"Орон нутагт төсөв, өмч, боловсон хүчний эрх мэдлийг өгсөн"

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

"Орон нутагт төсөв, өмч, боловсон хүчний эрх мэдлийг өгсөн"

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүд тус Байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр /2021.02.03/ мэдээлэл хийлээ.


УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-Намрын чуулган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хамгийн урт хугацаанд хуралдаж завсарлалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооноос  нийт 13 хууль батлагдсан. Үүнээс хамгийн том хууль болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг намрын чуулганаар баталлаа. Энэ хууль бол Үндсэн хуулийн дараа ордог Бага Үндсэн хууль гэж үздэг. Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн сонгууль болсон учраас хэлэлцүүлгийг түр зогсоогоод шинээр бүрдсэн Иргэдийн хурлын төлөөлөгчдөөс саналуудыг нь авч тусгасан. Засаг захиргаа  нэгжийн тухай хуулиар хийсэн хамгийн том реформ олон жил ярьсан орон нутагт эрх мэдлийг шилжүүлсэн. Орон нутаг яагаад хөгжихгүй байв гэхээр төсөв, өмч, боловсон хүчний эрх мэдэл байдаггүй байсантай шууд холбоотой. Тиймээс энэ хуулиар төсвийн, өмчийн, боловсон хүчний гэсэн гурван эрх мэдлийг орон нутагт бий болгосон.Мөн сум, аймаг, нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид хариуцлага алдсан тохиолдолд эгүүлэн татах зохицуулалттай болсон. Сумын Иргэдийн хурал улс төрийн намын бүлэг байгуулахгүй гэх мэт улс төрөөс хараат нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэхэд томоохон өөрчлөлтүүд орсон.

Мөн дараагийн том хууль болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Н.Энхболд ажилласан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг УИХ-аар баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан. Энэ дагуу шинээр байгуулагдсан Засгийн газарт Хөгжлийн яам байгуулах чиглэлийг өгсөн. Намраас  шинээр байгуулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бодлого тогтвортой байгаагүй  нь хөгжилд том тушаа болсон. Мөн ТББХ Сахилга, ёс зүй, Инновацийн байнгын хороотой хамтраад Төрийн албаны цахим шилжилтийг хэрэгжүүлэх хүрээнд хэлэлцүүлгүүд зохион байгуулсан.  Төрийн албаны бүх үйлчилгээг цахимд шилжүүлснээр төрийн албан дахь авлига, хээл хахуулийг арилгана. Байнгын хорооны гишүүд цар тахлын үед нүүр тулан ажиллаж байгаа төрийн үйлчилгээний алба хаагчдыг эхний ээлжид вакцинжуулах асуудлаар ОХУ, Канад, АНУ, Япон, Их Британи, Англи зэрэг орнуудаас манай улсад суугаа Элчин сайдуудтай уулзаж, ярилцсан. Нэн түрүүнд вакцинд хамрагдах 20 мянга гаруй төрийн албан хаагч бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль  2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Хуулийн хэрэгжилтийг хангахад бэлтгэл ажил их байна. Засгийн газрын анхаарч ажиллах чиглэд тогтоолууд ч гарсан. Зарим заалтууд нь 2024 оноос мөрдөгдөнө. Тухайлбал, багийн Засаг даргатай холбоотой заалт 2024 онд хэрэгжинэ. Мөн Сумын Иргэдийн хурал улс төрийн намын бүлэг байгуулахгүй гэсэн заалт 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараагаас хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол захиргааны реформын суурь хөрсийг бүрдүүлнэ. Энэ хуулийг дагаад 300 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн хувьсгалын зорилтын нэг хэсэг мөнөөсөө мөн. Аймаг, сум, нийслэл, дүүрэг хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй байна гэсэн заалт өнгөрсөн хугацаанд хангалтгүй явж ирсэн. Монгол Улсын хариуцлагын тогтолцоо олон жил алдагдаж ирсний нэг суурь шалтгаан нь энэ. Төв, орон нутгийн чиг үүргийг түвшин түвшинд нь хуваарилаагүй. Нэгэнт ингэж  хуваарилагдаагүй учраас хяналт тавих боломжгүй болчихож байгаа юм. Бүхнийг бие биеээсээ шаарддаг ийм тогтолцоотой болсон.

Ерөнхийлөгчөөс багийн ажлыг, хорооны ажлыг  ч шаардах боломжтой. Гэтэл тэнд үүссэн хариуцлагыг бүгд хариуцах мэт эзэнгүйдсэн төрийн тогтолцоо эндээс л эхэлсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нэгдүгээр төрийн байгууллагуудыг нэгдмэл байлгах зарчмыг ажлын хэсэг барьж ажилласан. Хоёрдугаарт, төрийн удирдлага нутгийн өөрөө удирдах ёс хосолно гэсэн зарчмыг баримталсан. Гуравдугаарт нутгийн удирдах ёсыг өмчийн, санхүүгийн, төсвийн бүхий л хэлбэрээр бэхжүүлэх мөн анх удаар хамгаалалтын механизмыг бий болгосон. Нутгийн удирдлагын төлөөлөл гэдгийг бий болгосон гэсэн үг. Энэ төлөөлөл нь  цаашид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх ашгийг илэрхийлж, төсөв, хууль тогтоол боловсруулдаг байх мөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон. Хэтэрхий төв засгийн эрх мэдлийг өглөө эсвэл нутгийн өөрөө удирдах ёсыг хэт дөвийлгөж нэгдмэл улсын бодлогыг алдагдууллаа гэсэн шүүмжлэлүүд гарсан. Гэвч тийм биш юм. Хоёул огтолцож байж тэнцвэржинэ. Нэг талаас төрийн хяналтыг хүчтэй болгох, нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байдлыг бий болгоно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дагуулсан хамгийн их шүүмжлэл болох дээд шатны Засаг даргын нэр дэвшүүлэлтэд Ерөнхий сайдын оролцоог нэмэгдүүлэх тухай заалт. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч ирэх хавар зохих өөрчлөлтийг оруулна. Үндсэн хуулийн дагуу хууль биелүүлэх эрхийг Ерөнхий сайдад өгсөн. Тэгвэл бүх шатанд гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд  хуулийн хэрэгжилтийг хангахад төв засаг  нь хариуцлага тооцдог байх ёстой. Энэ хуулиар мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн. Улс орныг цэгцлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахад хамгийн чухал хууль болсон.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталсан бол одоо хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийг ярих ёстой. Ерөнхийлөгч гэдэг хүн ямар эрх мэдэл, үүрэгтэй байх уу гэдгийг тодорхой болгоно гэсэн үг. Өмнөх нь сонгуулийн нэг хуулиар УИХ, орон нутаг, ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулдаг байсан бол тус тусад нь салгасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа иргэдээсээ саналыг нь авахаар  оруулсан.Хуулийн батлахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газартай нягт ажилласан. Олон удаа ажлын хэсэг хуралдаж, заалт тус бүрийг  хэд хэдэн удаа эргэж харсан. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх тухай асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар тодорхой тусгасан. Ял эдэлж байгаа болон авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй.  Сонгогчдын саналыг машинаар тоолохоос гадна бүх саналыг гараар давхар тоолно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж