Майдар хот яах вэ, гэр хорооллоо барилгажуулъя!

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

Майдар хот яах вэ, гэр хорооллоо барилгажуулъя!

Майдар хот яах вэ, гэр хорооллоо барилгажуулъя!

Шинэ Засаг Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдье, чинээлэг дундаж давхаргыг бий болгоё гэвэл эхний удаад гэр хорооллыг л барилгажуулах шаардлага байна.

Хаана сул газар байна, тэнд л барилга барих нь зөв гэсэн зарчмаар ажиллах юм бол нийслэлчүүд хүхэр дундаа л хэдэн арван жилийг үдэх болно. Өөрөөр хэлбэл, асуудал шийдэгдэхгүй гэсэн үг.

Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзах үеэрээ “Майдар хотын ажлыг эхлүүлчихмээр байна. Энэ бол дэд бүтцийн асуудал шүү дээ” гэх захиас дайсан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзах үеэрээ Хөшигийн хөндийг түшиглэн Майдар хотыг барих шаардлага байна” гэсэн нь Засгийн газрын иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр тарамдаад гол асуудлаа орхигдуулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж буй.

Учир нь төрөөс хувийн хэвшлийн салбартай хамтран ажиллах хүрээнд гаргах хөрөнгө оруулалт хязгаартай. Өөрөөр хэлбэл, аль нь хамгийн чухал хөрөнгө оруулалт вэ гэдгийг эрэмбэлж, шийдлээ оновчтой гаргахгүй бол татвар төлөгчдийн мөнгө нэг бол салхинд хийсдэг, эс бол газарт булагддаг, аль эсвэл хөрөнгө мөнгөтэй хэсгийг дэмждэг өмнөх алдаагаа л давтах болно.

Жишээ татвал, хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл Ханын материалд нийслэлийн төр захиргааны байрыг барихаар болж, ажил эхлүүлсэн ч албыг нь үргэлжлүүлсэн Су.Батболд уг барилгыг Нүхт рүү болгон байршлыг өөрчилснөөр гэр хорооллыг барилгажуулах төслүүд зогссон.

Үр дүнд нь өнөөдөр Ханын материал, Баянхошуу, 21-р хорооллынхон хүхэр дунд амьдарч байгаа бол  Нүхт орчимд газрыг хэдэн га-гаар нь хашаалсан нөхөд цулайсан.

Майдар хотын сургаар Хөшигийн хөндий орчимд газар хашаалсан нөхөд мөн л ашиг хонжоо хайн, “Майдар хот төслийг даруй эхлүүлэх шаардлагатай” гээд сэвээд сууж байна. Гэтэл энэ төслийг хэрэгжүүлэхэд 300 орчим их наяд төгрөг хэрэгтэй. Монгол Улсын нэгдсэн төсвийг 30 дахин нугалсантай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хот байгуулна гэдэг хөрөнгө мөнгөтэй улсын эхлүүлдэг ажил болохоос биш өрөндөө баригдсан Монгол шиг орны хувьд алс хэтдээ эхлүүлэх ажлын төлөвлөгөөнд багтсан байх л төсөл юм.

За яах вэ, Ерөнхийлөгч зүтгүүлээд, Засгийн газар дэмжээд төслийг эхлүүлдэг юм байж гэж бодъё. Гэр хороололд амьдардаг иргэдийн хэдэн хувь нь тэнд суурьших вэ. Очих хүн байхгүй гээд хэлчихэд “вангадсан” болохгүй. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрын зорилтот бүлгийнхнийг орон сууцтай болгож, яндангийн тоог бууруулах төлөвлөгөө хэрэгжинэ гэж үзэх үндэслэл дээрх төслөөс харагдахгүй байгаа. Харин ч татвар төлөгчдийн мөнгө үргүй зарцуулагдсан бас нэг жишээ болох эрсдэл өндөр.

Тухайлбал, Барилга хот байгуулалтын яам 10 жилийн өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд алслагдмал хороодыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэн, Баянголын ам руу цэвэр, бохирын шугам татсан боловч тэнд хүмүүс суурьшаагүй. Яагаад гэвэл эрчим хүч татаагүйн дээр иргэдийн ажил нь Улаанбаатар хотод, хүүхдийнх нь сургууль гэр хороололд байхад хаа байсан Баянголд хэн очиж амьдрах юм бэ.

Эрчим хүчний яам мөн Буянт-Ухаа шинэ суурьшлын бүс болох нь гээд 35-ын станц барьтал цэвэр бохирын шугам нь тавигдаагүйгээс татвар төлөгчдийн мөнгө газарт булагдан, үр ашиггүй хөрөнгө оруулалт болж, “зэвэрсэн” гээд тоочвол яам хооронд ойлголцдоггүй юм уу, эсвэл хөрөнгө мөнгө нь тарамдсан уу, зорилгодоо хүрээгүй ажил цөөнгүй байна.

Иймээс шинэ Засгийн газар адууныхаа хэрээр исгэрч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй л бол байгаа хүч, хөрөнгөө тарамдуулбал Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг ч бууруулж чадахгүй, дундаж давхаргыг ч шинээр бий болгож чадахгүй бүрэн эрхээ дуусгахыг үгүйсгэхгүй.

Уг нь өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд дэд бүтцийг татах ажлууд нэлээд хийгдсэн. Гэвч барилгажуулах ажил өргөн далайцтай явж чадахгүй байна.

Түүн рүү төр хувийн хэвшилтэйгээ хамтраад зүтгэвэл наанадаж гэр хорооллын 220 мянган өрхийн асуудлыг цаашлаад нийслэлд амьдарч буй 1.7 сая иргэн агаар, хөрсний бохирдолгүй орчинд амьдрах боломжтой болох юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Монголбанкинд эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй найман их наяд төгрөг байна” гэсэн. Түүнийхээ тодорхой хувийг энэ онд гэр хорооллын тэдэн хувийг нь барилгажуулахад зарцуулъя гэхчлэнгээр төлөвлөгөө гаргаад зүтгэвэл хувийн хэвшлүүд, мөн гэр хорооллын иргэд гар өргөөд л дэмжээд зүтгэнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж