Бээжин-2022 өвлийн 24 дэх удаагийн олимпийн наадам нээлтээ хийхэд жил хүрэхгүй хугацаа үлджээ. Ирэх 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ний өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Хэбэй мужийн Жанчхүү хотод зохион байгуулагдах өвлийн олимпийн наадамд долоон спортын 15 төрлөөр баг тамирчид өрсөлдөнө. Хятад улс энэ удаагийн өвлийн олимпийн наадамд зориулж 3.9 тэрбум ам.долллар төсөвлөөд байгаа юм. Өмнө нь тус улс Бээжингийн зуны олимпийн наадамд зориулж 43 тэрбум ам.доллар төсөвлөсөн.
Өнгөрөгч Даваа гаригт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Ши Жиньпин дарга болон ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нар өнгөрсөн долоо хоногт Бээжингийн өвлийн олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах тал дээр тохиролцсон” хэмээжээ. Мөн тэрбээр “Бээжингийн олимпийн наадам гайхамшигтай арга хэмжээ болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээгээд олимпийн наадмыг цуцлах эсвэл хойшлуулах гэсэн үгнүүдийг дурдаагүй гэв.
Өвлийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн нь
IOС буюу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ 2012 оны аравдугаар сард 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй хотуудын материалыг хүлээн авч эхэлсэн. 2014 онд тус хорооны удирдах зөвлөлийн зүгээс Норвегийн Осло, Казахстаны Алматы, Хятадын Бээжин гэх гурван хотыг эцсийн шатанд үлдсэнийг зарлав. Гэвч Норвегийн парламент олимпийн наадамд санхүүжилт хийхээс татгалзаж, нэрээ татсан юм. Ийнхүү 2015 оны долдугаар сарын 31-ний өдөр Малайз улсын Куала Лампур хотод зохион байгуулагдсан ОУОХ-ны 128 дахь чуулганаар Бээжин хот Алматы хотыг 44-40 гэсэн саналын харьцаатайгаар ялж, 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхтэй болж байсан түүхтэй.
Сүүлийн гурван өвөл, зуны олимпийн наадам зүүн Азид зохион байгуулагдаж байна. Тодруулбал, 2018 оны өвлийн олимп БНСУ-ын Пёнчан хотод, 2020 оны зуны олимп Японы Токио хотод, 2022 оны өвлийн олимп Хятадын Бээжин хотод тус тус зохион байгуулагдах эрх авчээ.
Бээжин хот нь өвөл, зуны олимпийн наадмыг зохион байгуулсан анхны хотоор шалгарсан юм.
Эсэргүүцэлтэй нүүр тулсан нь
Өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр олон улсын хүний эрхийн байгууллагууд нэгдэж, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахт захидал илгээжээ. Тус захидалд, Хятадын засгийн газраас Шинжаан-Уйгур, Төвөд, Хонгконг, Өвөр Монгол зэрэг газруудад хэрэгжүүлж буй төрийн арга хэмжээ, бодлого нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Тус улсад олимпийн наадмыг зохион байгуулах нь олимпийн үнэ цэнийг алдагдуулж буй хэрэг гэжээ. Мөн “ОУОХ-оо гаргасан алдаагаа эргэн харж, хүний эрхийн талаарх Олимпийн Хартийн үндсэн зарчмуудаа даган мөрдөж, улс төрөөс ангид гэдгээ яаралтай харуулахыг бид хүсч байна. ОУОХ ёс суртахууны итгэл үнэмшлээ дахин эрсдэлд оруулах хэрэггүй" хэмээн бичсэн байна.
Харин ОУОХ-ноос гаргасан хариу мэдэгдэлд “ОУОХ улс төрийн асуудал дээр төвийг сахисан байр суурьтай байгаа бөгөөд улс орнуудад олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олгохдоо тухайн орны улс төрийн бүтэц, нийгмийн нөхцөл байдал, хүний эрхийн хэм хэмжээг зөвшөөрч байгаа гэсэн үг биш” гэжээ.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижиан Бээжин хотод болсон хэвлэлийн хурлын үеэр энэхүү захидлыг буруушааж, “Спортыг улс төржүүлэх хэрэггүй. Хятад улс энэхүү захидлыг эрс эсэргүүцэж байна” хэмээн шүүмжилсэн.
Гэвч энэ асуудал дээр томоохон улс орнууд ч өөрсдийн байр сууриа илэрхийлж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадмыг бойкотлох нь зөв гэж байв. Жишээлбэл, АНУ-ын сенатч Рик Скоттын зүгээс ОУОХ-ын дэд ерөнхийлөгч Анита ДеФрантцад хандан Хятадад олгосон эрхээ эргэн нэг харахыг хүсчээ. Харин ОУОХ-ны зүгээс түүний энэхүү хүсэлтэд татгалзсан хариу өгсөн юм. Сенатч Рик Скоттоос гадна Их Британийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Доминик Рааб хийсэн мэдэгдэлдээ Их Британийн баг тамирчид Бээжингийн өвлийн олимпийн наадмыг бойкотлож магадгүй гэж ярьж байжээ. Үүгээр зогссонгүй Хятад улс Австрали улсын эсрэг худалдааны хориг тавьсан бөгөөд хариуд нь Австралийн сенаторууд Бээжингийн өвлийн олимпийг бойкотлох санал гаргаж байв. Гэвч Австралийн Засгийн газрын зүгээс олимпийг улс төртэй холбохоос татгалзаж, саналыг нь дэмжээгүй аж.
Бүтээн байгуулалт
Дээр дурдсанчлан, Хятадын засгийн газраас өвлийн олимпийн наадамд зориулж, 3.9 тэрбум ам.доллар төсөвлөсөн. 2008 оны зуны олимпийн наадамд зориулж барьсан барилга, байгууламж, цэнгэлдэх хүрээлэнгүүд байгаа учир дэд бүтэц, байгууламж тал дээр Хятадууд санаа зовсонгүй. Харин баг тамирчдын байрлах бага хэмжээний олимпийн тосгон барих хэрэгтэй болов. Учир нь өмнөх 2008 оны олимпод зориулан барьсан олимпийн тосгоноо ард иргэддээ хувьчилжээ. Ингээд үндэсний олимпийн спортын төвийн ойролцоо олимпийн ногоон бүс нутагт олимпийн тосгон болон 12 мянган хүний суудалтай тэшүүрийн зууван ордон барих ажлаа эхлүүлжээ.
Олимпийн тосгоноос гадна Бээжин хотын Шижиншан дүүрэгт снөүборд, чөлөөт цанын төрлүүдэд зориулсан байгууламж, Янчин дүүрэгт бобслей, скелетон, санный спортод зориулсан 5000 хүний суудалтай цэнгэлдэх тус тус баригджээ.
Спортын барилга, байгууламж, тосгоноос гадна зам тээвэрт багагүй анхаарлаа хандуулсан. Өвлийн олимп явагдах Бээжин болон Жанчхүү хотуудын хооронд шинэ төмөр зам тавьжээ. Энэхүү төмөр замаар 350 км/цагийн хурдтай хурдны галт тэрэг 50 минутын дотор үзэгчдийг зорьсон газарт нь хүргэнэ. Мөн Бээжин хотын метрог өргөтгөх ажил эхэлж, 2022 он гэхэд метроныхоо нийт уртыг 1000 км болгохоор ажиллаж байна.
2019 оны есдүгээр сард нээлтээ хийсэн Бээжингийн Дашин шинэ нисэх онгоцны буудал нь Хэбэй муж, Тяньжинь хот болон Бээжин хотын нутаг дэвсгэрт дамнан оршдог.
Монголын өвлийн олимпийн баг тамирчид
Монгол Улс сүүлийн жилүүдэд гүйлтийн цанын спортын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчнаа өвлийн олимпийн наадамд илгээж байна. Угтаа Монгол Улс биатлон, гүйлтийн тэшүүр, гүйлтийн цанын спортод тамирчдаа илгээж байсан түүхтэй. Гэвч гүйлтийн тэшүүр, биатлоны спортын олимпийн буухиа тасарчээ.
Гүйлтийн тэшүүрийн тамирчид хамгийн сүүлд 2002 оны Солт-Лэйк Ситигийн өвлийн олимпод оролцож, тухайн үед Г.Жаргаланчулуун, Б.Октябрь нар өрсөлдөж байв. Харин биатлончид тэртээ 1968 оны Греноблийн өвлийн олимпод оролцоход Б.Дашгай, Б.Дамдинжав нар эх орноо төлөөлж байжээ. Тэгвэл хамгийн сүүлд зохион байгуулагдсан 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд Б.Ачбадрах өрсөлдөж 97-р байранд орсон бол эмэгтэйчүүдийн цанын гүйлтийн 10 км зайд Ч.Отгонцэцэг өрсөлдөж, 84-р байрт орж байв.
Монгол Улс өвлийн олимпийн наадамд 14 удаа оролцоод байна.
Саяхан Монголын гүйлтийн цанын шигшээ баг дасгалжуулагч ОУХМ Б.Энх-Амгалангийн удирдлага дор Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, О.Золбаяр, Б.Ганбаяр, А.Энхтуул, Б.Номин-Эрдэнэ, Б.Номуунаа зэрэг тамирчид Бээжин-2022 өвлийн олимпийн эрхийн төлөө Финланд улсыг зорьсон. Тэд Финланд улсын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, ирэх хоёрдугаар сарын 22-ний өдөр Герман улсын Оберстдорф хотноо зохион байгуулагдах 42 дахь удаагийн цанын ДАШТ-д оролцоно. Мөн гүйлтийн тэшүүрийн А.Зул, биатлоны Э.Энхсайхан, Ц.Адъяажаргал, Т.Ариунболд, М.Должинсүрэн, Д.Энхчимэг нарт олимпийн наадамд оролцох боломж бий.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсад 60м х 30м хэмжээтэй мөсөн гулгуурын талбайтай, хоккей, уран гулгалт, шорт трейк, уран гимнастик зэрэг спортын төрлөөр хичээллэх боломжтой олон улсын жишигт нийцсэн Степпе арена баригдаж байна.
Холбоотой мэдээ