Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдийн квот бүгдийг шийдвэрлэж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдийн квот бүгдийг шийдвэрлэж чадахгүй байна

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулган өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Уг чуулганы  “Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол оролцлоо. Түүний  “Эмэгтэйчүүдийн манлайлал”  сэдвээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.


ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО үндэсний чуулганы “Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо” салбар хуралдаан

2016-04-04

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ”

Илтгэгч: УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”  Үндэсний чуулганд оролцож байгаа эрхэмсэг хатагтай, ноёд та бүхний амар амгаланг айлтгая.

Эмэгтэйчүүд бидний өөрсдийн улс төрийн манлайллын өсөлтөөр улс төр, нийгэм эдийн засаг, соёлын олон талт эрхүүд маань хангагдсаар ирсэн түүхийн урт удаан замыг монгол улс туулж байна.  Төрт  ёсны  түүхэн  уламжлалтай  монголчууд  эмэгтэйчүүдийг  төрийн  хэрэгт  оролцуулж, түүхэн  бие  хүмүүсийг  төлөвшүүлэн тодруулж байсан  гавъяаг  өнөө үеийнхэн мартаагүй байна.  Хар нутагт хаягдан  гадуурхагдсан  хан  хөвгүүдээ  өсгөн  мянганы  хүн  болтол  нь  төлөвшүүлсэн  Өүлэн эхийн  алдар  суу, эх  орны  тусгаар  тогтнолын  төлөө их  тулалдаанд  эр  нөхрийн  хамт  орж  амь  насаа  алдсан Ану  хатан, хувь  заяаны  эрхээр  хан  хөвгүүнийг эрийн  цээнд  хүртэл  нь газар  шорооныхоо  төлөө  их  цэрэг  хөдөлгөж  байсан  Мандухай  цэцэн  хатан гээд  бид  манлайлагч эмэгтэйчүүдийн баялаг  түүхтэй.

УИХ бол монголын нийгмийн үйл явцад нөлөөлөхөд хамгийн ойр дөт улс төрийн байгууллага. Тэр ч утгаараа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал УИХ-аас, УИХ-д суугаа эмэгтэй гишүүдээс эхлэх учиртай. Амжилттай манлайлагчид цор ганцаараа тэрхүү том амжилтанд хүрдэггүй. Багаараа, байгууллагаараа л хамтдаа хүрдэг. Тэгэхээр энгийнээр манлайллыг тодорхойл гэвэл “Манлайлал гэдэг нь хамтын ажиллагаа, үр дүнтэй харилцаа”  гэж хэлж ч болох юм.  Тэгэхээр эмэгтэйчүүдийн манлайлал бол бидний үр дүнтэй хамтын ажиллагаа байх учиртай болж байна.

УИХ зөвхөн хууль батлаад зогсохгүй сонгогчдын төлөөлөл болж байдаг онцлогтой боловч түүхэн бүхий л цаг хугацаанд УИХ-д хүйсийн тэнцвэргүй байдалтай байсан.

Монгол улсын 2012 оны УИХ-ын сонгууль хувь тэнцүүлсэн хувилбарыг хослуулсан холимог сонгуулийн системээр явагдаж энэ нь эмэгтэй улс төрчдийн хувьд ээлтэй байснаар эмэгтэйчүүдийн төлөөлөл хууль тогтоох хуралд 3.9%-14.5%  хувь болтол өсч 11 эмэгтэй гишүүнтэй болсон нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн үр дүн байсан юм.  Энэ сонгуулийн хуулийг батлахад тухайн парламентад олонхи байсан МАН-ын гишүүд санал нэгтэйгээр дэмжин баталсанд  бид талархах ёстой. 2012 оны Орон нутгийн сонгуульд ч мөн эмэгтэйчүүд амжилттай оролцсон. Орон нутгийн сонгуульд хэдийгээр эмэгтэйчүүдийн квот тусгагдаагүй ч орон нутгийн удирдлагын төлөөлөгчдийн 22 хувьд нь эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна. Орон нутагтаа манлайлан ажиллаж байгаа тэдгээр эмэгтэйчүүд энэ танхимд сууж байна.

Шийдвэр гаргах түвшний шат шатны байгууллага дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн боловч энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн шууд оролцоо өссөнийг илэрхийлж байна гэж дүгнэж болохгүй юм.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь хүний  хөгжлийн, нийгмийн  асуудлууд түүний  дотор эрүүл  мэнд,  боловсрол, хүүхэд, ахмад настан, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нийгмийн хамгааллын  асуудлууд хамгийн  хүнд  ээлтэйгээр  шийдвэрлэгдэх бодит боломжыг олгож байдаг. Америкийн судлаач А.Липрахт нэгэнтээ “Эмэгтэй хууль тогтоогчид парламентад олонх болсон үед хүүхэд, нийгмийн хамгааллын бодлого сайжирдаг” гэж дүгнэсэн нь ч бий. Монгол улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, УИХ-ын сонгуулийн  тухай хуулийг батлуулахад оролцож байсны хувьд энэ үйл явц амар байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. УИХ, Орон нутгийн сонгуулийн үйл явц ч эмэгтэйчүүдэд хялбар байсангүй. Эмэгтэйчүүдийг намуудын нэрсийн жагсаалтад байрлуулахаас эхлэн бэрхшээл олон гарсан. Ялангуяа улс төрийн намд эмэгтэйчүүдийн байр суурь, нөлөөг нэмэгдүүлэхэд эмэгтэй хууль тогтоогчид, иргэний нийгмийн байгууллагууд манлайлан ажиллах ёстойг давхар нотолсон.

Өнгөрсөн хугацаанд бид эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоонд нөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, баталгаажуулахыг анхаарч ирсэн ч эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах гал эрмэлзэл, манлайллын шинж чанарт ахиц гаргах чиглэлээр анхаарч ажиллах нь үүнээс дутуугуй том зорилт байх учиртай.

1990 оноос хойш Монгол улсад олон намын тогтолцоо төлөвшиж, улс төрийн сонгуульд өрсөлдөж нэр дэвших үйл явц илүү төвөгтэй, өрсөлдөөнтэй болсон, болсоор ч байна. Улс төрийн нам дотор нийт нэр дэвшигчид,  ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд сонгууль чухал улс төрийн капитал, эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэл болон хувирсан юм. Энэхүү тэмцэлд эмэгтэйчүүд эрх мэдэл, улс төрийн туршлага, хөрөнгө санхүүгийн хувьд хүчин мөхөсдөж ирсэн.  Энэ нь эмэгтэйчүүд бид нам дотроо болон намаас гадуур зохион байгуулалтад  орох шаардлагатай байгааг баталсан. Намын гадна бид сонирхолын бүлгийн хэлбэрээр, намын дотор эмэгтэйчүүдийн байгууллага, бүлэг жигүүр хэлбэрээр тодорхой зохион байгуулалттай байх нь олон залуу эмэгтэйчүүдэд улс төрийн мэдлэг, туршлага олж авах улмаар цаашид шийдвэр гаргах түвшинд сонгогдох урьдчилсан нөхцөл бүрдүүлэхэд нөлөөлнө.

Бид “эмэгтэйчүүдийн квот” бүгдийг шийдвэрлэж чадахгүй байгааг өнгөрсөн сонгуулийн туршлагаас харлаа. Тиймээс бид зөвхөн квотын хэмжээнд найдалгүй өрсөлдөх чадвараа сайжруулах нь манлайллын нэн чухал шинж гэдгийг анхаарах цаг болжээ.

Өрсөлдөх гэдэг бол арцалдах, сөргөлдөх эсвэл барьцах тухай асуудал биш гэдгийг 20 жилийн улс төрийн амьдралын минь түүх надад үргэлж хэлж байсан. Эмэгтэйчүүд өрсөлдөхдөө бусадтай бус өөртэйгөө өрсөлдөж ялах, өөрийнхөө байсан түвшинээс өндөрт гарч өсөх нь чухал байна. Бид хорин жилийн дараа ямар болов, хэрхэн туршлагажив, хэрхэн улс төрд хатаагдав гэдгээ дүгнэн цэгнэж буй нь өнөөдрийн арга хэмжээний гол агуулга болох учиртай.

Эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх нийгмийн хандлага  сайжирсан нь олон судалгаагаар батлагдсан боловч эмэгтэйчүүдийг удирдах түвшинд хүлээн зөвшөөрөх явдал хувийн шинж чанар, улс төрийн туршлага, мэдлэг, нийгэм улс төр, эдийн засгийн бодлогын тодорхой ойлголт, бусдад нөлөөлөх ёсонд суралцсан байдалтай нь мөн холбоотой байна.

Улс төрч хүн аливаад тууштай байж, эрх ашгаа зөв эрэмбэлж чадвал эгэл жирийн хүмүүсийн сайхан сэтгэл, нугаршгүй итгэл дэмжлэгийг, агуу эрч хүчийг, сайхан энергийг авч чаддаг. Үүнийг тойрог солилгүй  Завхан аймагтаа дөрвөн удаа нэр дэвшиж тэднийхээ итгэлийг хүлээж улс төр хийж явахдаа, иргэд сонгогчидтойгоо уулзах бүртээ мэдэрч байсан. Улс төрч хүний хамгийн үнэт зүйл бол ард түмэнд амалснаа биелүүлэх, үнэнээ ярих явдал юм.

Улс төрч хүн аль болох олон хүнтэй, ард иргэдтэйгээ ойр л байх ёстой гэж боддог. Зарим эрх мэдэлтэй дарга нар бодит амьдралаас тусгаарлагдаж цөөхөн хүний хүрээнд харьцаж, энгийн хүмүүстэй харьцахаа больдог. Энэ үед л тэр эрх мэдэлтэй удирдагч хүнийг эрх мэдэл нь боомилж байгааг өөрөө мэдрэх чадваргүй болсон байх шиг санагддаг. Улс төрч хүнд ийм аюул үргэлж отож байдгийг мартаж болохгүй. Энгийн хүнээрээ л байх нь чухал гэж боддог.

Эмэгтэйчүүд илүү өргөн цар хүрээнд улс төрийн бодлогыг харж, дүгнэж, стратегиа тодорхойлж чаддаг байхыг өнөөгийн улс төрийн амьдрал шаардаж байна. Эмэгтэйчүүдээс өөрсдийнхөө асуудлыг ярих, шийдэх чадварас гадна үндэсний хэмжээний асуудалд хандах бүтээлч, эрч хүчтэй хандлагыг хүлээж байна.

Монгол улсын иргэн бүр сайхан амьдрах эрхтэй. Хүн бүр тэгш эрх эдлэх боломж хомс байгаа энэ цаг үед ядуусын зовлонг эмэгтэйчүүд илүү ойлгоно гэж үзэн тусламж хүсэж байна. 

Хүн төрөхөөсөө заяа муутай эвсэл үе дамжсан ядуу зүдүү гэж байдаггүй. Тийм ч учраас өнөөгийн нийгмийн хар барааныг өөрчлөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, ухрах замгүй гэдгээ ухааран эрчүүд давамгайлсан улс төрд өөрийн зам мөрөө гарган эмэгтэйчүүд бид цуцалтгүй урагшлах ёстой. Улс төрч эмэгтэй сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй, аливаад зүтгэлтэй, тууштай, өөрийн бодолтой ханддаг, шулуун шударга байх нь л чухал. Улс төрч болоход биднийг эмэгтэй юм даа гэж толгой илдэггүй. Илүү хатуу ширүүн өрсөлдөөн дунд явдаг.

Эмэгтэйчүүд улс төрийн манлайлагч болж өсөж хөгжсөнөөр бусад эмэгтэйчүүдийнхээ бартаат замыг засаж, чиглүүлж гэрэлтүүлж байдаг. Бид нэгэн тойрогт багтаж нэгнийгээ хүлээн зөвшөөрөх чадвартай байх ёстой. Үүнийг би том эрх ашиг гэж ойлгодог.

Эмэгтэйчүүд улс төрийн амьдралд эхийн сэтгэлээр хандаж ямар ч үед улс төрийн нам хамаарахгүйгээр хамтран ажиллах бүрэн чадвартай. Гэвч итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байх нь улс төрч хүний онцгой үүрэг юм. Хичнээн хүнд хэцүү байсан ч өөрөөрөө байх зориг эмэгтэй улс төрч бидэнд байх ёстой гол шинж чанар билээ.  Эмэгтэй хүн, эх хүний үүрэг хариуцлага нь төр засгийн аливаа үйл ажиллагааг тунгалагшуулах, гарч байгаа шийдвэрийг нийгэмд аль болох ойр, хүртээмжтэй байдлаар хүлээн авахад нөлөөлөх бөгөөд энэ ч үүднээсээ нийгэм, ард иргэдийн харилцан ойлголцол, улс орны хөгжилд илүү нарийн торгон ухаанаар хандаж бэхжүүлэх чадвартай юм. Гэр бүлийнхээ асуудлыг шийдэж чадсан ямар ч эмэгтэй хүн улс орныхоо төлөө тууштай ажиллаж  чадна гэж Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд М.Тэтчер хэлсэн нь бий. 

Эмэгтэйчүүдийн төлөөлөл хууль тогтоох хуралд өндөр байгаа улс орнуудын туршлагаас харахад  ардчилал бэхжсэн, эмэгтэйчүүд нь нийгэм эдийн засгийн хараат бус байдалтай болж чадсан улс орнуудад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл өндөр байна.  Мөн нийгэм эдийн засгийн хямралд орсон улс орнуудад  эмэгтэйчүүдийг энх тайван байдлыг хангах, тогтвортой хөгжлийг бий болгох найдвар гэж үзэж сонгох нь ч бас байна.

Монголд ядуурал эмэгтэйлэг шинжтэй хэвээр байгаа. 150 орчим мянган эмэгтэйчүүд өрхийн цалин хөлсгүй аж ахуйд голлон хөдөлмөрлөж байна. Монголын уламжлалт нүүдлийн аж ахуйн онцлогоос хамаарч өрх гэрийн ажлыг эмэгтэйчүүд үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл зогсолтгүй эрхлэдэг. Эмэгтэйчүүдийн цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэхэд түлхүү анхаараасай гэж эмэгтэйчүүд маань итгэж найдан биднийг сонгосон.  Монголд өнөөдөр 82000 эх өрх толгойлон амьдарч байна. Энэ бол монголын 8 айлын нэгийг эмэгтэйчүүд толгойлж байна гэсэн үг. Өрх гэртээ үр хүүхдээ өсгөж байгаа эмэгтэйчүүд маань ч, энгийн даруу эгэл борог амьдралдаа үглэл тавилгүй өөдлөх сэтгэлээр зүтгэж байгаа бүсгүйчүүд маань ч нийгэм эдийн засгийн амьдралд идэвхитэй оролцож боломжил төсөл хөтөлбөрүүд санаачлан илгээвэл бид дэмжиж хамтран ажиллана.

Гэр бүлийн гишүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн үнэлэмж, үнэ цэнийг өсгөх агуулга бүхий бодлого, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэй хууль тогтоогчид манлайлан оролцох учиртай. Монгол улсын их хуралд сонгогдон ажиллаж байгаа эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг эв нэгдэл хүч боломжоо ашиглан  эмэгтэйчүүд, гэр бүл,  хүүхдийн асуудал эрхэлсэн  яам, тусгай агентлагтай байхыг санаачлан дэмжиж ажиллах ёстой гэж бодож, санал дэвшүүлдэг. 

Эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй байснаар бусдын хараат байдлаас гарч, өрх гэрийн өнөөдрийн амьдралдаа санаа зовних нь багасч өмч хөрөнгийн эзэн болж амьдралын хэвшил, дадал зуршилаа өөрчилж үр хүүхдээ өсгөж, чанартай боловсрол эзэмших боломжтой болно. Энэ ч мөн эмэгтэй хууль тогтоогчдын гол зорилго байх ёстой. Эмэгтэйчүүдийн, хүүхэд гэр бүлийн нийгмийн асуудал шийдэгдээгүй цагт эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний  оролцоог нэмэгдүүлэх оролдлого бүтэлгүйтэх нь тодорхой.

Тиймээс ч манлайллыг өөрөөсөө, баг хамт олноосоо хамтран нийлж энэ танхимаас эхлүүлцгээе гэж та бүхнээсээ уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж