Жо Байдены хэлэх үгийг бичдэг энэтхэг залуу | News.MN

Жо Байдены хэлэх үгийг бичдэг энэтхэг залуу

ХҮМҮҮС

Жо Байдены хэлэх үгийг бичдэг энэтхэг залуу

Жо Байдены хэлэх үгийг бичдэг энэтхэг залуу

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жосеф Байден маш сонирхолтой хүмүүсийг цуглуулан баг бүрдүүлж ажиллаж байгаа нь олны анхаарлыг эрхгүй татаж буй билээ. Тухайлбал, түүний сонгосон дэд Ерөнхийлөгч Камала Харрис бол АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны Африк, Өмнөд Ази, Америк гаралтай эмэгтэй юм. Тэрбээр энэтхэг ээжтэй, ямайка аавтай, америк хүмүүжилтэй гэдгээрээ олны гайхашралыг төрүүлдэг нэгэн.

Жо Байдены бүрдүүлсэн багийн өөр нэгэн хачирхалтай бөгөөд чухал гишүүн болох, Ерөнхийлөгчийн хэлэх үгийг бичдэг Чоллети Винай Реддиг энэ удаа "ХҮМҮҮС" буландаа онцолж байна. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны Энэтхэг гаралтай Ерөнхийлөгчийн үг бичигч гэдгээрээ анхаарлын төвд ороод буй юм.

Реддигийн үндэс угсаа Энэтхэгийн Телангана мужийн хөдөө тосгон Потиреддиптатай шууд холбогддог аж. Потиреддипта тосгоныхон хүүгийнхээ эл амжилтыг олж мэдээд өдгөө тун ихээр бахархаж, найр наадам тэмдэглэх болсон сурагтай.

Редди Охайо мужийн Дэйтон хотод төрж, өсч хүмүүжжээ. Тэрбээр улс төрийн мэдрэмж, чадвараа өвөө Тирупатигаас өвлөн авсан хэмээн боддог байна. Тирупати өвөө нь 30 жилийн турш тосгоныхоо сарпанч буюу захирагч байсан нэгэн ажээ. Түүнээс гадна Реддигийн авга ах Кишан Редди ч мөн олон жилийн турш тосгоны захирагч хийж байснаас харахад Реддигийн судсаар "удирдагч" цус урсаж байгаа бололтой.

Реддигийн аав Нараяна анх 1970-аад онд АНУ-д цагаачлан ирж, зүрх судасны эмч болжээ. Харин ээж Вижаяа нь өвөг дээдсээс уламжлан эрхэлсээр ирсэн газар тариалангийнхаа ажлаар нутагтаа ирэн очин байдаг аж.

Нараянагийн гэр бүл гурван хүүтэй бөгөөд дунд хүү нь Редди. Тэрбээр Майамигийн их сургуулийг дүүргэж, Охайо мужийн хуулийн коллежид суралцан, хуульч мэргэжил эзэмшчээ. Өдгөө хоёр охины аав болсон тэрбээр Жо Байден, Камала Харрис нарын кампанит ажлын илтгэлүүд төдийгүй Жо Байдены өнгөрсөн сарын 20-нд тангараг өргөхдөө хэлсэн үгийг бичсэн байна. Цаашдаа Байденыг Ерөнхийлөгч байх хугацаанд олны өмнө хэлэх бүх л илтгэл, үгийг бичиж ажиллахаар болжээ.

Тэрбээр Жо Байдены үг бичигчээр ажиллаж байгаа нь анх удаа биш аж. Тухайлбал, Барак Обама хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Жо Байденыг дэд Ерөнхийлөгч байхад (2013-2017) Редди түүний илтгэлийн үгүүдийг бичиж өгдөг байжээ. Обамагийн үе дуусахад Редди Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Стратегийн харилцаа холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн аж. Мөн тэрбээр АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг, Эрүүл мэнд, үйлчилгээний департментын ахлах илтгэл бичигч, Охайо мужаас сонгогдсон сенатор Шеррод Брауны илтгэл бичигч байжээ.

Бусад улстөрчдөөс ялгаатай нь Редди хэзээ ч алдар нэрийн хойноос хөөцөлддөггүй байна. Жишээлбэл, түүнд одоо ч твиттер хаяг байдаггүй бөгөөд тэрбээр хийсэн ажлаа бусдад гайхуулж, анхаарлын төвд орох дургүй, даруухан нэгэн аж.

Өдгөө Редди Цагаан ордны ерөнхий илтгэл бичигчээр ажиллаж байна. Түүний хамаатан Чоллети Сай Кришна Редди хэвлэлд “Винай Редди АНУ-ын улс төрд маш чухал байр суурь эзэлсэн энэ явдал бол зөвхөн манай гэр бүл төдийгүй бүх Энэтхэгийн хувьд нэр төрийн хэрэг, бахархал мөн” хэмээн ярьжээ. Мөн Потиреддипта тосгоны захирагч асан Лоуэр Манайр Дам “Манай тосгон өдгөө дэлхийн газрын зурагт тодоор тэмдэглэгдэх боллоо. Энэ бол бүх ард иргэдийн хувьд бахархмаар зүйл юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Редди өнөөдөр эхнэр, хоёр охины хамт Нью-Йорк хотод аж төрж байгаа аж.

Эх сурвалж: NEXTSHARK REPUBLIC WORLD HINDU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-04 179.43.160.237

>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Бат 2021-02-04 68.100.237.110

Эхлээд коллеж төгсөөд дараад нь их сургуульд сурдаг юм . Хуулийн коллеж гэж байдагүй . Коллеж төгссөн хүн л хуулийн сургуульд элсэх эрхтэй .

Avatar

Мөнх 2021-02-04 139.5.216.235

Үг бичээч гэдгийг эх бичээч гэж орчуулах юм биш үү. Дээр үед эх бичээч гэдэг ажил хийж байсан гэсэн мэдээллүүд байдаг шүү дээ.

Avatar

монгол 2021-02-04 43.242.243.36

бид нар ч монголоосоо илүү хаа байсан америкын тухай их мэддэг болжээ монголынхоо тухай сонин сайхан юм ердөө бичихгүй юм энэ сайтууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж