Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар аливаа компани үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороо болон хөрөнгийн биржид бүртгүүлсний үндсэн дээр зах зээл дээр арилжих боломжтой. Энэ дагуу Богд банк Монголын хөрөнгийн биржээр дамжуулан шинээр хувьцаа гарган, олон нийтээс хөрөнгө оруулалт татах шийдвэр гаргажээ.
Нийт хөрөнгийн 20 хүртэлх хувийг нээлттэй болгож, хувьцаат компани болсноор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаас хойших олон нийтийн өмчлөл бүхий анхны банк болох юм.
Тус банкны хувьцааг хөрөнгийн зах зээлд олон нийтэд танилцуулан арилжаалах үндсэн андеррайтераар "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн охин компани болох “Ард Секюритиз” ҮЦК ажиллахаар болжээ.
Богд банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нь "Бодь капитал" компани бөгөөд 91.32 хувийг эзэмшдэг байна. Тус банкны актив дөрвөн жилийн дотор тав дахин өссөн байна. Тодруулбал, 2015 онд 44.2 тэрбум төгрөгийн активтай байсан бол 2019 оны тайлангийн үзүүлэлтээр нийт актив нь 248.8 тэрбум төгрөгт хүрчээ.
Тус банк олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгосноор Монголын ард түмэн олон жил хүлээгдэж, яригдсан арилжааны банкны өмчлөгч болох үйл явцын салхийг хагалах юм.
Д.ТУЯА
Холбоотой мэдээ