Цэцийн гишүүн нь улс төрийн захиалга биелүүлдэг болсны харгай юу, эсвэл Үндсэн хуулийн заалтыг өөрийнхөөрөө тайлбарладаг болсон нь энэ үү?
"Оюуны-Инноваци" төрийн бус байгууллагын зүгээс гадаад улсад оршин суугаа иргэдийнхээ эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарласан Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн, Цэцэд гомдол гаргасан ч гишүүн нь уг тогтоолыг хянаж үзээд, “Гадаадад гацсан иргэдийн эх орондоо ирэх эрх зөрчигдөөгүй” гэж үзсэн байх юм.
Цэцийн гишүүн үндэслэлээ “Монгол Улсын иргэний гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхэд хуулиар хязгаарлалт тогтоож болох бөгөөд тэр нь нэгдүгээрт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт, тухайн иргэний эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт, тодорхой тогтоосон түр хугацаатай байх шалгууртай…” тул маргаан үүсгэх боломжгүй гэж тайлбарлажээ. Энэхүү тайлбараа хоёрдугаар сарын 1-нд гаргаж, "Оюуны-Инноваци" төрийн бус байгууллагад хүргүүлсэн байгаа юм.
Уучлаарай, Монгол Улсын иргэн бүр эх орондоо ирэх, гэртээ харих эрхтэй. Энэ бол таны манаж буй Үндсэн хуульд заасан заалт гэдгийг тодотгоё.
Учир нь дээрх тайлбарыг гаргахаас арав гаруй хоногийн өмнө Хүний эрхийн үндэсний комисс Улсын онцгой комисст хандан илгээсэн шаардлагадаа “Монгол Улсын гадаад дахь иргэдийн эрх зөрчигдөж буй асуудал нь Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, мөн Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг зөрчиж байгааг тодотгосныг сануулъя.
Тодруулбал, уг шаардлагад “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь заалтад “Монгол Улсын иргэн… гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 6 дахь заалтад “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэж тус тус заасан.
Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 13 дугаар зүйлийн 2-т “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.”, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 4-т “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж заасан заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах шаардлагатай” гэж тодотгосон юм.
Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Гадаад дахь иргэдээ татан авах ажлыг яаралтай зохион байгуулах ёстой” гэж үзэн, Төрийн ордонд суулт хүртэл зарласан.
Эцэст нь УИХ намрын чуулган завсарлуулахаас урьтаж, Цар тахалтай тэмцэх хуульд өөрчлөлт оруулснаар гадаад дахь иргэдийн эрх зөрчигдөж буй асуудлыг нааштай шийдвэрлэхийн тулд тодорхой заалт оруулж өгсөн. Тухайлбал, тусгай үүргийн нислэг гэнэт цуцлагдсан тохиолдолд тасалбар захиалсан иргэдийн хоол унд, орон байраар хангах зэрэг ажлыг төр хариуцаж байхаар заасан.
Харин Цэцийн гишүүний хувьд гадаадад олон сараар гацан, эх орондоо ирж чадахгүй байгаа иргэн нь хэн ч биш болж хувирч байна.
Хэрэв хамаатнаас нь нэг нь халаасандаа мөнгөгүй, хоноглох байргүй, идэх хоолгүй хилийн чанадад гацсан бол тайлбар нь яаж гарах байсан бол…
Цаашид Үндсэн хууль манах гишүүнд хүний эрхийн мэдрэмжтэй эсэхэд нь шалгуур тавьдаг болохгүй бол иргэний эрх хамгаалах эрх зөрчигдсөөр л байх нь. Гэхдээ "Оюуны-Инноваци" төрийн бус байгууллага нь Цэцийн гишүүний уг тогтоол нь үндэслэлгүй гэж үзэн, дунд суудлын хуралдаанд гомдол гаргахаар болжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ