ТРАМПЫН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛСНЭЭР ОЛОН МЯНГАН ХҮНИЙГ ЭРГЭЛЗЭЭНД ҮЛДЭЭВ
Эх орныхоо хүнд дарамтаас зугтааж, АНУ-д цагаачлах хүсэлтэй хэдэн мянган хүн Вашингтоноос хариу хүлээн Мексикийн хилийн Матаморос хотод майхандаа хоноглосоор жил гаруй хугацаа өнгөрсөн. Тэд Дональд Трамп “Цагаачид хүмүүнлэгийн ажлын нэр барьж, хялбар аргаар АНУ-д ирж байна” хэмээн үзэж, цагаачдын бодлогоо чангалснаас хойш ийнхүү АНУ-ын босгон дээр гацаад буй юм.
Харин Жо Байден сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Трампын дээрх бодлогыг “хүнлэг бус” хэмээн хүчтэй шүүмжилж, сонгуульд ялбал хамгийн түрүүнд Трампын хилийн бодлогыг өөрчилнө хэмээн амлаж байсан билээ. Гэвч өдгөө Жо Байден албан ёсоор Ерөнхийлөгчийн суудалд суусан ч зарим зүйлийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, тэр болтол одоо байгаа хэвэнд нь үлдээхээр шийджээ. Учир нь чухал шийдвэрүүд гаргахад цар тахал саад болж байна хэмээн түүний багийнхан мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Байден тангараг өргөсөн эхний өдөртөө АНУ-аас орогнол хүссэн цагаачдыг “Мексикт үлдээх” хөтөлбөрийг зогсоосон билээ. Түүнчлэн тэрбээр энэ долоо хоногт зарим бодлого болон цагаачдад тавьсан зарим хязгаарлалтыг эцэслэн шийдвэрлэхээр болсон аж. Гэвч шүүхийн тэмдэглэл, өмгөөлөгчдийн мэдээлж байгаагаар шинэ Ерөнхийлөгч цагаачдын асуудлаас амар салахын тулд Трампын баримталж байсан бодлогыг үргэлжлүүлж, дүрвэгчдийг, тэр дундаа хүүхэдтэй гэр бүлүүдэд АНУ-аас орогнол хүсэхийг зөвшөөрөхгүй байгаа гэнэ.
Мөн засгийн газрын зүгээс өдгөө Вашингтоны хариуг хүлээн Мексикт гацсан 20 мянган цагаачийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа юм.
АМЛАЛТААСАА ЗӨРЖ ХЭДЭН ЗУУН ХҮНИЙГ НУТАГ БУЦААВ
Түүнээс гадна Жо Байден сурталчилгааныхаа үеэр АНУ-аас гадаад иргэдийг хууль бусаар албадан гаргахыг болиулахаа амлаж байсан ч Ерөнхийлөгч болсон эхний өдрүүддээ хэдэн зуун цагаачийг албадан нутаг буцаажээ.
Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт холбооны шүүхээс Жо Байденд 100 хоногийн хугацаанд албадан нутаг буцаах үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан ч АНУ-ын цагаачлал, гаалийн алба сануулгыг үл тоон сүүлийн долоо хоногт ойролцоогоор 3 улсад албадан нутаг буцаах ажил гүйцэтгэжээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 28-нд 15 хүнийг Ямайка руу, дараа өдөр нь 269 хүнийг Гватемала, Гондурас руу, энэ сарын 1-нд дахин хэдэн арван хүнийг нутаг буцаасан байна.
Гэвч тэдгээр нутаг буцсан хүмүүсийн чухам хэчнээн нь үнэхээр хууль бусаар хил давсан, үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн амар амгаланд халтай байсан нь тодорхогүй үлдсэн юм.
Нутаг буцаж буй хүмүүсийн дунд 2019 оны 23 хүн нас барсан аймшигт аллагын гэрч Роза бий гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хуульчтайгаа уулзахаар явж байгаад машиных нь гэрэл эвдэрсэн гэх шалтгаанаар цагдаад баригдан, хуульчтайгаа уулзаж амжилгүй цагаачлалын албанд саатуулагдсан байна. Түүнийг нутаг буцаахаас өмнө гэмт хэрэг, хүчирхийллээрээ зартай Эл Пасогийн шоронд байлгахаар болсон гэнэ. Эл Пасо дүүргийн өмгөөлөгчдийн мэдээлж байгаагаар гэмт хэргийн хохирогчдод виз өгөх зохицуулалт байдаг гэнэ. Гэвч тэд Розаг хохирогч биш тул дээрх зохицуулалтад хамаарахгүй хэмээн үзэж байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Жо Байден, Камала Харрис нар хоёул Трампын албадан нутаг буцаах арга барилыг эрс буруушаан шүүмжилж байсан ч эрх мэдлийг гартаа авмагцаа ижил зүйл хийж байгаа нь олны бухимдлыг төрүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: REUTERS; ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ