Энэ жил тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Энэ жил тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ

Хаврын тариалалт эхлэх гэж буйтай холбогдуулан газар тариалангийн салбартай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд эрчимтэй яригдаж байна. Тиймээс тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт болон тариалалтын бэлтгэл ажил зэрэг асуудлыг тодруулахаар ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.

-Хаврын тариалалт эхлэх гэж байгаа энэ үед тариалан эрхлэгчдийн зүгээс хөнгөлөлттэй зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэ ажил өнөөдрийн байдлаар ямар шатандаа явж байна вэ?

-Өнгөрсөн зуны хувьд тариалангийн бүс нутагт хур бороо багатай, гантай, салбарын хувьд хүндхэн жил болж өнгөрсөн.Тиймээс ХХААЯ өнгөрсөн зунаас эхлэн энэ жилийн хаврын тариалалтад анхаарч, бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн бөгөөд энэ жил тариаланчдад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил дуусч, хэрэгжүүлэх шатанд орсон. Гантай байсны улмаас тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээний ургацаа алдаж, эрсдэл хүлээсэн нь энэ хаврын тариалалтад хүндрэл үүсгэж болзошгүй байсан тул хаврын тариалалтын эргэлтийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээлий асуудлыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зүгээс УИХ, Засгийн газарт санал оруулж, шийдвэрлүүлсэн. Үүний дагуу тариалангийн салбарын дунд хугацааны хөтөлбөр батлагдаж, 100 тэрбум төгрөг хүртэлх эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар болсон. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийнсанхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.ХХААЯ-ны зүгээс 1500 гаруй тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, компаниудын нэрийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлээд байна. Харин энэхүү зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах юм.

-ХХААЯ-ны зүгээс энэ хавар тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоос өөр ямар дэмжлэг үзүүлж ажиллаж байна вэ?

-ХХААЯ-ны харъяа "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" тариаланчдыг дэмжиж ажилладаг. Энэ сангаас тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй үнэ, нөхцлөөр үрийн буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, ХАА-н техник тоног төхөөрөмж  нийлүүлдэг , эргээд тариаланчдаас тариалсан бүтээгдэхүүнээр тооцон төлбөрийг хүлээн авдаг. Энэ хаврын тухайд дээр дурдсан хөнгөлөлттэй зээлээс гадна сангаас 20 гаруй тэрбум төгрөгийн үрийн буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, трактор тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж ажиллана. Тухайлбал, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа “Тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх” төслийн хүрээнд нийлмэл бордооны үнийн 60 хувийг чөлөөлж тонн тутмыг нь 400 мянган төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ. Түүнчлэн намар 70 хувийг нь үрийн болон хүнсний буудайгаар төлөх гэрээгээр үрийн буудай, ургамал хамгааллын бодис нийлүүлнэ. Үүнээс гадна 165, 125 морины хүчтэй дунд оврын тракторыг нийлүүлнэ.

Өөрөөр хэлбэл ХХААЯ нь өнгөрсөн жилүүдийн тусламж, дэмжлэгээ бууруулалгүй, илүү хөнгөлөлттэй нөхцөл боломжоор тариаланчдаа дэмжихээр бэлтгэл ажлаа базааж, хэрэгжүүлж эхлээд байна.

– Хөгжлийн банкнаас 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох боллоо гэхэд эхний ээлжинд энэ аж ахуй нэгж, компанид өгнө гэсэн шаардлага, шалгуур бий юу?

-Зарим нэг томоохонд тооцогдох тариалан эрхлэгч компаниудын захирал, ерөнхийлөгч нар  энэхүү зээлийг аваад энэ жилийн хаврын тариалалтад бус, өнгөрсөн жилийн зээлээ дарах гэсэн сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ ийм асуудал огт байхгүй гэдгийг энд хэлмээр байна. Учир нь энэхүү хөнгөлөлттэй зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад л зориулан хийгдэж буй ажил юм. Хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэрүүд ч мөн ингэж гарсан байгаа. Хөгжлийнбанкны эх үүсвэрээс олгогдох зээл нь эргэн төлөгдөх эх үүсвэртэй зээл учраас, арилжааны банкаар дамжиж шийдэгдэнэ.Ингэхлээр тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, компаниуд арилжааны банк дээр зээл яаж авдаг, судлуулдаг тэр журмаар судлуулаад зээлд хамрагдах боломжтой. Харин зээл нь гарсан аж ахуй нэгжүүд зээлийн санхүүжилтээр зөвхөн энэ хаврын тариалалтад зарцуулах ёстойг энд дахин тэмдэглэн хэлье.Шаардлагын хувьд зээлийг зориулалтын дагуу буюу хаврын тариалалтад зориулж, үр тариа, бордоо авах, шатахуун түлшээ бэлтгэх, ажилчдынхаа цалин хөлсийг тавих зэрэг тариалалттай холбогдсон шаардлагыг л тавьж байгаа.

– Хөнгөлттэй зээл олгох нь нэгэнт тодорхой болсон. Хэзээнээс тариалан эрхлэгчид арилжааныбанкнаас зээл авах боломж нээгдэх вэ?

-Хөгжлийн банкны зүгээс зээл олгох арилжааны банкуудтайгаа тохирч, гэрээ хэлцэл хийх ажил нь журмын дагуу явагдана. ХХААЯ-ны зүгээс 1500 гаруй тариалан эрхлэгч иргэн, аж ахуйннэгж, компаниудынхаа нэрсийг Хөгжлийн банкинд хүргүүлсэн байгаа. Зээлийн хугацаа нь хөтөлбөрийн дагуу 2 жил байна.

-Энэ жил урамшуулал олгогдох уу?

Өнгөрсөн намрын ургац хураалтаас 111 мянган тонн хүнсний улаан буудайг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан байна. Энэхүү буудайнд нь хуульд заасныдагуу тонн тутамд нь 50 орчим мянган төгрөгийн урамшуулал олгуулахаар яам ажиллаж байна. 

-Тариалан эрхлэгчдийн зүгээс үрийн улаан буудайн нөөц хомс байна. Мөн импортын улаан буудайг ихээр оруулж ирж нөөцөлж байна. Энэ нь бидний ажилд чөдөр тушаа болж байна гэх болсон. Энэ тал дээр тайлбар өгвөл?

-Манай улсын хэмжээнд 47-48 мянган тонн үрийн улаан буудай ашиглан тариалалт хийдэг. Харин Монгол Улс хүнсний хэрэгцээндээ сардаа 22 мянган тонн, жилдээ 250 мянга орчим тонн гурилын хэрэгцээ шаардлагатай байдаг. Өнгөрсөн жилийн тухайд 111 мянган тонн хүнсний улаан буудайг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд гурилын үйлдвэрүүд болон тариалан эрхлэх санд тушаасан байна. Энэ ургацыг хэрэглээгээр нь бодволгурван сар хагасын хэрэглээ буюу 11 сараас эхлэн тооцвол 2 дугаар сарын дунд гэхэд дотоодоос нийлүүлсэн буудайны нөөц дууссан. Одоо  импортын хүнсний улаанбуудайн нөөцөөр дотоодын нийлүүлэлтийг хангаж байна. Өнөөдрийн байдлаар 60 орчим мянган тонн орчим импортын улаан буудай импортоор орж ирсэн байна. Энэ нь манай улсынхоёр сар хагасын хэрэглээг хангах нөөц ба 5 сархүртэлх нөөц юм. Тиймээс дараагийн ургац хураалт хүртэл зохиомол хомсдол үүсгэхгүй, хүнсний хэрэгцээгээ тасалдуулахгүй байх, үнийн хөөрөгдлийг бий болгохгүйн үүднээс импортын хүнсийг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай. Хүнсний улаан буудай, үрийн улаан  буудай бол Монгол Улсын стратегийн чухал хүнс гэж тооцогддог. Бидний гол хүнсний хэрэглээ бол гурил гурилан бүтээгдэхүүн, мах байдаг шүү дээ. Тиймдээ ч хүнсний тухай хуульд зааснаар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс жилд тодорхой хэмжээний улаан буудайг оруулж ирэх шаардлагатай гэдэг зөвлөмжийг ХХААЯ-нд ирүүлдэг. Үүний хүрээнд энэ жил 125 мянган тонн хүнсний улаан буудайг импортлох шаардлагатай гэсэн зөвлөмжийг ирүүлсэн. Энэ хэмжээний хүрээнд стратегийн хүнс импортлох ажил хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар дээрх импортын улаан буудайн тал хувь нь орж ирээд байна. Бүрэн орж ирэхгүй бол дотоодод хүнсний улаан буудайн хомсдол үүсч, гурил гурилан бүтээгдэхүүний үнэ  өсч, инфляци хөөрөгдөх сөрөг талтай. Тэгэхээр иргэд илүү үнэтэйгурил, будаа талх авах болно гэсэн үг. Тиймээс импортын улаан буудай оруулах нь тариалан эрхлэгчдийн ажилд ямар нэг чөдөр тушаа болохгүй, иргэдийг үнэтэй гурилан бүтээгдэхүүн худалдан авах, зохиомол хомсдолд орохоос сэргийлж буй явдал гэж ойлгох хэрэгтэй.

-Дотоодын болон импортын хүнсний улаан буудайн үнэ ханш хэдий хэмжээний зөрүүтэй байдаг вэ?

-Энэ намрын ургацын хувьд дотоодын 1 тонн хүнсний улаан буудай 580 мянга, өмнөх онд 550 мянган төгрөгийн ханштай байсан. Харин ОХУ-аас авч байгаа импортын улаан буудай нь нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татварын 20 хувь нэмэгдээд, энэ өвөл 480-490 мянган төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа. Гэхдээ гурил, хүнсний улаан буудай нь үндэсний аюулгүй байдал, хүнсний асуудалтай холбоотой стратегийн хүнс учраас хүнсний улаанбуудайн тариалалтад Засгийн газар, ХХААЯтариаланчдад дэмжлэг үзүүлж ажилладаж байгаа. Үүний илрэл нь ХХААЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сан юм. 

-Үрийн болон хүнсний улаан буудайн импорт нь ОХУ-аас хамгийн чанар муутай буудайг оруулж ирдэг гэж тариаланчид ярьсан байсан. Ер нь импортын үрийн болон, улаан буудай нь чанарын шаардлагыг хэр хангасан байдаг вэ?

-Үрийн болон хүнсний улаан буудай нь стратегийн чухал хүнсэнд тооцогддог. Хүнсний бүтээгдэхүүнийг хилээр оруулахад мэргэжлийн хяналтын байгууллага,  өндөр хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын байгуулага бүтэц бүрэлдэхүүн, шат дамжлагатайгаар хяналт тавьж байхад чанаргүй бүтээгдэхүүн орж ирнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Мөн экспортлогч улсын хяналт шалгалт гэж байна. Тиймээс чанарын хувьд асуудалгүй, Монгол Улсын стандартад нийцсэн үрийн болон хүнсний улаан буудай импортолж байгаа гэж ойлгож болно.

-Үрийн улаан буудайны нөөц хомсдсон. Одоо тариалалт эхлэх гэж байхад үрийн буудайгүй байна гэх асуудал тариаланчдын зүгээс их гарч байна. Ер нь энэ хаврын тариалалтад хүрэхүйц  үрийн нөөц байгаа юу?

-Манай тариаланчдын дунд "Үрээ идэхээр, үрээгээ ид" гэсэн хэлц үг байдаг. Ихэнхи тариаланчид маань ирэх хаврын тариалалтын үрээ намар нөөцөлж авч үлддэг. Энэ хаврын тариалалтад улсын хэмжээнд 20 мянган тонн үрийн буудай дутагдана гэсэн тооцоог өнгөрсөн намар мэргэжилтнүүд тооцож гаргасан бөгөөд энэ хэмжээний үрийн буудайн импортлох квотыг ХХААЯ-наас тариаланчдад түргэн шуурхай, нэг цонхны бодлогоор олгож эхэлсэн. Үрийн буудайн үнийг хөөрөгдөхгүй, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэмэлт дарамт үүсгэхгүйн үүднээс ХХАА-н сайд үрийн буудай импортын үрийн буудайны гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж УИХ, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлсэн. Энэ нь мөн энэ хаврын тариалалтад дэмжлэг үзүүлж байгаа төрийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Одоогийн байдлаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.5 мянган тонн үрийн улаан буудайг нөөцөлсөн, дотоод нөөц боломжиндоо тулгуурлаад ОХУ-аас нэмж 8 мянган тонн үрийн буудай нийлүүлэхээр ажиллаж байна. Үрийн улаанбуудайг дээр хэлсэнчлэн тариалан эрхлэгчдэд 30 хувийн урьдчилгаа төлөлттэйгээр,70 хувийг буудайгаар төлөх нөхцөлтэйгээр олгоно. Тиймээс тариаланчид, Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр очоод өмнөх жил хэдий хэмжээний ямар үрийн буудай яаж авч байсан тэр журмаараа үрийн буудайгаа аваад, тариалалтаа эхлэх бэлтгэлээ базаах боломжтой.Үүнээс гадна онцгой байдлын улсын нөөцөд тав орчим мянган тонн үрийн улаан буудай бий.

-Танд баярлалаа.

-Цаг үеийн чухал сэдвээр ярилцсан танд ч бас баярлалаа. Амжилт хүсье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж