АНУ-ын Нью-Йорк хотын эмч нар дэлхийд анх удаа нүүр болон гар шилжүүлэн суулгах мэс заслыг нэгэн зэрэг амжилттай хийж чаджээ. Өнгөрсөн оны наймдугаар сард 140 хүнээс бүрдсэн эмч нарын баг 22 настай Жо Димеод 23 цаг үргэлжилсэн мэс засал хийсэн нь амжилттай болжээ.
Димео 2018 онд шөнийн ээлжийн ажлаа тарж яваад гэртээ харих замдаа жолооны ард унтсанаас осолд орж, машин нь шатсанаас биеийнх нь 80 хувь түлэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 20 гаруй удаагийн хагалгаанд орсон ч нүүр болон гарыг нь бүрэн сэргээж чадаагүй аж.
Ингээд 2019 онд Нью-Йорк дахь “NYU Langone” анагаахын төв рүү шилжүүлж, тэндээ жилийн дараа гар, нүүр шилжүүлэн суулгах мэс засалд орсон нь амжилттай болж, одоо тэр зовхио дахин нээж, бие даан дасгал хийж, өглөөний цайгаа бэлдэх гэх мэт өдөр тутмын ажил хийж чаддаг болсон байна.
Димеод хийсэн мэс засал нь гар, нүүрийг зэрэг шилжүүлэн суулгасан анхны мэс засал бөгөөд үүнээс өмнө хоёр ч удаа ийм мэс засал хийгээд бүтэлгүйтэж байжээ. Эхний өвчтөн нас барсан бол нөгөөгийнх нь гар үхэжсэн тул гарыг нь тайрахаас өөр аргагүй болж байжээ. Харин энэ удаад Жо Димеогийн бие махбодод шилжүүлэн суулгасан донор эрхтнүүд нь таарсан учраас хагалгаа амжилттай болсныг зарласан байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ