“Жо Байден Орос, Хятад хоёр улстай адил зарчмаар харилцах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

“Жо Байден Орос, Хятад хоёр улстай адил зарчмаар харилцах хэрэгтэй”

“Жо Байден Орос, Хятад хоёр улстай адил зарчмаар харилцах хэрэгтэй”

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ыг “өрсөлдөгч”, БНХАУ-ыг “тэмцэлдэгч” хэмээн тодорхойлсон билээ. Ийнхүү хоёр улсыг өөр өөр үгээр тодорхойлсноос харахад Жо Байден Орос, Хятад улстай өөр, өөр зарчмаар харилцах бодолтой байгаа бололтой.

Гэвч ажиглагчид үүнийг алдаа хэмээн шүүмжилж байна. Тухайлбал, нэг улсад хандах бодлогоо нөгөө улсад хандах бодлогоос эрс ялгаатай байлгах нь тохиромжгүй. Цаашлаад үүнээс шалтгаалан бодлого аль аль талдаа гажуудаж, АНУ болон дэлхийн хамгийн хүчирхэг арми бүхий хоёр гүрний хооронд өрсөлдөөн улам хурцдаж, Вашингтоныг хэцүү байдалд оруулж болзошгүй хэмээн болгоомжлуулж байна.

Харин АНУ-ын төрийн тэргүүн хоёр өөр бодлого барихаасаа буцах бодолгүй аж. Учир нь, АНУ, Хятад улсын хооронд эдийн засаг, худалдаа наймааны ээдрээтэй байдал үүсээд буй энэ үед Бээжин эдийн засаг, технологи, хүч чадал, нөлөөллийн хувьд асар их хүчирхэгжиж байгаа нь Вашингтонд маш том сорилт болж буй. Харьцуулж үзвэл Орос орон Европт илт түрэмгий авирлаж, АНУ-ын байгууллагууд болон сонгуульд цахимаар халдахыг оролдох зэргээр шууд аюул заналхийлж байгаа агаад эсрэгээр АНУ-ын талаас Москватай үл тоомсорлох байдлаар харьцаж байгаа нь хүйтэн дайны уур амьсгалыг сэргээнэ. Өөрөөр хэлбэл, АНУ энэ байдлыг харгалзан үзээд Хятадтай  болгоомжтой нямбай, харин Оростой эрс шийдэмгий харилцах нь зүйтэй хэмээн Байден болон түүний багийнхан үзэж байгаа аж.

Харин зарим ажиглагчид Орос, Хятадын дээрх ялгаатай байдлыг үл харгалзаж АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Хятадын асуудалд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн үзэж байна. Хэрвээ тэгвэл Орос улсад хандуулах анхаарал багасч, Москваг Бээжинтэй улам илүү дотносч, хүчирхэгжүүлэхээс сэргийлэх боломжтой.

Гэвч дээрх хоёр сонголт чухал асуудлыг орхигдуулж байгаа аж. Нэгдүгээрт, АНУ, Орос хоёрын харилцаа муудах нь АНУ-д маш том гарз дагуулна. Тухайлбал, улам төвөгтэй, аюултай болж буй дэлхийн цөмийн зэвсгийн асуудлыг хянах эрх мэдэлд зөвхөн АНУ, Оросын удирдагчид өрсөлддөг. Түүнчлэн Европод болж буй цэргийн сөргөлдөөнийг ОХУ, АНУ, НАТО гурав л зохицуулах боломжтой юм. Мөн АНУ-ын цахим аюулгүй байдлын асуудалд АНУ, Орос хоёр орон л харилцан ойлголцох боломжтой. Түүнээс гадна хойд туйлын цаг уурын өөрчлөлтөд зөвхөн АНУ, Орос хоёр л хичээл зүтгэл гаргаж байж, үр дүн гаргана.

Хоёрдугаарт, хоёр улсад хандах бодлогыг салгах, эсвэл нэгтгээд гол анхаарлаа Бээжинд хандуулах нь зарим тулгамдсан асуудалд шийдэл болж чадахгүй аж. Тухайлбал, хоёр улсад өөр өөр байдлаар хандвал Орос, Хятад хоёр орны харилцаа цаашид улам хүчирхэгжиж, АНУ, Хятадын хооронд үүсээд буй хүйтэн дайны уур амьсгал улам аюултай түвшинд хүрэх талтай. Түүнчлэн дээрх хоёр бодлого аль аль нь Орос, Хятадын ижил төстэй түрэмгийллийг эсэгүүцэх зорилготой тул цаашид хоёр тал зарим шаардлагатай салбаруудад санал нэгдэн тэмцсэнээр АНУ-ын хүчийг сулруулах эрсдэлтэй гэнэ.

Орос, Хятад хоёр орон бодлогынхоо зарим чухал элементүүдийг АНУ-ын эсрэг зохицуулж эхэлснээс харахад ажиглагчдын дээрх таамаг биелж, эхэлж байгаа бололтой. Жишээ татвал, хоёр улс АНУ-д дайсагнасан гуравдагч орнуудыг дэмжиж, АНУ-ын болзошгүй эсэргүүцэлтэй тэмцэх зорилгоор цэргийн сургуулилтууд зохион байгуулж, олон улсын дэг журмыг зөрчсөн АНУ-ын либерал үйлдлүүдийг эсэргүүцэж байна. Ийнхүү хамтран ажиллаж байгаа нь АНУ-ын хувьд хоёр оронтой харилцах харилцааг улам хүндрүүлсээр байгаа юм. Мөн Орос, Хятад орон хоёулаа АНУ-тай хурцадмал харилцаатай байгаа нь тэдний дотносох том шалтгаан болж байгаа аж. Цаашдаа хоёр орны эдийн засаг, технологи, цэрэг, дипломат харилцаа улам гүнзгийрвэл зүүн Ази, төв Евроазийг хамарсан тэдний нөлөөлөл дийлдэшгүй болох аюултай гэнэ. Тиймээс ажиглагчид "Жо Байден Орос, Хятад хоёр улстай адил зарчмаар харилцах хэрэгтэй" хэмээн зөвлөж байна.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж