Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Саед Хатибзадех өчигдөр/2021.02.02/ байгаль бохирдуулсан хэргээр саатуулсан Солонгосын хөлөг онгоцны багийнханд нутаг буцахыг зөвшөөрснөө зарлажээ. Тэрбээр “БНСУ-ын засгийн газрын хүсэлтээр Ираны эрх баригчид хүнлэг шийдвэр гаргаж Персийн буланд байгаль бохирдуулснаасаа болж саатуулагдсан Солонгосын хөлөг онгоцны багийнханд нутаг буцах зөвшөөрөл өглөө” хэмээн мэдээлжээ. Гэвч хөлөг онгоц болон хөлгийн ахмадад хуулийн хариуцлага хүлээлгэх хэвээрээ гэнэ. Мөн гадаад хэргийн орлогч сайд Аббас Аракчи БНСУ-ын гадаад хэргийн яамны Чой Жун Күнтэй утсаар холбогдож саатуулагдсан 19 далайчинг өршөөх тухай болон АНУ-ын хориг арга хэмжээнээс болж Сөүлд гацсан Ираны 7 тэрбум ам.долларын асуудлаар ярилцжээ.
Утсаар ярьсны дараа БНСУ-ын гадаад хэргийн яам “Хоёр тал хамгийн эхний ээлжинд тулгамдаад буй чухал асуудал буюу саатуулагдсан далайчдыг суллах асуудал дээр байр сууриа солилцсон. Харин түүний дараа АНУ-ын хориг арга хэмжээнээс болж Сөүлийн банкуудад гацсан ираны мөнгийг гаргаж авахын тулд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо” хэмээн мэдэгджээ. Харин Ираны тал “Чой бидэнд аль болох яаралтай Ираны гацсан мөнгийг гарган авах талаар АНУ-тай ярилцахаа амласан” хэмээн хэлжээ.
Өмнө нь Иран хөлөг онгоц болон хөлгийн 20 гишүүнтэй багийг суллахаас татгалзан “барьцаалж” байгаагаа мэдэгдээд, Сөүлийг Ираны мөнгийг “барьцаалсан” хэмээн шүүмжилж байсан билээ.
Дональд Трамп Ираны 2015 онд байгуулсан цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргасныхаа дараа 2018 онд Тегеранд хориг арга хэмжээ авснаас болоод Ираны 7 тэрбум ам.доллар Өмнөд Солонгост гацсан билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ