Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун, Ходон нэртэй газарт үүрээр /2021.2.5/ 3,5-3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал,
- Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар 02.05-ны өдрийн 04:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт
- Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар 02.05-ны өдрийн 05:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй болохыг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Шинэ он гарсаар Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-нд баруун өмнө зүгт Модон хүй Арал газар газар 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл голомтоос 1000 орчим км зайтай орших Улаанбаатар хот, Булган, Орхон, Завхан зэрэг аймгуудад мэдрэгдсэн.
Газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орж, өөрчлөгдсөн байдаг. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат, Мөрөн сумын "Гурван гал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүссэн юм.
Түүнчлэн дээрх газар хөдлөлтөөс хойш Ханх суманд өнөөдрийг хүртэл дунджаар 3,5-3,7 магнитудын газар хөдлөлт болсоор байгаа юм.
Холбоотой мэдээ