Москвагийн Симоновскийн шүүх ОХУ-ын Ял шийтгэл гүйцэтгэх холбооны албанаас хүсэлт гаргасны дагуу Алексей Навальныйд “Ив роше”-гийн хэргээр оноосон 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг хорих ял болгон өөрчиллөө. Шүүгч Наталъя Репникова тус албаны хүсэлтийг хангасан тухай шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулав. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Алексей Навальныйг урьдчилан хорих төвд саатуулах юм байна. Энэ талаар шүүгч Репникова хэлэхдээ "Шүүх Навальныйд оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ял болгон өөрчилсөн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авна" гэжээ.
Навальный жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэх аж. Урьдчилсан мэдээллээр, “Ив Роше”-гийн хэргийн урьдчилсан мөрдөн байцаалтын явцад гэрийн хорионд байсан нэг жил орчим (11 сар) хугацааг хасч тооцсоноор тэрбээр 2.5 жил шоронд хоригдох юм байна.
Москвагийн Замоскворецкийн шүүх 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Алексей Навальныйг ах Олегтойгоо хамтран “Ив Роше” фирмийн ОХУ дахь салбарт хувийн компаниараа дамжуулан үйлчилгээ үзүүлэхдээ үндэслэлгүйгээр хэтэрхий өндөр үнэ хөлс авч, 55 сая рублийн хохирол учруулсан гэх хэргээр шүүж, 3.5 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн аж.
Москвагийн шүүхийн шийдвэр Навальныйг дэмжигчдийн уур хилэнг бадрааж болзошгүй хэмээн CNN агентлаг мэдээндээ дурдсан байна. Учир нь сүүлийн хоёр амралтын өдрүүдэд олон мянган оросууд Навальныйг суллахыг шаардан, эсэргүүцлийн жагсаалд хийсэн. Түүний холбоотнууд энэ амралтын өдрүүдэд ч улс даяар эсэргүүцлийн жагсаалд оролцохыг оросуудад уриалжээ.
Алексей Навальный өнгөрсөн оны наймдугаар сард Сибирьт ажлаар явж байхдаа “Новичок” бодист хордож, улмаар Германд очин таван сар эмчлүүлээд, нэгдүгээр сарын 17-нд эх орондоо эргэн ирсэн. Түүнийг Москвад онгоцноос буумагц "тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад хил давсан" гэх үндэслэлээр 30 хоног баривчилсан билээ.
Навальный өөрийг нь Путин болон ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаныхан хордуулсан гэж мэдэгдсэн ч Кремлиэс удаа дараа няцаасан юм.
Эх сурвалж: TASS, CNN
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ