Дарханд түр хязгаарласан 10 чиглэлийн үйл ажиллагааг нээлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

Дарханд түр хязгаарласан 10 чиглэлийн үйл ажиллагааг нээлээ

Дарханд түр хязгаарласан 10 чиглэлийн үйл ажиллагааг нээлээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр/2021.02.03/ мэдээлэл хийлээ.


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗБАЯР:

-Хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн долоон хоног түр хязгаарлаад байсан 10 чиглэлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Үүнд үсчин гоо сайхан, фитнесс, иог, бүжгийн клубууд, баар паб, түр сургалт, теннис биллиард, спорт заал, бүх төрлийн секц дугуйлан, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөлтэй архи согтууруулах ундааны худалдан борлуулалтыг 22.00 цаг хүртэл, төрийн байгууллагууд өдрийн зургаан цагаар хэвийн ажиллаж эхэлнэ. Фитнесс клубууд хоёр цаг тутам тодорхой тооны хүмүүсийг ээлжээр оруулна. Мөн сумдын хөдөлгөөнийг нээхээр болсон бөгөөд инэгхдээ нэг иргэн долоо хоногт нэг л удаа зорчих эрхтэй. Мөн Сэлэнгэ болон Дархан-Уул аймгуудын сумдын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 10-ныг дуустал нээнэ. Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдаас ирэх иргэд шинжилгээний бичигтэй байна. Улаанбаатар хотоос бусад газраас Дарханд ирэх иргэд асуумж бөглөөд ирэх боломжтой. Дарханаас хөдөө орон нутаг руу зорчих иргэдийг маргааш 18.00 цаг хүртэл smartdarkhan.com сайтаар бүртгэнэ. Дархан-Уул аймгаас Улаанбаатар руу хүнс тээвэрлэлт хийх гэж буй жолоочид 24 цагийн PCR шинжилгээтэй байна. Бусад шалтгаанаар Улаанбаатар хотоос ирэх иргэдийг сар шинийн баяр дуустал хүлээж авахгүй. Амь насны заалттай болон буяны ажилтай иргэдийн 24 цагийн PCR шинжилгээг нь үндэслэн аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр Дархан-Уул аймагт нэвтрүүлнэ.

"САР ШИНИЙН БАЯР ӨНГӨРТӨЛ УЛААНБААТАР ИРГЭДЭЭ АВАХГҮЙ"

Мөн тэрбээр сэтгүүлчдийн дараах асуултанд хариуллаа.

-Фитнессийн үйлчилгээгээ хянаж чадах уу?

-Бид 13 фитнессийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Өмнөх эрсдэлтэй тохиолдлоос сургамж авсан байх. Камерын бичлэг ч үлдэнэ. Саяны ганц тохиолдол дээр 97 хүнийг тусгаарлалаа. Өмнөх 45 тохиолдолд дээр ийм хэмжээний хүнийг тусгаарлаж байсан юм.

-Сэлэнгэ аймгаас ирэх иргэдийн зорчих хөдөлгөөнийг яаж зохицуулах вэ?

-Сэлэнгэ аймгаас ирэх иргэд асуумж бөглөнө. Энэ асуумжин дээр хэзээ, хаашаа явж, хэнтэй уулзах, явах гэж байгаа зорилго нь бичигдэнэ. Бидний зүгээс Сэлэнгэ аймгийн сумдууд руу асуумжийн загвараа илгээнэ.

-Улаанбаатар хотоос иргэдээ авахгүй юу?

-Сар шинийн баяр дуустал хүлээн авахгүй гэж хатуу шийдсэн. Харин баярын дараа тодорхой шийдвэрүүдийг гаргана. Нэмж хэлэхэд хэн нэгэн хүн улсын онцгой комисс руу эсвэл 11-11 тусгай дугаар руу залгаад аймгийн онцгой комиссын шийдвэрийг цуцлуулах, өөрчлүүлэх гэсэн ойлголт байхгүй. Постон дээр ирчээд хэн нэгэн дарга цэрэг рүү ярьдаг асуудлуудаа болиорой.

– Нийтийн халуун ус нээгдэж байгаа юу?

-Нийтийн халуун ус, саун, бассейн нээгдэж байгаа. Мөн төгсөх 12-р ангийн сурагчдад давтлага өгөх боломжийг бүрдүүлсэн. Саяны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан учир бид хязгаарласан үйлчилгээнүүдээ эргэн нээж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх үү ?

-Хүнсний тусламж, ариутгалын бодисыг авъя гэсэн хүн бүхэнд нь хүргэсэн. Зарим нэн шаардлагатай өрхүүдэд хоёр ч удаа хүргүүлсэн. Гэхдээ одоогоор дахин хүнсний тусламж үзүүлэх талаар төлөвлөгөөгүй байна.

-Дэглэм зөрчсөн иргэнд хариуцлага тооцох үү? 

-Шинжилгээний хариугаа хүлээж чадалгүй фитнессээр үйлчлүүлсэн иргэнийг ирэхээр нь холбогдох арга хэмжээг авна. Ганц хүний хүлээцгүй үйлдлээс болж 96 хүнийг тусгаарлаж, татварын төлөгчдийн мөнгийг зарцууллаа. Бид иргэдийг гэрт нь тусгаарлаж, хаалгыг цоожлоод байж чадахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж