Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр (2021.2.4) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед шүүх хурал хойшлогдсонтой холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмний тархи угаах зорилготой гүжир гүтгэлгийн мэдээллийг эрчимтэй тараах боллоо. Тухайлбал, шүүх хуралд улсын яллагчаар оролцож байгаа А.Золзаяагийн “Шүүх хурал хойшилж буйг хардаж байна” гэж хэлснийг үндэслэн, “Бат-Үүлд холбогдох шүүх хурал 12 удаа хойшилж байгаа нь Монгол ардын намын 100 жилийн ойн өршөөлд хамрагдах гэсэн санаатай үйлдэл” гэх мэт буруу ойлголт өгөх мэдээлэл цацаж байна. Намайг илтэд маш муухайгаар гүтгэн гүжирдсэн эдгээр үйлдлүүдтэй холбогдуулан миний бие доорх таван зүйлийг мэдэгдэж байна” гэлээ.
Нэгд, тухайн өдрийн шүүх хурлыг хойшлуулах болсон нэг шалтгаан нь шүүх хурал цар тахлын эсрэг авсан хорио цээрийн дэглэмийг зөрчсөн нөхцөлд болох гэж байгаа тухай А.Золзаяа прокурорын өөрийнх нь гаргасан гомдол, мөн бусад шүүгдэгчдийн хоёр өмгөөлөгч хорионд орсон, нэг өмгөөлөгчийн ар гэрт гэнэтийн гачигдал гарсан зэргээс шалтгаалан шүүх хуралд оролцох боломжгүй болсон нь шүүх хурлыг хойшлоход хүргэсэн.
Хоёрт, миний нуруу хугарч, хэвтрийн дэглэм сахих шаардлага тулгарсан ч шүүх хурал хойшлох явдлыг сунжруулахгүйн тулд эмчилгээний горимыг зөрчин, шүүх хуралдаа ирж оролцсон.
Гуравт, намайг бүлэглэсэн гэмт хэрэгт холбогдуулж, гэм зэмгүй олон хүнийг яллагдагчаар татсан. Энэ олон хүний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хорио цээрийн дэглэмийн шаардлагад нийцүүлэн шүүх зэрэг нь амаргүй байдаг. Гэхдээ шүүгдэгч бид аль болох цаг алдалгүй шударга ёсыг тогтоолгохыг хүсэн, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулалгүй ирсэн. Одоо ч шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байна.
Дөрөвт, хэрэг хянан шийдвэрлэх явцад намайг гэм буруутай мэтээр олон түмний тархийг угаах үйл ажиллагааг АТГ, прокурорын зүгээс байнга явуулж ирсэн. Ийм үйл ажиллагааны үргэлжлэл нь А.Золзаяа прокурорын хардлага гэж би үзэж байна. АТГ, прокурор нь олон түмний тархи угаах үйл ажиллагаа явуулахдаа хуулиар хориглосоор атал хавтаст хэрэг дэх баримтуудыг мушгин гуйвуулсан мэдээллийг удаа дараа тарааж байв. Гэтэл шүүгдэгчид биднээс хавтаст хэргийг чандлан нуухыг шаардаж, эс тэгвээс цагдан хорихоор сүрдүүлдэг билээ. АТГ, прокурорын зүгээс олон түмний тархийг угаах үйл ажиллагаанаас өөрийгөө хамгаалан өмгөөлөх эрх бидэнд байгаагүй. Ийм тэнцвэргүй байдлын улмаас намайг болон бусад гэм зэмгүй хүмүүсийг шүүхээс өмнө буруутай мэтээр ойлгосон байдал олон түмний дунд газар авсан юм.
Тавд, Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт улс төрийн үйл явц дөхөх бүрийд намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жилийн туршид гүтгэн гүжирдэж ирсэн. Энэ байдал одоо ч үргэлжлэн сүүлийн үед улам эрч хүчээ авч байна. Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр хийсэн гэмгүй. Авлига гэх зүйлээс хэзээд хол явж ирсэн. Олон түмний тархийг угаадаг АТГ, прокурорын үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгааг тэвчиж чадахгүй нь. Тиймээс миний бие прокурор А.Золзаяаг шүүхэд өгнө. Шүүхийн шийдвэрээс өмнө гэм буруутай мэтээр олон түмэнд ойлголт өгөх тэдний хууль бус ажиллагааг хэн зохион байгуулаад байгааг шалгуулахаар УИХ-д хандах болно” гэв.
Мөн тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Боломж гарвал нийслэлийн хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэнэ" хэмээн хэлсэн юм.
Холбоотой мэдээ