ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, February 4, 2021
Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.02.05/ мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улсын хэмжээнд өчигдөр /2021.01.04/ нийт 14.283 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 25 нь ""Арьс шир" компанийн ажилтнууд юм. Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт өвчлөл бүртгэгдээгүй.
Сүүлийн үед халдварын тохиолдол маш их бүртгэгдэж байгаа тул хавьтлын тоо өндөр байна. Ойрын хавьтлуудаас Сovid-19 халдвар илэрч байна. Хамгийн идэвхтэй голомтууд нь "Арьс шир" ХХК, өчигдөр 18 хүнээс илэрсэн бол өнөөдөр 25 хүн болж нэмэгдээд байна. Мөн X апартмент хотхонд нийт 13 тохиолдол, банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдварууд нэмэгдэж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах гутлын цехээс эхтэй халдвар 26, Сонгинохайрхан дүүргийн Шөнийн зах худалдааны төвд гарсан халдвар 17 болсон. Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нийтийн байруудад халдвар идэвхтэй байна. Мөн Бэлх орчмын айлуудаас халдвар илэрч байна. Халдварын тохиолдол хоногт 30 гарч бүртгэгдэж байгаа тул амны хаалтаа зүүж, зах худалдааны төвөөр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөе.
Улсын хэмжээнд Сovid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 1928. Улаанбаатар хотод Сovid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 1092 болсон. Нийт 1928 тохиолдлын 1438 нь эдгэсэн. Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэж, эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д 485 хүн эмчлүүлж байна.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ НЬ ЭЕРЭГ ГАРСНЫГ НУУЖ БАЙНА
ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
-Нийслэлд 10 голомт идэвхтэй, өргөн хүрээтэй тархах магадлалтай байна. Ялангуяа гэр бүл, хамт олны хүрээнд өвчлөл тархаж байна. Мөн үйлдвэр, худалдааны байгууллагатай холбоотойгоор халдвар тэлэх хандлага ажиглагдаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн 2300 албан хаагч халдварын голомтыг цомхотгох арга хэмжээ авч ажилласан. Нийслэлд бүртгэгдсэн халдварын голомтуудын тархалтыг харвал цаашид үйлдвэр, худалдаа, аж ахуй нэгж байгууллагын дунд халдвар голомтлон тархах байдал ажиглагдаж байна. Учир нь, нэг байгууллагын ажилтан халдварт өртөхөд хамт ажиллаж буй 8 хүнд халдвар тарааж байна. Эдгээр найман хүн цаашлаад дунджаар 4-5 хүнд халдвар тарааж тухайн байгууллага халдварын голомт болж байгаа юм. Мөн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй байгууллагад халдвар тархах үндэслэл болно. Үйлдвэрт гарсан халдварын нөхцөл байдлыг судлахад цех нь агааржуулалт муутай, битүү, харанхуй байна. Энэ бол махны үйлдвэр, гутал, хүнсний үйлдвэрүүдийн нөхцөл байдал юм. Харанхуй, битүү агааржуулалт муутай орчинд халдвар хамгийн ихээр тархдаг. Албан байгууллагад ажиллагсад хүн хоорондын зай барьдаггүй, ажиллах орчин нь сийрэг бус байгаагаас халдвар тархаж байна. Нөгөөтэйгүүр, албан тасалгаанд ажилладаг хүмүүс амны хаалт зүүхгүй байгаа нь халдвар тархах үндсэн шалтгаан болж байна. Худалдааны салбарт ажилладаг хүний шинжилгээний хариу нь эерэг гарсан байхад нуусан тохиолдол гарлаа. Шинжилгээний хариу нь эерэг гарсан бол тухайн хүнийг ялгаварлан гадуурхах дарамт үүсгэж болохгүй, бас нуун дарагдуулж гэрт нь буцаахгүй тусгаарлах ёстой. Бие биеийгээ хүндэтгэж, эерэг хандаж байх нь чухал.
Дэлхий дахины халдварын эсрэг хэрэгжүүлж буй гол арга хэмжээ бол вакцин. Дэлхийн 67 оронд 109 сая хүн вакцин хийлгээд байна. Өдөрт дунджаар 4.5 сая хүн вакцин хийлгэж байгаа юм. Вакцин нь өвчлөлийн тархалтыг хязгаарлаж бууруулна. Мөн халдвараар өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр тусна. Хүндрэл, эндэгдлээс сэргийлэх давуу талтай. Вакцин хийлгээгүй нөхцөлд хамгийн үр дүнтэй арга нь хүн хоорондын зайг барих хэрэгтэй. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь өвчлөлөөс сэргийлэх, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. Хүн амын 60-аас дээш хувьд вакцин хийснээр сүргийн дархлаа үүсч, өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна гэж эрдэмтэд үзэж байна.
Цагаан сар ойртохын хэрээр хүмүүс үйлдвэр, худалдааны төвд олноороо үйлчлүүлэх, дугаарлах, хүний бөөгнөрөл үүсгэх, олноороо бөөгнөрч бууз баншаа хийх зэргээр эрсдэл үүсгэж байна. Нийслэлд халдварын дэгдэлт өндөр байгаа үед аль болох олноороо цуглахгүй байхыг анхааруулъя.
Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
–Иргэдийн дунд вакцин хүлээлт үүсгээд байна. Монгол Улс гадаадаас вакцин оруулж ирнэ гэж ярьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Вакциныг хэзээ авах вэ?
–Д.НАРАНГЭРЭЛ: Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн яам, Засгийн газар вакцин авахаар хөөцөлдөж байна. Тухайн үед Сангийн сайдаар ахлуулсан комисс ажилласан. Вакцин авахаар олон хувилбарыг судалж байна. Бидний хувьд хоёрдугаар сар болон гуравдугаар сараас вакцин орж ирэх болов уу гэж харж хүлээж байна. Тиймээс дархлаажуулалтын төлөвлөгөө гаргасан. ДЭМБ-аас 120 гаруй монгол эмч нарыг цахим сургалтад хамруулсан.
-Халдварын онош батлагдсан иргэдийг найман сая төгрөгөөр эмчилж байгаа юу. Эмчилгээний зардлын хэчнээн хувийг улсаас төлж байна вэ?
-Найман сая бол зөвхөн эмийн асуудал биш. Тухайн өвчтөнд эмээс гадна 4-5 төрлийн шинжилгээ хийж байна. Эмч тухайн өвчтөний биеийн байдлын онцлог, эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан эмчилгээ хийж байгаа юм. Мөн эмч нарын хамгаалах хэрэгслийн хувцас, эмч нарын зардал зэрэг орно.
–Гуравдугаар сард халдварын тархалт нэмэгдэж, оргилдоо хүрнэ гэх мэдээлэл байна. Эрсдэлийн үед эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангасан уу. Нөгөө талаас тоон мэдээллээс илүү бодит мэдээлэл өгөхгүй бол иргэд халдварын талаар буруу ойлголттой болж байна. Халдварт өртсөн ч эдгэдэг мэтээр ойлгож байна?
-Гуравдугаар сард халдвар оргил үедээ хүрнэ гэдэг нь үнэн. Тархварзүйн муруй өдрөөс өдөрт нэмэгдэж байна.Хоёрдугаарт, хавьтлуудын тоо, тусгаарлалтад орсон хүмүүсийн тоо нэмэгдэж байна. УОК болон ЭМЯ-тай хамтран ажиллаж буй эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр математек загварчлалаар халдвар нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргасан. Эмч, эмнэлгийн ажилтны нөөцөө бэлдэж байна.
-Улсын хэмжээнд халдварын чиглэлээр мэргэшсэн хэчнээн эмч байна. Нэг эмч хэчнээн өвчтөнийг хариуцаж байна. Хүчин чадал хүрэлцээтэй байгаа юу?
-Эрүүл мэндийн салбарт 54000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажилладаг. Тэднээс тархвар судлалын мэргэжилтэн 120 гаруй байна .Мөн эрчимт эмчилгээний 100 гаруй эмч бий. Хүн амын дунд 31 мянга гаруй хүн өвдөхөд эмч хүрэлцэнэ. Хэрэв цаашид нөхцөл байдал хүндэрвэл өндөр настны тэтгэвэрт гарсан, өөр мэргэжлээр ажиллаж буй хүмүүсийг дайчлан ажиллуулах төлөвлөгөө барина.
А.АМБАСЭЛМАА: Бид бэлэн байдлаа хангаж, халдварын нөхцөл байдлыг тооцож байгаа. Халдварын оргил үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тооцооллыг гаргасан. Хөнгөн болон хүнд өвчтөнүүдийн тооцооллыг математик загварчлалаар гаргасан. Нарийн тактик гаргасан тул эмнэлгүүд хариу арга хэмжээ авах бэлтгэлээ хангасан. Халдвартай хүн ямар ч байдлаар эмнэлэгт хандаж болно. Тухайлбал, хоёр хоногийн өмнө Цэргийн төв эмнэлэгт халдвартай хүн үйлчлүүлэхэд бид тусгаарлаж ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Эмнэлэг өвчтөнөө нэг нэгээр нь хүлээн авч байсан тул халдварыг тархаалгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажилласан байдаг.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ