Украины Дээд Рада дахь сөрөг хүчний "Амьдралын төлөө нам"-аас Ерөнхийлөгч Владимир Зеленскийд импичмент зарлаж, түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргахаа өчигдөр (2021.02.03) мэдэгджээ.
“Амьдралын төлөө нам”-ын бүлгийн дарга Вадым Рабинович "Тусгаар тогтносон Украины түүхэнд анх удаа телевизийн тэргүүлэх гурван сувгийг шууд нэвтрүүлэлтээс хаслаа. Бид удахгүй намынхаа ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж, цаашдын алхамаа тодорхойлох болно. Бид сонгогчид болон улс орныг доромжилсон Ерөнхийлөгч Зеленскийд хариуцлага тооцох үйл явцыг эхлүүлнэ" гэж хэлсэн байна.
Зеленский энэ сарын 2-нд Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж, сөрөг хүчний намын удирдагчдын нэг Виктор Медведчуктай холбоотой гэгддэг “112”, “Newsone”, “ZIK” телевизийн сувгуудын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: INTERFAX
Холбоотой мэдээ