АНУ-д ажилгүйдэл 2031 он хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

АНУ-д ажилгүйдэл 2031 он хүртэл үргэлжилнэ

АНУ-д ажилгүйдэл 2031 он хүртэл үргэлжилнэ

АНУ-ын ажилгүйдлийн түвшин ирэх 10 жилийн хугацаанд цар тахлын өмнөх хэмжээндээ хүрч чадахгүй хэмээн Вашингтоны нам бус засгийн газрын бүлэг болох Конгрессийн төсвийн алба албан ёсоор мэдээлжээ. Цар тахал АНУ-ыг нөмрөхөөс өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын байдлаар АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.5 хувь буюу сүүлийн хагас зууны хамгийн бага түвшинд очоод байжээ.

Гэвч эрх баригчдын дүгнэснээр цар тахлыг вакцины тусламжтай дарсны дараа ч хүмүүс шинээр ажил олох, хуучин эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байх аж.

Харин эдийн засгийн өсөлтийн хувьд энэ жил харьцангуй хурдан байна хэмээн Конгрессийн төсвийн алба тооцоолжээ. Тэдний мэдээлж байгаагаар энэ жил эдийн засаг зарим мэргэжилтнүүдийн тооцоолж байснаас илүү хурдан буюу 4.6 хувиар өсөх төлөвтэй байгаа гэнэ.

Гэхдээ дээрх тооцоололд энэ жил засгийн газрын цар тахалтай хийх тэмцэлд зарцуулагдаж магадгүй зардлуудыг багтаагаагүй аж. Ажилгүйдлийн хувьд бол энэ жил 5.7 хувь болтлоо буурч, 2022 онд бага зэрэг сайжирч 5 хувь, 2026-2031 онд дунджаар 4.7 хувьтай байх шинжтэй байгаа гэнэ.

Эдийн засагчдын үзэж байгаагаар засгийн газар АНУ-ын эдийн засагт цар тахлын учруулах хохирлыг багасгах арга хэмжээ авахад одоо ч оройтоогүй гэнэ. “Ажилгүйдлийн хэмжээ хэт бага байх нь хэт их байхаасаа илүү өндөр эрсдэлтэй гэх үзлийг Конгрессийн төсвийн албаны тооцоолол баталж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нарын шилдэг эдийн засгийн зөвлөх байсан Джин Сперлинг ярьжээ.

Тэрбээр холбооны нөөцийн урьдчилсан тооцоонд үндэслэн бага цалинтай ажилчдын хувьд ажилгүйдэл их хямралын үеийнхтэй төстэй хэмжээнд буюу 20 хувь байгааг онцолжээ. Харин харьцуулж үзвэл өндөр цалинтай ажилчдын хувьд ажилгүйдэл таван хувь байгаа гэнэ.

Конгрессийн төсвийн албаны энэхүү тооцоо нь Конгрессийг Ерөнхийлөгч Жо Байдентай холбох гүүр болж магадгүй юм. Ерөнхийлөгч Жо Байден яаралтай тусламж хэмээн 1.9 их наяд ам.доллар тараах арга судалж байгаа гэнэ. Үүнд шаардлагатай өрхүүдэд 1400 ам.долларын чек тараах, ажилгүйчүүдэд 400 ам.долларын тэтгэмж өгөх, орон нутгийн засгийн газруудад болон вакцины санд мөнгө нэмэрлэх зэрэг ажил багтаж байгаа аж. Гэвч Бүгд найрамдахчууд Байдены төлөвлөгөөнд багтсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн 15 ам.доллар болгох гэх мэт арга хэмжээг цар тахалтай холбоогүй хэмээн үзэж, эсэргүүцэж байгаа аж. Тэд зөвхөн цар тахалтай тэмцэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээнүүдийг дэмжихээ илэрхийлсэн байна.

Энэ сарын 1-нд Бүгд найрамдах намын төвийг сахигч 10 сенаторын эвсэл Байденд өөрсдийн санаачилсан 618 тэрбум ам.долларын тусламжийн саналыг өргөн барьсан бөгөөд дараад нь түүнтэй уулзахаар төлөвлөжээ.

Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэвлэлийн бага хурал дээр “Конгрессийн төсвийн албаны тооцоо нь бүх америк айлуудын хэрхэн ажиллаж, аж төрж байгаа, бөгөөд бүх ард түмэн шаардлагатай тусламж, халамжаа авч чадаж байгаа эсэхийг хэмжих хэмжүүр биш юм” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж