Нисэх онгоц үйлдвэрлэдгээрээ алдартай Боинг компани өнгөрсөн жил цар тахлаас болж 12 тэрбум орчим ам.долларын алдагдалтай ажилласан ч жил бүр ажилчдадаа олгодог урамшуллаа таслалгүйгээр дараа сараас эхлэн олгохоор болсноо зарлажээ. Гэвч урамшуулал авах ажилтнуудын тоо хэвийн үеийнхээс бага байх бололтой хэмээн эх сурвалжууд таамаглаж байгаа юм. Учир нь 2019 онд 737 MAX онгоцны алдаатай ажиллагаанаас болж 636 сая ам.доллар алдсан тул тухайн оны эцэст цөөхөн хүн л урамшууллаар шагнуулсан гэнэ. Харин өдгөө алдаатай онгоцнуудынхаа асуудлыг шийдсэн учир Боинг компани санхүүгээ нөхөх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд 2020 оны ажлын бүтээмжийг нь харгалзан үзэж ажилтнууддаа урамшуулал олгохоор болсон байна.
737 MAX онгоцны асуудлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дунд үед амжилттай шийдсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 8-нд эхний захиалгаа нийлүүлсэн байна. Харин ашиг нь дараа сараас компанид орж ирмэгц ажилчдын урамшууллыг олгож эхлэх гэнэ. Ажилчид мөн менежерүүдээсээ авсан хувийн оноондоо тохируулж урамшуулал авдаг аж. Тухайлбал, 6 оноо авсан ажилтан дараа сард 2020 онд авсан жилийн нийт цалингийнхаа 3.5 хувийг урамшуулал болгон авах аж.
Цар тахлын үед тус компани нийт 20 мянган ажлын байр цомхотгож, 141014 ажилтантай үлдсэн байна.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ