Сар шинийн барилдаан хоёр дахь жилдээ цуцлагдав

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

Сар шинийн барилдаан хоёр дахь жилдээ цуцлагдав

Сар шинийн барилдаан хоёр дахь жилдээ цуцлагдав

Улсын онцгой комиссоос өчигдөр (2021.02.03) сар шинийн уламжлалт барилдаан энэ жил цар тахлын улмаас зохион байгуулагдахгүй болсныг дуулгав. Саяхан л Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд мөрдөж, сар шинийн уламжлалт барилдааныг ирэх хоёрдугаар сарын 11-ний битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд үзэгчгүй зохион байгуулна гэж мэдэгдэж байлаа. Үүнтэй холбогдуулан барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдаж, нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана гэсэн журам батлаад байсан юм.

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Гүйцэтгэх захирлын албыг орлон гүйцэтгэгч, улсын гарьд И.Доржсамбуу “Барилдаан болно. Гэхдээ бусад зүйл тодорхой болоогүй байна” гэж байв. Өчигдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний бөхийн холбоо болон бөхчүүдээс сар шинийн барилдаан зохион байгуулъя гэсэн санал ирсэн. Хөл хорионы үеэр бид сар шинийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Бөхчүүд болон бөхийн холбооныхон ч ойлгох байх. Бид зохион байгуулах талаар бодож үзсэн ч эрсдэл өндөр байгаа учир боломжгүй гэж шийдсэн. Энэ удаад өнжиж байна” хэмээсэн. Ийнхүү сар шинийн хүчит бөхийн барилдаан хоёр жил дараалан цар тахлын улмаас цуцлагдлаа.

Сар шинийн барилдаан зохион байгуулагдахгүй шийдвэр гарсны дараа иргэд хоёр хэсэгт талцсан. Нэг хэсэг нь “Олимпийн наадам хүртэл хойшлоод байхад сар шинийн барилдаан энэ жил цуцлагдсан нь зөв шийдвэр” гэсэн бол нөгөө хэсэг нь “Мэргэжлийн сүмо бөх, NBA, Европын хөлбөмбөгийн лигүүд ч улс оронд нь цар тахлын тархалт өндөр байхад зохион байгуулагдаж байна” гэв.

Нэр бүхий бөхчүүд хоёр өөр байр суурьтай байсан. Улсын аварга Ч.Санжаадамба “Заал, танхим нээгдэлгүй бараг хоёр жил бэлтгэл хийсэнгүй. Залуучууд нууцаар бэлтгэл хийгээд сайн байгаа байх гэж бодож байна. Бидэн шиг том цолтой бөхчүүдийн хувьд энд тэнд очоод, нууцаар бэлтгэл хийгээд байх боломжгүй. Төр засгийнхаа шийдвэрийг дагаад гэртээ байж, хааяа л гарч байна. Одоо 128 бөх барилдана гэж байна. Залуучууд хангалттай хүрэх байх. Миний хувьд энэ жилийн барилдааныг өнжинө. Олон жоохон хүүхдүүдтэй эрсдэлтэй байна. Барилдаан болно гэж гэнэтхэн шийдсэн нь асуудалтай байна. Халдвар тархвал хэн хариуцлага хүлээх вэ? Үндэсний бөхийн холбоо маань бөхчүүдээ бэлтгэл сургуулилалт хийх боломжоор нь хангамаар байна. 100 жилийн ой хаяанд ирээд байна. Бэлтгэлийн харьцангуй байдалтай л барилдаан явагдах гэж байна” хэмээн ярьж байв.

Харин улсын заан цол хүртсэнээсээ хойш заал танхимын барилдаан алгасаагүй М.Бадарч заан “Ард түмнээ хүндлээд барилдана” гэсэн. Гэвч УОК анх гаргасан шийдвэрээ эргэн харж, Төмөр цагаан үхэр жилийн сар шинийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа.

Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сарын 4-ний битүүний өдөр шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд улсын аварга Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж, их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат нар шалгарч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж