ХААН банк сан 150 мянган иргэнийг хорт хавдрын үзлэгт хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

ХААН банк сан 150 мянган иргэнийг хорт хавдрын үзлэгт хамруулжээ


“Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг болсоор 21 дэх жилтэйгээ золгож байна. ХААН банкны хувьд "Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг 2011 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн билээ.

Тухайлбал, ХААН банк сан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ныг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэх хугацаандаа Монгол орныг гурван удаа бүтэн тойрч, 150 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 10 мянга гаруй эмч, мэргэжилтнийг мэргэшүүлж, 500 гаруй удаагийн яаралтай мэс засал хийж, хорт хавдрын 600 гаруй тохиолдлыг илрүүлжээ.

Хорт хавдар нь дэлхий дахинаа түүний дотор манай оронд ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Манай орны хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болсон хэвээр байна. Тиймээс хорт хавдраас сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх, оновчтой болгох нотолгоонд тулгуурласан бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх нь туйлын чухал бөгөөд энэхүү нотолгоо үндэслэлээр хангах ажил нь бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын хорт хавдрын бүртгэл мэдээллийн үйл ажиллагааны чанараас ихээхэн хамаардаг билээ.

ХОРТ ХАВДАР ДЭЛХИЙ ДАХИНД 

  • 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дугаар чуулган болж, Дэлхий дахины “Тогтвортой хөгжлийн зорилго”, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д хорт хавдрын асуудал тусгагдсан. 2030 он гэхэд халдварт бус өвчний (зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин гэх мэт) шалтгаант нас баралтыг 1/3-ээр бууруулах зорилт тавьжээ.
  • ДЭМБ-аас 2018 онд хийсэн судалгаагаар 100 мянган хүнд ногдох хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 197,9 байгаа бол манай улсад энэ үзүүлэлт 229,2 байна. Мөн 100 мянган хүнд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралтын дэлхийн дундаж үзүүлэлт 101,1 байхад манай улсад энэ үзүүлэлт 229,2 байна.
  • Монгол Улсын хүн амын нас баралтын 25 хувь нь хорт хавдрын шалтгаантай байна.
  • Хорт хавдрын 73 хувийг хянах, сэргийлэх боломжтой.
  • 100,000 хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл болон нас баралтын үзүүлэлтээр Увс, Говь-Алтай, Ховд, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг улсын дунджаас өндөр.
  • Элэгний хорт хавдрын 80.1 хувь, ходоодны хорт хавдрын 86.5 хувь, умайн хүзүүний хорт хавдрын 50.6 хувь нь өвчний хожуу буюу III, IV шатандаа оношлогдож байна гэсэн харамсалтай үзүүлэлт бий.
  • Зүүн Өмнөд Азийн бүс нутгуудад дунджаар 100 мянган хүн амд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин 10.9 тохиолдол, нас баралтын түвшин 4.1 тохиолдол байгаа бол Монгол Улсад 100 мянган хүн амд 23.5 тохиолдол, нас баралт 10.2 тохиолдол байгаа нь бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлт юм.
  • Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг хийснээр хавдрын 10 тохиолдлын 9-өөс сэргийлж чадна.

ХОРТ ХАВДАР МОНГОЛД

  1. Манай улсын хүн амын дунд 2019 онд 6381 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
  2. 2019 онд зонхилон тохиолдох хорт хавдрын бүтцэд элэгний хорт хавдар 34%, ходоодны хорт хавдар 16%, уушги гуурсан хоолойн хорт хавдар 8%, улаан хоолойн 6%, умайн хүзүүний хорт хавдар 5%, нийт хорт хавдрын 69 хувийг дээрх байрлалын хорт хавдрууд эзэлж байна.
  3. Харин эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолойн, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэсний хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож байна.
  4. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэй хүн амд 76 тохиолдол, эмэгтэй хүн амд 60 тохиолдол байна.
  5. Хорт хавдрын шалтгаант нас баралт 2019 онд 4801 бүртгэгдсэний 56,5%-ийг эрэгтэйчүүдийн дундах нас баралт эзэлж байна.
  6. 2019 онд зонхилон тохиолдох хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцэд элэгний хорт хавдар 40%, ходоодны хорт хавдар 15%, уушги гуурсан хоолойн хорт хавдар 9%, улаан хоолойн 6%, умайн хүзүүний хорт хавдар 4%, нийт хорт хавдрын шалтгаант нас баралтын 75 хувийг дээрх байрлалын хорт хавдрууд эзэлж байна.
  7. Харин эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолойн, улаан хоолой, нойр булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолой, хөхний хорт хавдар зонхилж байна.
  8. Хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр аль ч хүйсийн 100 000 хүн амд элэгний хорт хавдрын нас баралт өндөр, эрэгтэй 100 000 хүн амд 67.5 тохиолдол, эмэгтэй 100 000 хүн амд 53 тохиолдол байна.
  9. Шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын 77.1% нь хожуу үедээ оношлогдсон байна.
  10. Монгол Улсад 2019 онд хорт хавдрын шалтгаант өвчлөлийн улмаас 20913 хүн амьдарч байгаагийн 391 (1.8 хувь) 0-19 насны хүүхэд байна. Хорт хавдрын хяналтад байгаа хүмүүсийн 37 хувь нь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна.
  11. Монгол Улсад 2019 онд 0-19 насны 122 хүүхдэд хорт хавдарын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

0-19 насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд лимфоид лейкеми 42%, тархи мэдрэл 18%, яс 3%, ходжкины бус лимфома 3%, өндгөвчний хорт хавдар 2%-ийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж