Ховор ан амьтдыг зуд турхныг давахад нь туслах “Нэг хүн-нэг боодол өвс” сайн дурын аяныг залуус санаачлан нэгджээ. Энэ жил цас их орж, өвөлжилт хүндэрсний улмаас тодорхой тооны буга, аргаль, янгир, цагаан зээр өвс тэжээлийн дутагдлаас болж хорогдож эхэлсэн.
Тиймээс залуус шаардлагатай цэгүүдэд өвс тэжээл, хужир шүү тавьж өгөх сайн дурын ажлыг эхлүүлж, хүмүүсийг байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалахыг уриалж байна. Ингээд аяныг санаачлагч, “Мөнх ногоон хөтөч” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Ховор ан амьтдад туслах сайн дурын аяныг энэ жил анх удаа өрнүүлж байна уу?
-Тийм ээ. Бид энэ жил анх удаа “Нэг хүн-нэг боодол өвс” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Монгол орны төв хэсгээр зуншлага их муу болж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Тиймээс аялал жуулчлалын салбарын залуус нэгдэн “Мөнх ногоон хөтөч” төрийн бус байгууллагаараа дамжуулан хандивын аян өрнүүлж, Өвөрхангай аймгийг сонгон авч, зэрлэг ан амьтдад өвс, тэжээл, хужир шүү тараах ажлыг эхлүүлсэн. Цаашид жил бүр бусад аймгуудаар энэ аяныг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Одоогийн байдлаар сайн дурын аянд хэчнээн хүн нэгдээд байна вэ?
-Бид Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын холбоо болон аймгийн гэрэл зурагчдын холбоо, Орхоны хөндий тусгай хамгаалалтын газрын захиргаатай хамтран шаардлагатай цэгүүдэд өвс тэжээл, хужир шүү тавьж өгч, олон нийтийг мөн идэвхтэй оролцож, хандив тусламж үзүүлэхийг уриалж байна.
Аймгийн Байгаль орчны газар, Орхоны хөндий тусгай хамгаалалттай газар, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Залуус сайн дурын аянаа зохион байгуулж, орон нутгийн байгаль хамгаалагчид беотехникийн арга хэмжээг авдаг юм.
Учир нь ховор ан амьтад нууцлагдмал газар байдаг учраас өвс тэжээлийг тандалт судалгаа хийж, шаардлагатай газар нь хүргэж өгөх ёстой. Одоогийн байдлаар аянаа эхлээд удаагүй байгаа ч 100 гаруй хүн нэгдээд байна.
-Сайн дурын аяныг хэр хугацаанд өрнүүлэх бол?
-Залуустайгаа ярилцаад хоёрдугаар сарын 28 хүртэл өрнүүлэхээр төлөвлөж байсан. Ингэхдээ тусгай хамгаалалттай газрын зэрлэг ан амьтдад долоо хоногийн давтамжтайгаар өвс, тэжээлийг нь тавьж өгдөг. Өвс тэжээлээ тавьж буй хүмүүс маань холоос татдаг дурантай аппаратаар зургийг нь дарж, баталгаажуулж бичлэг хийсэн.
Ер нь энэ аяныг тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Цаашдаа сайн дурын аяныг жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн.
“ЗЭРЛЭГ АН АМЬТАД ӨВС ТЭЖЭЭЛДЭЭ ХАВЧИГДАЖ, МАЛЧНЫ ХОТ РУУ ОРОХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА ”
Өвөрхангай аймгийн сайн дурын идэвхтэн байгаль хамгаалагч, гэрэл зурагчин Г.Сүхбаатартай утсаар холбогдож, сайн дурын аянд хэрхэн нэгдэж буй талаар тодрууллаа.
-Гэрэл зурагчин бас идэвхтэн байгаль хамгаалагч болсон гэсэн үү?
– Гэрэл зурагчин хүн. Аймгийнхаа есөн гайхамшгийг гэрэл зургийн хальснаа буулгаж, 19 сумдаар явсан. Тиймээс хаана зэрлэг ан амьтан байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Өвсөө үүрээд л гэрэл зургаа дараад явдаг даа.
-Сайхан өвөлжиж байна уу. Өвөрхангай аймагт өвөлжил хэр байна вэ?
-Манай аймгийн олон суманд зуншлага их тааруу байсан. Тиймээс өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Говийн сумдаар хур бороо бага орсноос өвс ногоо сайн ургаагүй. Хавар жаахан бутлаг ургамлууд ургаснаас өөр өвс, ургамал алга. Үүний улмаас ховор ан амьтад хангай руугаа шахагдаж эхэлсэн. Нутгийн байгаль хамгаалагчид болон сайн дурынхан арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлээд л өвс тэжээл тавьж өгөх ажлыг хийж байна.
Өвөрхангай аймаг нь хангай, тал хээр, говийн бүс нутагтай. Тийм учраас хангай, говь хосолсон зэрлэг амьтад олон бий. Хангайн бүс битүү цастай учраас зэрлэг амьтад цасаа ухаж идэж чаддаггүй. Халиу буга гэхэд тусгай хамгаалалттай цэгүүдэд 200-300 орчим тоо толгой байдаг. Нутгийн малчид арай нэг өвс ногоо сайтай газарт бууснаас зэрлэг ан амьтад өвс тэжээлдээ хавчигдаад ганц нэг нь малчны хот руу орох тохиолдол гарч байна.
-Байгаль хамгаалагчид болон сайн дурынхан хэдэн км алхаж, өвс тэжээлээ тавьдаг бол?
-Зэрлэг ан амьтан байгаа цэгээ тодорхойлж байж өвс тэжээлээ тавьдаг. Нутгийн иргэдтэй ярилцаж, тандалт хийнэ. Өвөрхангай аймагт тодорхой болсон хэдэн цэг бий. Тус аймгийн Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөг, Есөнзүйл, Уянга, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Сант, Бүрд сумын нийт 86 цэгт ховор ан амьтад болох аргаль, янгир, халиу буга, цагаан зээр зэрэгт хужир шүү, өвс тэжээл тавьж өгөх биотехникийн арга хэмжээг авдаг. Жишээлбэл, Өшгөгийн нуруунд 200 гаруй аргаль өвөлжиж байна.
Нэг боодол өвсийг аргаль хагас сарын хугацаанд иддэг. Машин тэрэг уулын орой руу өгсөх боломжгүй учраас явган алхаж өвсөө тавьдаг. Уулын ёроолоос хамгийн багадаа 500 метр, нэг километр газар алхана. Хүн хүч багатай байвал 80 боодол өвсийг тараахаар нэг хүн зургаан удаа уул руу авирч, бууна. Нэг боодол өвс 12000-15000 мянган төгрөгийн үнэтэй байгаа ч бид хамгийн ногоон, нарийн ширхэгтэй, гоё үнэртэй өвсийг сонгон авч байгаа.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ