“Засгийн газраас дулааны эрчим хүчний үнийг хөнгөлсөн нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд том дэмжлэг болсон"

Хуучирсан мэдээ: 2021.02.05-нд нийтлэгдсэн

“Засгийн газраас дулааны эрчим хүчний үнийг хөнгөлсөн нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд том дэмжлэг болсон"

“Засгийн газраас дулааны эрчим хүчний үнийг хөнгөлсөн нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд том дэмжлэг болсон"
 “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан:

Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн өнөөгийн байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд болон Монгол Улсын Засгийн газрын 211-р тогтоолын хэрэгжилт, дулааны эрчим хүчний үнийн чөлөөлөлт, хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар “УБДС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярсайхантай ярилцлаа.


-Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн өнөөгийн байдал, өвлийн оргил ачааллын үеийн ажиллагаа ямархуу явагдаж байгаа талаар тодруулвал?

-2020 онд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2500 гаруй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах аж ахуйн гэрээтэй хэрэглэгчдийн нийт 11.950 гаруй барилга, байгууламжийн дулааны эрчим хүчний хэрэглээг Амгалан дулааны станцХХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХКиудад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хэвийн ханган ажиллаж байна.

-Өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээ дунджаар ямар байгаа вэ?

-Жилд дунджаар 150-200 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 350-400 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдож дулааны эрчим хүчний хэрэглээ жилдээ 4-6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-Хотын дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын хэмжээ давсан үзүүлэлттэй байгаа гэсэн. Энэ талаар тодруулвал?

-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем өнөөдрийн байдлаар 23.500тн/ц-ийн зарцуулалттайгаар горим ажиллагаа хэвийн явагдаж байна. Төвлөрсөн дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал өнөөдрийн байдлаар давсан үзүүлэлттэй байгаа. Компанийн хувьд төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх талаар жил бүр анхаарч насжилтын хугацаа дууссан төв шугамуудыг шинэчлэн солих, шинээр шугам татах ажлыг үе шаттай хэрэгжүүллээ. Тухайлбал улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон компанийн хөрөнгөөр дамжуулах сүлжээнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд 80.4 км урт дулааны шугамыг өргөтгөн шинэчилсэн. 2020 онд компанийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нийт 14 байршилд насжилтын хугацаа дуусч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 2573 метр хос шугамыг шинэчлэн солих ажлыг хийж, төвлөрсөн дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааны түвшинг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

-Монгол Улсын Засгийн газраас дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах 211-дүгээр тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилт дулааны эрчим хүчний салбарт ямархуу явагдаж байгаа вэ?        

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 211 дүгээр тогтоолоор айл өрх болон зарим аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан гарсан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”, “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тогтоолын хүрээнд нийслэл хотын хэмжээнд  245.0 мянга гаруй айл өрхийн 92.3 хувь нь дулааны эрчим хүчний хөнгөлөлтөнд 100% хамрагдсан.

-100м2-аас дээш айл өрх хичнээн хувийг эзэлж байгаа вэ?

-Засгийн газрын 211-р тогтоолд тусгагдсанаар 100м2-аас илүү гарсан талбайн дулааны төлбөрийг тухайн иргэн өөрөө төлөхөөр заагдсан. Нийслэл хотод 100м2-аас илүү талбайтай 18.000 гаруй айл өрх буюу 7.7 хувь нь илүү м2-ийн төлбөрөө хугацаандаа төлж байна.

-Аж ахуйн нэгжүүдийн хэдэн хувь нь дулааны эрчим хүчний хэрэглээ 100 хувь чөлөөлөгдөж байгаа вэ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 17,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагын ойролцоогоор 80-аад хувь нь засгийн газрын хөнгөлөлтөд хамрагдаж байна. Монгол Улсын Засгийн газрын 211-р тогтоолд зааснаар үйл ажиллааны 9 чиглэлээр буюу өмнөх оны мөн үеийн хэрэглээнээс давсан хэрэглээг өөрөө төлөх хэрэглэгч 3,5 мянга гаруй хэрэглэгч буюу 20 орчим хувийг эзэлж байна.

-Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэнд дулааны төлбөрийг өмнө жилийн хэрэглээтэй дүйцүүлж тооцож байгаа. 2020 онтой харьцуулахад дулааны эрчим хүч хэрэглэгчдийн дулааны хэрэглээнд өөрчлөлт хэр их гарч байгаа вэ?

-Нийслэл хотын хэмжээнд 2019 оны 12 сар, 2020 оны 12 сартай харьцуулахад гадна агаарын температур 4.7 хувиар нэмэгдсэн тул  дулааны эрчим хүчний хэрэглээ 13 хувиар өссөн тооцоо гарсан. Засгийн газрын 211-р тогтоол гарсантай холбогдуулан дулааны эрчим хүчний хэрэглээг 2019 оны 12 сартай харьцуулахад дулааны эрчим хүчний зүй бус хэрэглээ нэмэгдээгүй, хэт ачаалал үүсээгүй дулаан хангамж хэвийн хэмжээнд байгаа.

-Засгийн газрын 211-р тогтоолд хамрагдахгүй 9 чиглэлийн байгууллагуудын дулааны төлбөр төлөлт хэвийн хэмжээнд явагдаж байгаа юу?

-2021 оны 01 сарын байдлаар Засгийн газрын тогтоолд тусгагдсан төлбөрөө өөрсдөө хариуцах аж ахуйн нэгж байгууллагуудын дулааны эрчим хүчний төлбөр төлөлт 80 гаруй хувьтай хэвийн хэмжээнд үргэлжилж байна.

-Дулааны эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын Засгийн газраас чөлөөлсөнтэй холбоотой иргэд аж ахуйн нэгжүүдээс танай компани дээр үл ойлголцох, хүндрэлтэй асуудал үүссэн үү?

-Манай компанийн зүгээс дулааны эрчим хүч хэрэглэгч нартаа цаг тухай бүрт нь мэдээллийг өгөх, хэрэглэгчийн дуудлага хүлээн авах 7004-7005 утсыг 24 цагаар ажиллуулж байна. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан шууд гэрээтэй 2500 гаруй иргэд, аж ахуйн нэгжүүдэд төлбөрийн нэхэмжлэлийн дэлгэрэнгүй мессежийг тогтмол явуулж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдээс төлбөр 100 хувь чөлөөлсөн, хөнгөлсөн, Монгол Улсын Засгийн шийдвэрт талархсан, үйл ажиллагаанд нь сайнаар нөлөөлж байгаа зэрэг 1120 гаруй талархсан хариу мессежийг манай компанид ирүүлсэн.    

-Сүүлийн жилүүдэд дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ нь гэр хорооллын дахин төлөвлөлт, агаар орчны бохирдлын бууруулах чиглэлээр хийгдсэн шугамын сүлжээ нэмэгдэж байгаатай холбоотой юу?

-Нийслэл хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан 2020 онд 5 байршилд томоохон өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хэрэгжүүлснээр төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний хамрах хүрээг тэлж нэмэгдүүлсэн. 2020-2021 оны халаалтын улиралд нийт 12.4 км хос шугам, тоноглолыг шинээр ажиллагаанд залгасан. Тухайлбал Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу дэд төв, Ханын материал орчмын хэрэглэгчдийг хангадаг гол шугамуудыг өргөтгөж ажиллагаанд залгасан.

Нийслэл хотын зүүн хэсгийн агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БЗД-ийн 10-р хороо, Төмөр замын 2-р анги Амгалан орчмын барилгуудыг дулаанаар хангах шугамуудыг дулаанд холбож 65 барилгыг төвлөрсөн дулаанд холбосон.

-Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон ажлууд, шийдлүүд хэрэгжиж байна. Танай компанийн эхлүүлсэн халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлууд ямар шатандаа явж байгаа вэ?

-2020 онд Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж, байнгын галлагаатай агаарт хорт утаа ялгаруулж байсан 77 байршлын буюу иргэн, аж ахуй нэгж байгууллагын бага, дунд чадлын нийт 83 нам даралтын усан халаалтын зуухыг бүрэн зогсоож зуухнаас дулаанаар халж байсан 161 барилга, объектыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбож ажилласан.

Сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэл хотод байнгын галлагаатай ажиллаж байсан бага дунд чадлын нийт дүнгээр 386 халаалтын зуухыг бүрэн зогсоож, 595 барилга, объектыг төвлөрсөн дулаан хангамжид холбож иргэд оршин суугчдын ая тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлээд байна.

Энэ ажлын үр дүнд түүхий нүүрсний хэрэглээг жилд нийт 18395тонн-оор, агаарт хаягдах нарийн ширхэгт тоосонцор дэгдэмхий үнс, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл зэрэг хорт хаягдлын хэмжээг 1042тонн-оор тус тус бууруулж чадсан нь тус компанийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн томоохон ажлууд болсон. Улмаар иргэд оршин суугчдын тав тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулаад зогсохгүй агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирох нөлөөллийг бууруулж өгсөн.

-Нийслэл хот эрчимтэй барилгажиж тэлэлт явагдахын хэрээр дулаан хангамжийн хэрэглээ, хэрэгцээ өнөөдрийн бас нэг тулгамдаж буй асуудал болж байна?

Одоогийн байдлаар төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд нь техникийн нөхцөлийн хүлээгдэж байгаа дулааны хэрэглээ сүлжээнд нэмж холбогдоход хүчин чадлын дутагдалд орохоор урьдчилсан тооцоолол байгаа. Өсөн нэмэгдэж байгаа энэхүү дулааны эрчим хүчний хэрэглээ буюу дахин төлөвлөлт болон техникийн нөхцөлөөр олгосон хүлээгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг хэвийн найдвартай хангаж ажиллахын тулд эх үүсвэрүүдийн өргөтгөл, шинэчлэлтээс гадна нийт шугамын 27% буюу насжилтын хугацаа 30 жилээс дээш хэтэрсэн 90 км урттай шугамыг шинэчлэн солих, төв шугамуудыг өргөтгөн шинэчлэх, даралт өргөх насос станцуудын өргөтгөлийн ажлыг хийх шаардлага байгаа. Эдгээр өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хамрах хүрээ тэлэх шинээр хэрэглээ нэмж холбох боломж бүрдэж, дулааны эрчим хүчний үр ашиг, чанар, хүртээмжийг сайжруулж хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй хангах дулаан түгээлтийн техникийн эдийн засгийн үзүүлэлт дээшилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж