АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2021.02.04/ Йемэнтэй дайтаж буй Саудын Арабт үзүүлэх дэмжлэгээ зогсоох шийдвэр гаргаснаа зарлажээ. Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл хөрш Йеменд зургаан жилийн турш дайны ажиллагаа явуулж байгаа билээ. Жо Байден ахмад дипломатч Тимоти Лендеркингийг Йемен дэх тусгай элчээр томилж, хүмүүнлэгийн болон стратегийн гамшиг үүсгээд буй дайныг зогсоох ажлыг эхлүүлэхийг тушаажээ.
Йеменд болж буй дайныг НҮБ өнөөдрийн дэлхий дээрх хамгийн том хүмүүнлэгийн гамшиг гэж үздэг ба өдгөө тус улсын хүн амын 80 хувь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Түүнчлэн олон мянган хүн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсаар байгаа.
Байдены энэ алхам нь Дональд Трамп, Барак Обама нарын гадаад бодлогыг эсрэгээр нь эргүүлсэн шийдвэр болж байгаа юм. Гэхдээ АНУ өөрийн холбоотон Саудын Арабын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардыг гадны довтолгооноос хамгаалахад нь үргэлжлүүлэн туслахаа Жо Байден мэдэгдсэн байна. Саудын Араб ч АНУ-ын эрх баригчдын шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд тус улсыг гаднын довтолгооноос хамгаална гэсэн мэдэгдэлд нь талархаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters