АНУ болон барууны бусад орнууд Орос, Хятадын ашиг сонирхол нийцэж, холбоо сүлбээ нь улам өргөжиж байгаад санаа зовох боллоо хэмээн НАТО-ын генерал ярьжээ.
Хэдийгээр АНУ-ын батлан хамгаалах салбартаа зарцуулдаг мөнгө тус хоёр улсынхаас илүү ч Пентагон 2018 оноос голчлон Орос, Хятадтай өрсөлдөх бодлого баримталж эхэлсэн билээ. Учир нь 2018 онд Орос, Хятад хоёр улс 300 мянган орос цэрэг оролцуулан хамгийн том хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн юм. Харин 2019 онд Владимир Путин, Ши Жиньпин нар Сибириэс Хятад руу байгалийн хий зөөвөрлөх хоолойн тухай ярилцсан билээ.
НАТО-ын генерал Тод Уолтерсийн хэлж байгаагаар Орос, Хятад хоёр орны дунд үнэхээр бат бөх нөхөрлөл тогтжээ. Түүнчлэн эл бат бөх нөхөрлөл нь хоёр орны нийтлэг ашиг сонирхолд тулгуурлаж байгаа нь Европ болон барууны орнуудын хувьд аюул заналхийлж буй хэрэг.
НАТО-ын зүгээс сүүлийн үед ОХУ-ыг шинэ цөмийн зэвсэг, цахим халдлага, нууц ажиллагаануудаараа барууныг тогтворгүйжүүлэх оролдлого хийж байна хэмээн шүүмжлэх болсон билээ. Мөн Европын холбоо, тэр дундаа НАТО-д байдаг гишүүн орнууд БНХАУ-ыг хамгийн том өрсөлдөгч хэмээн үздэг.
Түүхэн талаас нь харвал, хоёр улс хуурай газрын 4200 км зурвасаар хиллэдэг бөгөөд Оросын үндсэрхэг үзэлтнүүд хятадуудыг Алс Дорнодын асар их баялагт шунаж байна хэмээн үзэж, Хятадын нөлөөнд орохгүй байхыг уриалсаар ирсэн юм. Гэвч 2014 онд Крымын хойгийг Украинаас авч нэгтгэснийхээ төлөө баруунаас хориг арга хэмжээгээр “донгодуулж”, түүнээс хойш Орос улс Бээжинтэй дотно харилцаж эхэлсэн билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ