Сурагчдын 20 хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна!

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

Сурагчдын 20 хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна!

Сурагчдын 20 хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна!

Хүн эхээс төрөхдөө амьдрах орчин, аав  ээжийгээ сонгож төрдөггүй. Амьдралын боломж, нөхцөл тааруу гэр бүлд төрсөн л бол боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжгүй байж болохгүй. Гэртээ теле хичээл үзэх боломжгүй байгаа сурагчдыг ингээд зөнгөөр нь орхих гэж үү.

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл теле цахим хичээлийн хүртээмжийг судлахад теле хичээл нийт сурагчдын 80 хувьд нь хүрдэг, сурагчдын 20 хувь нь хичээлд огт хамрагдаж чаддаггүй гэсэн дүн гарчээ. Эдгээр 20 хувьд боловсролын үйлчилгээг хэрхэн хүргэх нь эргэлзээтэй байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Хэвлэмэл хэлбэрээр бие даах материал, гарын авлага хүргүүлэх, эдгээр сурагчидтай багш нар нь эргэх холбоотой ажиллах тал дээр анхаарч байна. Үүнд сум болон багийн дарга нарын оролцоо чухал.” гэхээс өөр талбайр өгсөнгүй. Цахим хэлбэрээр хичээллээд нэлээд хугацаа өнгөрчихөөд байхад теле хичээлд хамрагдаж чадахгүй байгаа сурагчдын асуудлыг шийдэж чадаагүй байгаа нь дэндүү харамсалтай. Уг нь тараах материал аль хэдийнээ сурагчдын гар дээр хүрчихсэн байсан бол олон хүүхэд хичээлээс хоцрохгүй, бусадтайгаа зэрэгцэн суралцах боломжтой байх байлаа.

Монгол Улсын хэмжээнд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд шинэ коронавирусээс шалтгаалж хөл хорионд орж, теле, цахим хичээлд хамрагдаж байгаа. Үүнээс 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа юм. Гэвч сурагчдын 57 хувь нь теле хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг дунд болон муу гэж дүгнэсэн. Гэвч энэ байдлыг засч, сайжруулах тал дээр дорвитой ажил хийхгүй л байна.

Хүртээмжтэй байдлын хувьд теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэж судлах боломжгүй байсан байна. Ялангуяа малчин айлын хүүхдүүд, нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг бүлгийн хүүхдүүд, хичээлийн хоцрогдолтой байгаа сурагчид теле хичээлээр дамжуулан сурч боловсрох тал дээр хоцрогдох эрсдэл өндөр байгаа нь ажиглагджээ. Тодруулбал, отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд бий гэх тооцоолол бий.

Цас зуданд зүдэрч яваа ээж аавдаа дэм болж, хэдэн малтай ноцолдоод хичээл хийх боломжгүй байгаа, угаас дэд бүтэцгүй газарт амьдран суугаа хүүхдүүдэд өөрсдийн нөхцөлд нь тохирсон хэлбэрээр, тараах материалаар дамжуулан хичээлээ явуулах боломжтой ч энэ бүхэн хэрэгжихгүй байгаа нь, тэдэн рүү чиглэсэн ямар ч ажил хийхгүй байгаа нь харамсалтай.

Covid-ийн нөхцөл байдлыг харгалзан хичээлийг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулж байгаа ч Боловсрол, шинжлэх ухааны яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүлсэн. Бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь уг саналыг дахин хэлэлцэх юм.

 Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж