Мьянмарын төрийн эргэлтийн ард Хятад байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

Мьянмарын төрийн эргэлтийн ард Хятад байж болзошгүй

Мьянмарын төрийн эргэлтийн ард Хятад байж болзошгүй

Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсад цэргийнхэн төрийн  эргэлт хийгээд дөрөв хонож байна. Мьянмарын эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Минт тэргүүтэй улстөрчид энэ сарын 1-ний өдөр тус улсын Зэвсэгт хүчнийхэнд баривчлагдсан талаар мэдээлэл гарч, дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Мьянмарын арми улсын бүхий л эрх мэдлийг гартаа авч, бүтэн жилийн турш улс орон даяар онц байдал зарлаж, цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаингийн гарт бүх эрх мэдэл төвлөрчээ. Гудамж, талбайгаар цэргийн машинууд холхилдож, олон нийтийн цахим сүлжээ, телевизийн сувгууд, гар утасны сүлжээ тасалдсан байна.

Олон жилийн турш цэргийнхний дарангуйлалд байсан гашуун түүхийг нэгэнтээ амссан ард түмэн нь энэ удаагийн төрийн эргэлтийг эсэргүүцсээр байгаа юм.

Мьянмар бол Үндсэн хуулиараа ардчилалтай боловч хагас авторитарчилсан цэргийн удирдлагатай хэвээр байгаа бөгөөд хууль тогтоомж, санхүүгийн ил тод байдал нь тийм ч сайн хөгжөөгүй улс. 2008 онд армийнхан ирээдүйн засаг захиргаанаас үл хамааран улс төр, эдийн засгийн чухал нөлөө үзүүлсээр байх болно гэсэн утга бүхий Үндсэн хуулийн төсөл боловсруулсан. Энэхүү Үндсэн хуулийн дагуу армид парламентын суудлын дөрөвний нэгийг хуваарилдаг бөгөөд Дотоод яам, Батлан ​​хамгаалах зэрэг гол яамд цэргийнхний мэдэлд байдаг.

Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараагаас нөхцөл байдал хурцдаж эхэлсэн ба эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Мьянмарын зэвсэгт хүчнийхний оролцоотой сөрөг хүчин сонгуулийг маргаан будилаантай болсон гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхэн сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон тохиолдол байгааг илчилж, мөрдөн шалгахыг эрх баригчдаас шаардаж байв. Хэрвээ сонгуулийн маргааныг шийдэхгүй бол цэргийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй гэж Мьянмарын армийн генерал Мин Аун Хлаин анхааруулж байжээ.

Олон улсын зарим ажиглагчид сонгууль бол төрийн эргэлт хийх шалтаг байсан, энэхүү төрийн эргэлтийн ард Хятад улс бий хэмээн сэжиглэж байна. Учир нь өнгөрсөн сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, генерал Мин Аун Хлаин нар уулзсан бөгөөд энэ үеэр тохироогоо хийсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Мьянмарын зэвсэгт хүчнийхэн арваннэгдүгээр сард болсон сонгуулиас хойш сонгуулийн үр дүнгийн талаар эрх баригчидтай маргалдсаар байсан ч төрийн эргэлт хийх зориг нь хүрэхгүй хэдэн сарыг өнгөрөөсөн. Өнгөрсөн сард Хятадын талтай хийсэн уулзалтын үеэр хэрэв төрийн эргэлт хийвэл Бээжингийн зүгээс НҮБ болон барууны орнуудаас ирэх хориг арга хэмжээ, дарамт шахалтаас хамгаална гэсэн баталгаа гаргасан учир цэргийнхэн зориг орсон байж магадгүй юм.

Энэ сэжгийг Бээжингийн үйлдэл улам гүнзгийрүүлсэн. Мьянмарт гарсан төрийн эргэлтийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, мэдэгдэл гаргах гэхэд Хятад улс ганцаараа эсэргүүцэн, хориг тавьжээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг нь л татгалзахад хамтарсан мэдэгдэл гаргах боломжгүй болдог юм. Хятад улс Мьянмарт хориг тавихаас татгалзсан шалтгаанаа олон улсын дарамт шахалт нь Мьянмарын байдлыг улам дордуулна гэж үзэж байна хэмээн тайлбарлав.

Бээжин Мьянмарыг олон улсын хяналтаас хамгаалах үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хятад улс нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой гэж үздэг бөгөөд Мьянмарын хамгийн ойрын холбоотнуудын нэг юм. Мьянмар нь Бээжингийн геостратегийн төлөвлөгөөнд онцгой ач холбогдолтой. Тус улс нь Хятадад Энэтхэгийн далайд гарах боломж олгохоос гадна тус бүсэд өсөн нэмэгдэж буй Энэтхэгийн хүчийг сааруулах том боломж.

Энэтхэгийн далай нь Ойрхи Дорнодоос БНХАУ-ын түүхий тос импортлох гол зам билээ. Нөгөө талаар энэ асуудал АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны гадаад бодлогын анхны томоохон сорилт болж байна. АНУ-аас мэдээж ардчиллын зарчмын эсрэг үйлдэл хийж буй цэргийнхнийг буруутгасан мэдэгдэл гаргасан. Мьянмарын асуудлаас болж АНУ, Хятадын харилцаа дахин муудаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Эх сурвалж: FOREIGN POLICY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж