нь төлүүлж нэг удаа солих буюу нөхөн олгож болно.
Холбоотой мэдээ