Гэр бүл, нийгмийнхээ асуудал болохыг хүсдэггүй загварлаг Кан

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

Гэр бүл, нийгмийнхээ асуудал болохыг хүсдэггүй загварлаг Кан

Гэр бүл, нийгмийнхээ асуудал болохыг хүсдэггүй загварлаг Кан

“Хөгшин хүн загварлаг хувцаслаж болохгүй гэж хэн нэгэн хэлээгүй биз дээ. Хүмүүс тэтгэвэрт гараад л өөрийгөө нийгмээс тусгаарлачихдаг. Энэ бол маш буруу. Миний насны хүмүүс хувцас загварын талаар огт боддоггүй. Ихэвчлэн хар, цагаан эсвэл саарал өнгийн хувцас өмсдөг. Харин би тийм байдалд дургүй, аль болох өнгөлөг, залуу харагдах хувцасыг сонгож өмсдөг. Хувцас бол хүний биеийг халхлах, дулаан байлгах үүрэгтэй эд болохоос биш хувцасны өнгөнд нас гэж байх ёсгүй” хэмээн “TikTok” сүлжээний загварлаг охид, хөвгүүдээс дутахгүй гялалзаж яваа 83 настай Хятад өвөө Кан ярьжээ.

Хубэй мужийн Ухань хотын иргэн Канг овогт одоо 83 настай.  Өнгөрсөн жил ач хүүгийнхээ хийсэн бичлэгийг “TikTok” сүлжээнд байршуултал ердөө гурван өдрийн дотор хоёр сая гаруй  хандалт авч, үүнээс хойш төрөл бүрийн хувцас сольж өмссөн эрч хүчтэй өвөөгийн бичлэг цахим сүлжээний хэрэглэгчдийг бишрүүлэх болжээ.

Нас бол тоо гэдгийг биеэрээ үлгэрлэж яваа Канг өвөө одоо ч загварын влогоо хөтлөсөөр байгаа ба 600 мянга орчим дагагчтай болсон байна. Барууны сонгодог хослолоос эхлээд к-поп стилийн чөлөөт хувцас, эртний Хятадын үндэсний хувцас, хип хоп стилийн өргөн өмд, саравчтай малгай гээд түүний хувцасны шүүгээнд байхгүй хувцас гэж байхгүй. Загварын влогтоо өмсөх хувцасаа сонгохдоо тэр интернетээр эрэл хайгуул хийж, сүүлийн үеийн загварын чиг хандлагуудыг судалдаг гэнэ.

Түүний хэлснээр хувцас нь хүмүүсийн гоо сайхныг тодотгохоос гадна тэдний амьдралд хандах хандлагыг илэрхийлдэг гэв.

“Зарим ахмадууд тэтгэвэрт гарсныхаа дараа амьдрал нь тэр чигтээ гунигтай болж эхэлдэг. Энэ нь тухайн хүнийг сэтгэл санаагаар нь улам хөгшрүүлж байдаг. Би ахмадууддаа хандаж дуусан дуустлаа өөрийн амьдралаасаа таашаал аваасай гэж уриалмаар байна. Мөн спортоор хичээллэж, хөдөлгөөнтэй байх маш чухал. Гэртээ байгаа гээд өдөржин сууж, эсвэл хэвтэж өнгөрөөж болохгүй. Хөдөлгөөн хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Хөгширсөн ч гэсэн спортоор хичээллэж байх нь чухал. Нийгэм болон гэр бүлийнхнийхээ асуудал болж болохгүй шүү дээ” хэмээн Кан өвөө хэлжээ.

Амьдралынхаа 40 гаруй жилийг боловсролын салбарт багшилж өнгөрөөсөн тэрбээр одоо ч шинэ содон зүйлийг турших дуртай. Сагсан бөмбөг, туялзуур сэлэм, фитнессээр хичээллэхээс гадна ач хүүтэйгээ аялах дуртай гэнэ. Залуугаасаа л хувцас загварт дурлаж, загварлаг хувцаслахыг эрхэмлэдэг байсан Кан өвөө цахим сүлжээгээр зөвхөн загварын влог хөтлөх бус өөрийн дагагч нартаа амьдралын талаар зөвлөгөө өгдөг байна.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж