Санаатай, санамсаргүй байдлаар хүүхдээ гудамж, талбай, үйлчилгээний газрууд, орц хонгилд орхидог зөрчил сүүлийн үед нийслэлд цөөнгүй бүртгэгдэх болов. Идэх хоолгүүй, цаашид тэжээх боломжгүй гэсэн шалтгаанаар үр хүүхдээ гудамжинд хаядаг эцэг, эхчүүд цөөнгүй байхад, дагуулж, зугаалж байгаад санамсар болгоомжгүй байдлаар үр хүүхдээсээ төөрдөг эцэг эхчүүд ч бас байх. Тиймээс Нийслэлийн Цагдаагийн газраас нийт эцэг эхчүүдэд хандаж нялх балчир хүүхдээ санамсар болгоомжгүй байдлаар төөрүүлэх, мөн тэжээж чадахгүй байна гэсэн шалтгаанаар эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлд оруулж хаяж, гээхгүй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн хоногт нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хорооны 9 дүгээр байрны орцны жижүүрийн өрөөнд хоёр сартай эрэгтэй хүүхдээ орхиж явсан хэрэг гарсан байна. Өөрийгөө Гэрэл хэмээн танилцуулсан үл таних эмэгтэй “хүүхдээ ав” хэмээн орцны жижүүрт орхиод зугтаасан гэнэ. Уг хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
А.Батдэлгэр